Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

-Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих вэ гэх чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Тус эрдэм шинжилгээний хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Түүнчлэн нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад, дотоодын жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй вэ, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгаа вэ гэдгийг илэрхийлэх бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулна.

Уг тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч оролцох юм.

Түүнчлэн үндэстний хувцасны үүх түүхийг харуулсан загварын шоуг бэлдсэн байгаа. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг ажиллаж байгаа. Баг бүр өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулах болно хэмээлээ.