ЭМГЭНЭЛ - СҮХРАГЧААГИЙН ЖАЛБУУ
2023/04/11
ХАРИАД СҮХРАГЧААГИЙН ЖАЛБУУ
/1949-2023 он/
Монгол Улсын “Хүндэт хилчин”, “Онц хилчин”, хурандаа, бидний хайртай хүн Сүхрагчаа овогтой Жалбуу нь 2023 оны дөрөвдүгээр 07-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч бидэнд гүн хүнд гарз тохиолоо.
Тэр Монгол Улсад, Монголын хилийн цэрэгт гавьяатай, домогт хилчин хурандаа байлаа. С.Жалбуу Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонгот гэх газар 1949 онд ард Сүхрагчаагийн ууган хүү болон төрж, 1968 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 1968 онд МХЗЭ-ийн илгээлтээр Улаанбаатарын Мах комбинатад ажиллаж байгаад хилчний амьдралаа 1973 онд цэргийн албанд татагдан эхлүүлж, улмаар ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд суралцан, 1976 онд төгсжээ. С.Жалбуу 1976 оноос Домогт Сулинхээрийн Хилийн цэргийн 0168 дугаар ангийн Хангийн заставын улс төрийн орлогчоор томилогдон ажлын гараагаа эхлүүлж, тус заставын дарга, мөн ангийн сургууль заставын дарга, хилийн албаны тасгийн дарга, 1989 оноос УАБХЕГ-ын Хилийн хэлтэст өмнөд хил хариуцсан ахлах офицер, 1992 онд Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн анхны захирагчаар томилогдон, улс орны хүнд хэцүү үед Хилийн цэргийн шинэ ангийг байгуулан ажиллаж байв.
Улмаар 1994-1997 онд Хилийн цэргийг удирдах газрын Хилийн хэлтэст ахлах офицероор ажиллаж, олон операци, тусгай ажиллагаанд оролцож, удирдаж байв. Энэ үед түүний “Хилчид хуулийг заалтаар нь хэрэгжүүлж, зэвсгийг зориулалтаар нь хэрэглэнэ” хэмээн хэлсэн үг нь ард иргэд, хилчдийн дунд алдаршиж, олон зуун хилийн зөрчлийг таслан зогсоож байжээ. 2001-2006 онд хурандаа С.Жалбуу Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хилийн албаны тасгийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарчээ. Увсын хязгаарт Тувагийн талаас малын хулгай гаарч байсан үед үүрэг гүйцэтгэж байсан буурал хурандааг “Старый волк” хэмээн Орос, Монголын хилчид хүндэтгэдэг, хилчид үүргээ амжилттай биелүүлдэг байв.
Тэрээр нийтдээ Монгол Улсын хил хамгаалах үйлсэд тасралтгүй 50 жил зүтгэсэн арвин баялаг туршлагаа залуу үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө бие сэтгэлээ зориулсан жинхэнэ мэргэшсэн эх оронч, хилчин байлаа.Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны медаль”, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний ойн медалиуд, Монгол Улсын “Хүндэт хилчин”, Монгол Улс, ЗХУ, Беларусь, Герман, ОХУ-ын “Онц хилчин” тэмдгээр шагнаж байв. Тэрээр эх орныхоо эр цэрэг нь, аав ээжийнхээ элбэрэлт хүү нь, үр хүүхэд хань ижлийнхээ сайн хань, сайн эцэг нь, ах дүүсийнхээ түшигтэй ах нь, хамт олон, найз нөхдийнхөө хайр, хүндэтгэлийг хүлээсэн цэрэг нь, дарга нь, шавь нь, багш нь, анд нөхөр нь байсан юм.
Бурхан болоочийн эх орондоо зориулсан зүрх сэтгэл, хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга зан чанар, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд хадгалагдан, хүндлэгдэн үлдэж, үлгэр дуурайлал болсоор байх болно. Ум сайн амгалан болох болтугай.
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ХАМТ ОЛОН, ШАВЬ НАР,
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168, 0286, 0311 ДҮГЭЭР АНГИ,
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Зочин · 2023/04/11
Гайхалтай жинхэнэ хурандаа хүн шүү дээ. Одоогийн нусан чавхнууд юү ч үзээгүй цолны голнууд олон болсон байна.