ЮНЕСКО: Монгол Улсын Засгийн газар соёлын болон байгалийн өвөө хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн
2023/02/08
Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гаас Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕКСО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн таван өвийг танилцуулжээ.
“Дэлхийн өв-Дараагийн 50” гэх тусгай сэтгүүлд танилцуулагдсан өвүүд нь цаг уурын өөрчлөлтийн ажиглалт, олон янзын нөлөөллийг бууруулах судалгаа, шинжилгээний гол төвүүд болдог бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд соёлын өвийг хамгаалах илүү их мэдлэг олгож байдаг талаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвийн захирал ноён Лазаре Элунду Ассомо хэлжээ.
Мөн сэтгүүлд, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилсан талаар дурдаж, айлчлалаар Монгол Улс-ЮНЕСКО-гийн найрсаг харилцаа, үр өгөөжтэй хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан, Монгол Улс өөрийн улсын төдийгүй, хилийн чанадад байгаа соёл, байгалийн өвийг хамгаалахад онцгой ач холбогдол өгдөг талаар дурджээ.
Түүнчлэн “Монгол Улс ЮНЕСКО-д элссэнээс хойш соёлын болон байгалийн өвийг илрүүлэх, судлан хамгаалах, сурталчлахад идэвхтэй оролцож, өвүүдийг одоо болон хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүргээ биелүүлсээр ирсэн. Монгол Улсын Засгийн газар соёлын болон байгалийн өвийг хамгаалахад өндөр ач холбогдол өгч, дэлхийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн” хэмээн мэдээлжээ.
Сэтгүүлийг цахимаар унших бол энд дарна уу.
Соёлын биет болон биет бус өвийн талаарх мэдээллийн энд дарж авна уу.
Монгол дахь Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын жагсаалт.