"Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. 

Залуу үе, ахмад үеийн хооронд нийгмийн зөрчил байгаа эсэх, ахмадуудтай холбоотой сөрөг үзэл, хандлага үүсэж байна уу зэрэг асуултад хариулт өгөх зорилгоор дээрх судалгааг хийжээ.

"Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж, арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэл судалгааны ажлыг явуулсан. Үүнд нийт 1,700 гаруй хүн оролцсон бөгөөд гурван бүлэг болгож хамруулсан. Тодруулбал, 

  1. 500 гаруй ахмад настан судалгаанд хамрагдсан.
  2. 20-оос доош насны 500 гаруй залуус оролцсон.
  3. Ажил олгогчид буюу дийлэнх нь төрийн байгууллага, томоохон ААН-үүдийн албан хаагч, боловсон хүчин, дарга нар багтсан" гэдгийг "Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Г.Наранбаяр хэлэв. 

Тэрбээр "Орчин үеийн залуус буюу 20-оос доош насны залуус ахмад нас гэдгийг өндрөөр хардаг болжээ. Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх нь 70-аас дээш настай бол өндөр настан гэж үзнэ хэмээн хариулсан. 

Гэтэл эсрэгээрээ дунд насныхан маань өөрөөсөө дөнгөж нэг үе мултарч байгаа буюу 13 насаар ах бол тэр хүнийг "ахмад настан" гэж хардаг. Энэ нь нийгмийн онцлогоос шалтгаалж байна” хэмээн ярилаа. 

Ахмад настнууд ба залуусыг тэгш оролцуулсан энэхүү судалгааны үр дүнг тэрбээр нэмж танилцуулав. 



"Дунд насныхны дийлэнх нь ахмад насыг 50 наснаас эхэлдэг гэж хариулсан"

Судалгаанд хамрагдсан залуусын (500 иргэн) 25.8 хувь нь “ахмад нас”-ыг 50 наснаас эхэлдэг гэж бодсоноо хариулжээ. Энд нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь 30-35 насны залуусын дийлэнх нь ахмад нас 40 наснаас эхэлдэг гэж үзсэн байна. Харин 35-40 насныхны нэлээд хэсэг нь ахмад нас 50 наснаас эхэлдэг гэж хариулсан. 

16-18 насныхан ахмад насыг нэгэн дуугаар 60-70 гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 20 орчим насны залуус ахмад насыг нэлээд өндрөөр тооцож байна.

"Залуус ахмадуудын зөрүүд занд илүүтэй дургүй гэдгээ илэрхийлсэн"

Залуучууд ахмадуудын зөрүүд занд илүү их дургүй гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, орчин үеийн нийгмийг ойлгодоггүй гэх хандлагаас илүүтэйгээр хувь хүний онцлогоос хамаарсан зөрчлүүдэд илүү их ач холбогдол өгч байгааг харж болно.

График. Ахмадуудын ямар зан чанарыг дутагдалтай гэж хардаг вэ?

Flourish logoA Flourish data visualization

Нийтийн тээвэрт болон олон нийтийн газарт залуучуудыг сандал суудал тавьж өг гэж загнадаг. Мөн оочер дугаарын урдуур дайрдаг гэх мэтээс болж зөрчил үүсэн, олон нийтийн сүлжээгээр харагддаг үзэгдэл, мэдээллүүд нь тийм ч өргөн тархацтай биш байна. Учир нь судалгаанд оролцсон залуучуудаас ганц хүн л ахмадуудыг түрэмгий хэмээн үнэлсэн. 

"Залуус ахмадуудын тэсвэр тэвчээр, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэжээ"

Залуус ахмадуудын эх оронч сэтгэлгээ, үзэл хандлага, төлөвшил, тэсвэр тэвчээр, хатуужил, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэж хариулжээ. Үүнээс гадна ахмадуудын мэргэжлийн ур чадварыг ч дээгүүр үнэлэх хандлага ажиглагджээ.  Гэвч ахмадуудын харилцааны соёлын тухайд сэтгэл ханамжгүй байдаг байна.

График. Ахмадуудын ямар зан чанарыг илүү үнэлдэг вэ? 

Flourish logoA Flourish data visualization

Судалгааны дүгнэлтээс харахад, залуучууд ахмад үеэс ихийг авч үлдэх сонирхол их байна.

Түүнчлэн ахмадуудын маань ажил хийх хэрэгцээ, шаардлагын дийлэнх хэсэг нь орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа сайжруулах (54.2 хувь) гэж хариулсан. Гэвч тэтгэвэрт гарсныхаа дараа ажил эрхлэхийг орлогоо нэмэгдүүлэх боломж хэмээн дөнгөж 20 хувь нь хариулсан.

Үүнээс харахад, ахмадуудад санхүүгийн хэрэгцээнээс илүүтэйгээр нийгмийн харилцааны хэрэгцээ их байгааг илэрхийлж байна хэмээн судлаач Г.Наранбаяр нэмж хэллээ.