Ардын уран зохиолч П.Бадарч: Ц.Хуланг тагнуулч гэхэд хэн итгэх юм
2023/02/07
Яруу найрагч Цоодолын Хуланг гадны байгууллагатай холбоотой, улсын нууц задруулсан байж болзошгүй гэж үзэж Тагнуулын ерөнхий газраас баривчлан саатуулж, улмаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан.
Итгэхийн аргагүй, нийгмийг цочирдуулсан энэ үйл явдлыг сонссон хэн бүхэн эргэлзэн гайхаж, санал бодлоо илэрхийлсээр буй. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай үүссэн нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй тун гуниглангуй сууна. Буурал найрагчтай цөөн хором хөөрөлдөв.
-Ц.Хулан найрагчийг барьсан, хорьсон мэдээлэл гарснаас хойш ард түмний гайхшрал, эргэлзээ, үл итгэл "газар авлаа". Энэ мэдээлэл танд яаж тусав?
-Огт итгээгүй. Итгэх ч үгүй. Юун тагнуул, юун эх орноосоо урвасан явдал вэ. Одоо цагт жинхэнэ яруу найрагч маш ховордсон. Маш ховордсон шүү. Харин манай Цоодолын Хулан бол сайн яруу найрагч.
Шилдэг найрагчийн нэг бол тэр яах аргагүй мөн. Олон сайхан номтой. Сүүлийн үед том хэмжээний уран бүтээл дээр ажиллаж, жүжиг бичиж байна. Боловсрол өндөр, том сэхээтэн.
Багадаа өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Сургуульд ортлоо хөдөө байсан байдаг. Монгол ахуйгаа мэддэг, монгол хүний мөн чанар үг хэл, уран бүтээлээс нь нэвт ханхалсан монгол мэдрэмжтэй, шулуун шударга үгтэй, эрэмгий зоригтой, язгуурын уран бүтээлч. Нарийндаа Цоодолын Хулан биш Дөнгөтийн Хулан байхгүй юу.
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан...
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ... гэхчилэн ард түмэн андахгүй мэддэг хурц дайчин шүлгүүд түүнд олон бий дээ. Ийм хүн эх орноо бусдад худалдах уу. Гадны байгууллагатай холбоотой байх уу. Тагнуул туршуул хийх үү. Ц.Хуланг тагнуулч гэхэд хэн итгэх юм бэ. Яахнав дээ, тэр нэг бүсгүй найрагчийг хоморголон баривчилж хорьж цагдаад. Гаргаж авах нь чухал байна. Хулангаа хамгийн дээд зэргээр өмөөрч байна. (Уйлав). Авьяастай төрсөн нь л буруу биш бол Хуланд өөр буруу байхгүй л гэж өвгөн найрагч би бодож байна.
-Ард олон таны адил асуусан, гайхсан, эргэлзсэн байдалтай байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс төвөггүй харж болохоор байна?
-Хулан тагнуул хийх, эх орноосоо урвах хүн биш. Гадныхантай нийлж эх орноо худалдаж идэх хүн биш. Харамсаж байна. Тэр сайхан найрагчийг хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа даа. Уран бүтээлч хүнийг ид хийж бүтээж байх үед нь хилсээр хэлмэгдүүлэх шиг муухай юм гэж өөр юу байхав. Хэлмэгдүүлэлт бол аймаар зүйл.
-Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг нарыг Германы, С.Буяннэмэхийг Хятадын, М.Ядамсүрэнг Японы тагнуул туршуул гэж хилсээр хэлмэгдүүлэн орон шоронд хорьж, амь насыг нь ч егүүтгэсэн гашуун түүх байдаг. Хэзээ хойно нь бүгдийг цагаатгасан...?
-Цагаатгаж байгаа нь сайхан боловч юу гэсэн үг вэ. Ид сайхан үед нь хэлмэгдүүлчихээд эцэст нь тэгж хэлж байна гэдэг чинь. Сайхан зүйл биш. Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн үед 28 мянган хүн хэлмэгдсэн байдаг. Сүүлд цагаатгалаа. Түүний дунд зохиолч олон байсан. Тэр үеийн зохиолчдоос хэлмэгдээгүй зохиолч тун ховор. Үг, уран бүтээлийг нь хааж боох, хэвлэх хэвлүүлэх эрхийг нь хасах зэргээр "хөөрхөн шоглосоор" ирсэн.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монголын анхны дуурийг бичсэн хүн. Найруулагч нь Донровын Намдаг. Хоёул хэлмэгдсэн. Нацагдорж хэлмэгдэж явсаар 1937 онд бурхан болсон. Түүнээс яг нэг жилийн дараа эхнэр Дамдины Пагмадуламыг нь мөн хэлмэгдүүлсэн. Өндөр боловсролтой, сэхээтэн тэр эмэгтэйг цагаатгуулах гэж Хатанбатын Мэндсайхан гэж хүн их явсан даа.
Их хөөцөлдсөн. Цагаатгах газрын хоёр хүн, Ардын намын төлөөлөгч нэг хүн, МЗЭ-ийн ахмад зохиолчдыг төлөөлж би, охин Бүжин минь ажиглагчаар шүүхэд орсон. Тэгж байж хэдхэн жилийн өмнө цагаатгуулсан. Германд сурч байсан, Нацагдоржийн эхнэр байсан. Нацагдоржийг нас барсны дараа хятад хүнтэй ханилсан. Ердөө ийм л ялихгүй шалтгаар хэлмэгдүүлсэн байдаг. Мөн муухай яа. Монголын сонгодог урлагийн нэр нүүрийг өндөрт өргөж яваа "Учиртай гурван толгой" дуурийг бичсэнийх нь төлөө л Монголын төр Дашдоржийн Нацагдоржид Төрийн соёрхлоо нэхэн шагнамаар санагддаг. Нацагийг өрөвдөөд байдаг юм. Авьяастай, эрдэм чадалтай, сайхан уран бүтээлчийг төр өөрөө хамгаалж баймаар байгаа юм, санаснаар болдог бол.
Ц.Галбадрах
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2023/02/08
Хүрэлсүх Нямбаатар
Po · 2023/02/08
Хулангийн тагнуул хийдэг ч гэж юу байх вэ харин Жэнко ах зөвлөхөөр аваад мэдээлэлд ойртуулаад нөгөөх нь зохиолч хүн чинь яахав дээ жоохон зохиол бичиж ярьж л дээ
зочин · 2023/02/07
тагнуулч биш байхаа шунулаас л болсон байх ер нь даруу төлөв л амтьдармаар юмдаа
Зочин · 2023/02/07
тагнуулч бишээ . шуналтай л авгай ... шидсэн өөхийг нь үмхж л байдаг .... жанхуураад л байсан даа. тэр орост очихоод л диваажинд буй мэт л тансаглан харагдсан .... юун гатнуулч .... тэр чинь онцгой . мэрэгжилллл. мань багай яаков .. нөгөө юунууд нь л хөдөлчихгүй юууууууууууу. за кэн мэдлээ .шуугих шуугиуулах хэрэг ч байгаа м уу / .эрхтэн дархатангууд л асуудал л байх дөө.
irgen · 2023/02/07
Hulangiin tagnuul gej yu baihav dee, sanaatai sanamsargui salbagnaj yavaad yamar neg asuudald l orootsoldoj dee, tergui bol shuud utgaaraa yuniih ni tagnuul baihav dee, duriin hun ch tagnuul baidaggui bailgui dee