Ахмад настнуудын 74 хувь нь сард 500,000 төгрөгийн тэтгэвэр авдаг
2023/04/24
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын ээлжит тайлангаас ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаарх онцлох дүгнэлтүүдийг хүргэж байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй ахмад ажилчдаас эрэгтэйчүүд 59 нас хүртэл буюу ажиллах хугацаандаа нас барах магадлал 51.2 хувь, хэрэв тэтгэвэрт гарах хугацааг 65 гэж тооцвол тэтгэвэрт гарч чадалгүй нас барах магадлал 64 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.
Иймд тэтгэврийн эрх шилжүүлэх (өвлүүлэх) боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна хэмээн ХЭҮК-ын ээлжит тайланд дурдсан байна.
"Тэтгэврээ авч амжихгүй нас барах эрсдэл хүн амын дунд их байна"
Монгол Улсад хүн амын нас баралт 2021 онд 19.9 мянга байсан. Үүнийг насны бүлгээр авч үзэхэд 12,775 буюу 64.2 хувь нь 55 ба түүнээс дээш насны иргэд бөгөөд 2005-2020 онд нас баралтын тал хувийг буюу 44-54 хувийг 60-аас дээш насныхан эзэлжээ.
Ахмад настны нас баралт өндөр үзүүлэлттэй байгаа нь тэд ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чадахгүй, тэтгэврээ авч амжихгүй нас барах эрсдэлтэйг харуулж байна.
"Иргэд нийгмийн даатгалын санд шилжүүлсэн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чаддаггүй"
Одоогоор Монгол Улсад тэтгэвэр өвлөгдөх буюу “хуримтлал”-ын тогтолцоо бүрдээгүй байгаа нь тэд хөдөлмөр эрхлэх хугацаандаа нийгмийн даатгалын санд шилжүүлсэн шимтгэлийн үр шимээ бүрэн хүртэж чадахгүйд хүрч, улмаар шимтгэл нь тухайн сандаа үлдэж буйг судлаачид тэмдэглэжээ.
Гэтэл тэдний банк болон банк санхүүгийн байгууллагаас авсан тэтгэврийн зээл болон бусад зээл нь нас нөгчсөний дараа үр хүүхэд болон гэр бүлийн гишүүдэд өвлөгдөн үлдэж байна.
Ахмад настны тэтгэвэр өвлөгдөхгүй хэрнээ авсан зээл нь өвлөгдөж буй асуудалд анхаарал хандуулж, тэтгэврийн эрхийг шилжүүлэх замаар өр төлбөрийг нь төлөх боломжийг судлах шаардлагатай байгааг тайланд мөн дурджээ.
"Ахмад настнуудын 74 хувь нь тэтгэврийн доод хэмжээ тооцуулсан"
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байна. Эдгээрээс 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 500,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Харин 500,000-600,000 төгрөгийн тэтгэвэртэй 29,680 ахмад настан байгаа.
Нийт өндөр насны бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274,443 ахмад настан 500,000-600,000 төгрөгийн хооронд тэтгэвэр авч, ахуй амьдралаа залгуулж байна. Үлдсэн 17.6 хувь буюу 58,603 өндөр настан 600,000-2,000,000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм.
"Улсын дундаж цалин хөлснөөс өндөр насны тэтгэвэр 2.7 дахин бага байна"
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны 2023 оны А/23 дугаар тушаалаар Хүн амын амьжиргааны 2023 оны доод түвшнийг тогтоосон. Тодруулбал,
- Нийслэлд 313,400 төгрөг
- Баруун бүсэд 274,400 төгрөг
- Хангайн бүсэд 282,500 төгрөг
- Төвийн бүсэд 272,300 төгрөг
- Зүүн бүсэд 271,800 төгрөг байна.
Харин тэтгэврийн дундаж хэмжээ 2022 оны байдлаар 562,500 төгрөг байгаа. Үүнийг ажиллагчдын сарын дундаж цалинтай харьцуулахад (өнгөрсөн оны байдлаар) 1,573,100 төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын дундаж цалин хөлснөөс өндөр насны тэтгэвэр 2.7 дахин бага байна.
Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй байна.
Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ хэмээн ХЭҮК-ын тайланд дүгнэжээ.
Зочин · 2023/04/25
ийм засагт татвар төлөх ямарч хэрэггүй
Жасрайн Ариунзаяа · 2023/04/24
Миний авч бсан тэтгэвэр дээр 50-хан ₮ нэмэгдсэн нь бараг нэмээгүйтэй адил. Ингэж улсад З5 жил ажиллачихаад ялгаварлан тогтоож байгаа нь гомдмоор. Улсад удирдах түвшний ажил хийгээд тэтгэвэрт гарахдаа байгууллагынхаа тэтгэвэрт гарч байгаа цэвэрлэгч үйлчлэгчийн тэтгэвэрийн адил авч байгаа нь судалгаа муутай, хялбарчилсан залхуурч ор нэр төдий хандсан эдийн засагч нэр зүүсэн мэдлэггүй хүмүүсийн үйлдэл.
Зочин · 2023/04/24
500000 мянган төгрөг авдаг ийм тэтгэвэр гэж юу байхав
Ddavaa · 2023/04/24
500000 Tugregiig 3 honogt gudardag hund saya tugreg ugsen ch star bolohgui yum baina daa
Ddavaa · 2023/04/24
Odoo ajillaach erhelj baigaa irgediin Heiden huvi, Heden hun tsalingiin dood hemjee 550000 Tugreg avraga ve? Tuslah malchin heden ger bul (erhiin gishuudiin toonoos ul hamaarch) hudelmeriin hulsnii dood hemjeegeer amidralaa zalguuldag ve? Tetgever avah has shig nariin too baina uu?
зочин · 2023/04/24
хүнээс гуйсан дорвол үхсэн нь дээр сая цар тахлаар хөгшчүүл их явсан даа ерөнхийлөгч гуай энэ талаар санаа тавимаар юм даа
Тэтгэвэр · 2023/04/24
Тэтгэвэр 2 3 хоноод дуусдаг тэгээд хүүхдүүдээсээ мөнгө нэхэх амаргүй
Зочин · 2023/04/24
Ахмадууд амьдрахыг бус үхэхийг хүсэж байна