Б.Мөнхтөр: Үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ дэмжсэн үе үеийн Засгийн газар, Хөгжлийн Банкныхандаа баярлалаа
2023/04/21
Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурлаар “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Мөнхтөр мэдүүлэг өгөв.
"Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг улсын яллагч өмнө нь хэлж байсан.
Шүүгдэгч Б.Мөнхтөр "Манай компанийн төслийг хэвлэл мэдээллээр цаасан дээрх төсөл гэж ярьдаг учраас өнөөдөр 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлбарлахаар ирсэн.
"Бэрэн групп"-ийг мэдэхгүй хүмүүс нь чадваргүй компанид зээл олгоод гангийн үйлдвэр бариулах гэж байна хэмээн ярьдаг. Бидний хувьд гангийн үйлдвэр барих нь хүнд ажил байсан. Гэхдээ энэ ажлынхаа ард гарч чадсан. Манай компанийн гол төвлөрч ажиллаж байгаа бизнесийн чиглэл нь гангийн үйлдвэр" хэмээн ажлаа танилцуулав.
Мөн тэрбээр "Үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ намайг дэмжсэн үе үеийн Засгийн газар, үе үеийн Хөгжлийн Банкныхандаа баярлалаа" гэдгийг мэдүүлэг өгөх үеэрээ нэмж хэллээ.