“Бөмбөгөөр цохичихоод уучлалт гуйсангүй” хэмээн 17 настай хүүг хутгалж хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноожээ
2023/08/30
Барилгын политехник коллежийн оюутан бусдад хутгалуулж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан билээ.
Тодруулбал, 18 настай П.Б нь өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа хэрэг үйлдсэн байна.
Тэрбээр “Нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн 17 настай Х.М-тэй маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж амийг нь хохироосон аж. Тухайн хэрэг үйлдсэн этгээд тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байна.
Тухайн хэрэгт анхан шатны шүүхээс П.Б-г нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосон байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн түүний ялыг хөнгөдсөн хэмээн үзэн давж заалдсан. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэжээ.
өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд 17 настай хүүг 19 настай эрэгтэй хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг хэрэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн спорт зааланд болжээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход сэжигтэн 19 настай эрэгтэй зугтахыг оролдож, сургуулийн удирдлагууд талийгаачийг эмнэлэгт хүргэсэн байжээ.
Талийгаачид анхан шатны тусламж үзүүлсэн ч харамсалтай нь шархаа даалгүй амиа алдсан байна. энэ талаар талийгаачийн аав Д.Хишигт дараах ярилцлагыг өгч байжээ.
-Талийгаач хүү тань хэддүгээр дамжанд сурдаг байсан бэ. Хүүг тань хөнөөсөн этгээд яагаад ийм хэрэг хийсэн гэж мэдүүлсэн бэ?
-Миний хүү хоёрдугаар дамжаанд, гагнуурын ангид сурдаг байсан. Ердөө 17-хон настай, арваннэгдүгээр ангийн сурагч гэсэн үг шүү дээ. Есдүгээр ангиа төгсөөд Барилгын политехник коллежид элсэн орсон. Сурч байх хугацаандаа өнгөрсөн жил сургуулийнхаа аварга сурагчаар шалгарсан. Томоотой, үг дуу цөөтэй, хүмүүстэй эелдэг харилцдаг, хүмүүжилтэй сайн хүү байлаа.
-Хэрэг юунаас болж гарсан юм бэ. Талийгаач хүү тань хутгалсан хүүхдийг таньдаг байсан юм уу?
-Хэрэг гардаг өдөр хүү минь инээж хөхрөөд л өглөө нь хичээлдээ явсан. Хэн нэгэнтэй маргалдаж, бухимдаагүй. Хоёрдугаар сарын 15-ны 12:30 цагийн үед хүүгийн ангийн багш нь эхнэр рүү залгасан. “Хүү тань хутгалуулчихлаа, эмнэлэг рүү аваад явлаа” гэсэн. Бид хоёр хүүгийнхээ хүргэгдэж очсон эмнэлэг рүү очиход Яаралтай хүлээн авах тасаг руу нь орсон байсан. Хүүтэйгээ уулзаад “Миний хүү хутгалсан хүүхдээ таних юм уу” гэж асуусан чинь “Би огт танихгүй. Миний буруу байхгүй шүү, аав аа. Хүүгээ уучлаарай” гэж хэлээд л яаралтай мэс засал хийлгэхээр тасаг руу орсон. Дөрөв, таван литр цус алдсан учраас яаралтай хагалгаанд оруулахаар эмч нар аваад орсон. Хагалгаа амжилттай болсон ч мэс бүх эрхтэнд нь хүрсэн учраас хүү минь ухаан ороогүй. Хоёр хоног ухаангүй байсаар байгаад хоёрдугаар сарын 18-нд нас барсан. Тэр алуурчныг миний хүү огт танихгүй гэж байна лээ. Мөн өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн.
-Хэрэг болсон зааланд хүүхдүүд байсан юм уу. Хүүг тань хөнөөсөн этгээд өмнө нь тус сургуульд сурч байсан гэсэн үү?
-Биеийн тамирын хичээл орж байсан шүү дээ. Багш нь нүүрэн дээр нь юм гарсан учир тос түрхэхээр өрөө рүүгээ орох хооронд л миний хүүг хутгалчихсан гэсэн. Гал тогооны том хутгаар хэвлий хэсэгт нь дүрээд, нурууных нь ясанд тулгасан байна гэсэн. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа. Алуурчин өнгөрсөн жил нь буюу 2022 оны арванхоёрдугаар сард сургуулиа өгсөн юм байна лээ. Тэгээд тэр сургуульд төрсөн дүү нь сурдаг гэсэн. Дүүдээ дээл өгөхөөр сургууль руу ороод, заал руу орж, миний хүүг хөнөөсөн байгаа юм. Яагаад, ямар зорилгоор огт танихгүй хүүхдийг хутгалж, хөнөөснийг бид ерөөсөө ойлгохгүй байна. Өс хонзонгийн сэдлээр зохион байгуулалттайгаар хөнөөсөн гэж бид хардаж байгаа. Зааланд ангийнхан нь байсан. Ямар ч хэрүүл, маргаан болоогүй гэнэтхэн л өмднөөсөө хутга гаргаж ирээд, миний хүүг хутгалчихсан гэсэн.
-Хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн үү?
-Цагдаагийн албан хаагчид эд мөрийн баримтаар камерын бичлэгийг авсан гэж байна лээ. Мөн сургуулийн удирдлагууд камерын бичлэгийг үзэхэд маргаан, зодоон болоогүй байна гэсэн. Волейболын торны наана, цаана зогсож байгаад л хутгалчихсан гэсэн. Дээрээс нь алуурчин заалаар орж ирэхдээ хоёр хүүхэдтэй уулзаад, гар бариад инээлдээд, юм яриад зогсоод байсан гэж байна лээ.
-Сэжигтний ар гэрийнхэн та бүхэнтэй холбогдсон уу?
-Үгүй ээ, ямар ч холбоо алга. Хамгийн аюулгүй байх ёстой сургуууль дээрээ амиа алдчихлаа шүү дээ. Зүгээр зааланд бөмбөг тоглож байхад нь хэн дуртай нь орж ирээд, хүний нялх үрийг хутгалаад алчихаж байна. Бид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан бичиг хүргүүлсэн байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж өгөөсэй гэж хүсэж байна. Дахиж ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга.
Зочин · 2023/08/31
S AWN80955877
Зочин · 2023/08/30
AX NARTAI VAWALDI80955877