Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын гурван блок барилга 2018 онд ашиглалтад орно хэмээн иргэдээс 100 хувь төлбөрөө авчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад бүрэн гүйцэд ороогүй иргэдийг хохироож байгаа талаар тус байрны захиалагчид ярьж байна. Энэхүү 80 айлын барилгыг сурвалжиллаа.

Уг барилгыг "Хатан цамхаг" ХХК, "Эрчим арт" ХХК хамтран барьж байгаа аж. Долоон давхар ягаан, бор хүрэн хосолсон гурван блок барилга байна. 2018 онд 100 хувийн төлөлттэй эзэмшигчидтэйгээ гэрээ хийжээ. Гэвч байр нь ашиглалтад орохгүй явсаар 2022 оны эхээр оршин суугчид гэрээний дагуу байрандаа орсон байна.

Энэ талаар тус байранд хоёр өрөө байр захиалан орсон эзэмшигч Н.Төгөлдөр ярихдаа “Би Хатан цамхаг ХХК-тай 2018 онд гэрээгээ байгуулаад, төлбөрөө 100 хувь төлсөн. Ингээд тухайн оны дөрөвдүгээр улиралд байр ашиглалтад орно гэж байсан боловч элдэв шалтгаан хэлж явсаар 2022 оны эхээр байрандаа нүүж орсон. Гэтэл манайхыг нүүж ороход анх тог цахилгаантай, халуун хүйтэн устай байсан байр гэнэт л нэг өдөр бүх зүйл нь тасарсан. Үүнийг нь асууж сураглахаар барилга барьж буй компаниуд өр төлбөрөө өгөөгүй учраас тасалсан гэдэг. Одоо бид зөөврийн устай, гадаа нүхэн жорлонд бие засч байна. Энэ талаар байр захиалсан айлуудын төлөөлөл гаргаад, хууль шүүхийн байгууллагад хандсан байгаа” гэв. Тус байрны нөхцөл байдлыг ажихад гаднаа ганц хүн орох нүхэн жорлонг газар ухан хийжээ. Гадна тохижилтын ажил огт хийгдээгүй. Шууд харах байдлаасаа л барилга ашиглалтад орж дуусаагүй нь мэдэгдэж байв. Ингээд “А” блок руу ортол лифтний хонгилыг аюулын хаалтаар хаасан онгорхой нүхэн хонгил байлаа. Түүний урд нэг цорго байрлуулжээ. Тус байранд оршин суугч иргэн С.Баярмаатай ярилцлаа.


-Та энэ байрыг хэзээ худалдан авсан бэ. Гэрээгээ яаж байгуулав?

-Энэ байрыг 2022 оны сүүлээр худалдан авсан. Ингээд дөнгөж нүүж ороод байтал тог цахилгаан, усгүй болсон. Хүмүүс биднийг ийм байранд яах гэж орсон юм бэ гээд байгаа. Мэдээж хэн ч арай гэж гадаад дотоодод эрүүл мэндээрээ хохирон байж хүнд хүчир ажил олон жил хийсэн мөнгөөрөө ийм байр худалдаж авахыг хүсэх вэ дээ. Би Солонгост олон жил ажиллаж байгаад цуглуулсан мөнгөөрөө энэ байрыг авсан. Гэрээгээ бүгдийг нь судлаад, м.кв үнэ төлбөр ч боломжийн учраас төлбөрөө 100 хувь хийсэн. Гэтэл нүүж орсны дараа ийм зүйл болно гэж яаж мэдэх вэ дээ.

Ингээд энэ байрны талаар судлаад үзтэл уг суурь 2012 онд тавигдсан. Хоёр давхар хүртэл барьж байгаад 4-5 жил энэ барилга царцсан юм билээ. 2018 оноос “Хатан цамхаг” ХХК туслан гүйцэтгэгчээр ороод, энэ харагдаж байгаа шиг болтол барьсан. “Эрчим арт” ХХК нь барилгын зураг төсөл, засал чимэглэлийн компани гэж явдаг юм байна лээ. Энэ хоёр компани хоорондоо гэрээ байгуулж, тохиролцоондоо “Эрчим арт” ХХК нь “Хатан цамхаг” ХХК-д “А” блокоо өгөхөөр гэрээлсэн. Гэрээний дагуу одоо энэхүү “А” блок нь 100 хувь “Хатан цамхаг” ХХК-ийн захирал Ц.Тулгатын өмч. “Б, В” блок “Эрчим арт” ХХК-ийн захирал н.Цэцэгийн өмч.

-Өдий болтол ашиглалтад бүрэн гүйцэд ороогүй маш их хохирч байгаа нь ил харагдаж байна л даа. Хууль шүүхийн байгууллагад хандсан уу?

-“Хатан цамхаг” ХХК-ийн захирал Ц.Тулгат, “Эрчим арт” ХХК-ийн захирал н. Цэцэг нарын нэр дээр цагдаагийн байгууллагад гомдол гарган өгсөн. Өнөөдөр шүүхээр асуудал явж байгаа ч өдийг хүртэл шийдэгдээгүй маш удаашралтай явж байна. Ц.Тулгатын өмнө Ариунболд гэж хүн эзэмшиж байсан юм билээ. Тэр хүн тоотуудыг давхар зарж, худалдан авсан биднийг хохироосон гэж харж байгаа. Нэлээд олон айлын тоотыг гурав, дөрөв, таван удаа хүртэл давхар дамлаж зарсан байдаг. Тэгээд ковидын үеэр нас барчихсан юм билээ. Ц.Тулгат барилгыг үргэлжлүүлэн барихдаа санаатай болон санамсаргүйгээр 20 гаруй айлын тоотыг давхардуулж зарсан. Бидний тооцоолсноор 2 тэрбум төгрөгийг иргэдээс залилсан.

-Одоо та бүхний нөхцөл байдал ямар байна вэ?

-Лифтний хонгилоос гаргасан энэ цоргоор зөөврийн ус хэрэглэдэг. Гадаа нүхэн жорлондоо бие засч байна. XXI зуунд хотынхоо төвд тог цахилгаангүй лаа барьдаг. Хоол цайгаа газан плиткан дээр хийдэг.

-Тэр цоргоор гарч байгаа усыг хаанаас авдаг вэ. Ууж болох ус уу?

-Уух боломжгүй. Булингар зэв нь мэдэгдэхгүй саарал ус гардаг. Зөвхөн ахуйн хэрэглээндээ хэрэглээд, уух усаа дэлгүүрээс цэвэршүүлсэн 5 литрийн ус авч хэрэглэдэг.

-Анх ороход тогтой, устай байсан гэсэн шүү дээ. Гэтэл яагаад гэнэт тоггүй, усгүй болчихсон юм бол?

-Миний ойлгосноор энэ барилгыг бариулахын тулд хүн хөлслөсөн байж таарна аа даа. Тэр хүмүүсийн цалин мөнгө, материал гээд бүх зардлын мөнгийг нь төлөөгүй. Тэгэнгүүт нөгөө туслан гүйцэтгэж байсан компаниуд нь өөрсдөөсөө хөрөнгө гаргаж суурилуулсан зүйлүүдээ бүгдийг нь буцаагаад аваад явчихсан юм шиг байна лээ. Энэ бүгдээс харахад “Хатан цамхаг” ХХК нь суурь тавихаасаа эхлээд л бүх туслан гүйцэтгэгч, оролцсон компаниуд, эрчим хүчний байгууллага, ус сувгийн газруудад бүгдэд нь өртэй болов уу.

-Тэгээд Улсын комисс хүлээгээд авчихсан хэрэг үү?

-Энэ “А” блокын барилгыг 80 хувьтай байхад нь Улсын бүртгэлийн гэрчилгээг нь олгочихсон. Яагаад ийм дутуу барилгад улсын байгууллага нь зөвшөөрөл олгоод, бүртгэлийг нь албажуулчихсан юм бэ гэдгийг одоо хүртэл гайхаж байна.

Байрны дээшээ гарч үзэхэд бүх барилга нь лифт ажиллах боломжгүй, суурилуулаагүй хаалтаар хаасан хоосон хонгил харагдаж байлаа. Давхруудын орцоор явж үзэхэд гэрэл суурилуулаагүй, утаснууд нь ил ёрдойж харагдах ажээ. Тус байранд захиалга өгсөн иргэн Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Гэрээгээ байгуулаад хэдэн жил болж байна вэ?

-Би 2018 оны есдүгээр сард барилгын гүйцэтгэлийн ажил 70 хувьтай байхад гэрээгээ байгуулсан. Тухайн үедээ манайх 46.16 м.кв гурван өрөө байрыг 100 хувь төлж гэрээгээ байгуулсан. Гэрээний нөхцөлд тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 31-ний өдөр түлхүүрээ гардан авна гэж заасан. Гэтэл байрандаа орох болтол яг миний захиалсан тоот дээр би гурав дахь захиалагч болчихсон. Ингээд хууль шүүхийн байгууллагад хандаад явахаар гэрээ нь бол хүчин төгөлдөр. Тэгсэн хэрнээ ХХК-ийн захирал Ц.Тулгат гэдэг хүн залилан хийсэн нь тогтоогдчихсон. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд, прокурор руу шилжчихсэн. Прокуророос сүүлд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна лээ.

-Хууль шүүхийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Манай талд л гарсан л даа. Мөнгийг нь буцааж 100 хувь гаргаж өг гэж. Үүнийгээ Шүүхийн шийдвэр газарт очоод хандахаар “Хатан цамхаг” ХХК-ийн мэдэлд энэ барилга байхгүй байна. Танай мөнгийг гаргаж өгөхөд хугацаа орно” гэсэн. Ц.Тулга захирал надаас гадна маш олон хүнийг хохироочихсон. Бүгд гомдол гаргаад явж байгаа юм билээ. Шүүхдэлцэж байгаа хүмүүс мөнгөө буцаагаад гаргуулж авахад хэцүү л юм байна лээ.

-Та хэзээ хэдэн төгрөгийн гэрээ байгуулсан юм бэ?

-Би 2018 онд 65 сая төгрөгөөр хоёр өрөө байр авахаар захиалга өгсөн. Одоо тэгээд мөнгөө авах үгүй нь тодорхойгүй болчихоод байна.

-Та өмгөөлөгч авахаар хандсан уу?

-Улсаас өмгөөлөгч томилж өгсөн. Тухайн байр захиалсан 65 сая төгрөг нь манай аав ээж хоёрын хашаа байшин нь газарт орсон мөнгө л дөө. Насны эцэст байранд орж, ус түлээ гэхгүй дулаан байх нь гэж их баярлаж байсан. Гэтэл ингээд мөнгөө эргүүлж авах эсэх нь ч тодорхойгүй залилуулчихлаа. Аав ээж хоёр минь хөгшин настай хүмүүс. Одоо түрээсийн байр дамжаад л явж байна. Насны эцэст дулаан байранд амьдруулчих юмсан гэсэн хүсэл минь ийм байдалд хүргэчихлээ. Аав ээждээ юу гэж хэлж очих учраа ч олохгүй явна. Манайд иймэрхүү байдалд орсон хүмүүсийг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг санагдсан. Одоо яах ёстойгоо мэдэхгүй тэнгэр хол, газар хатуу болоод байна.

С.ОТГОНБАЯР