Нийтийн тээврийн жолооч өндөр настай зорчигчтойгоо зүй бусаар харьцаж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдлаа. Уг үйл явдал өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 16-ны өдөр Ч:25 буюу “Тоосгоны үйлдвэр-3,4-р хороолол” чиглэлийн автобусанд болжээ.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар “Цахим сүлжээнд тархаад буй настай зорчигчтой зүй бусаар харьцсан жолоочийг цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Бас манай “Зорчигч тээвэр гурав”-ын Ёс зүйн хороо хуралдаж, жолоочийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас зөрчлийн эсвэл гэмт хэргийн шинж чанартайг тогтоож өгөхөөр жолоочийн цалингаас хасах эсвэл ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна.

Ахмад настантай зүй бус харьцсан жолооч манай байгууллагад жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа. Өмнө нь ёс зүйн болоод бусад зөрчил, алдаа гаргаж байгаагүй. Харин цахим сүлжээнд тархсан дүрс бичлэгийн талаар “Ахмад настан автобусанд орж ирэхдээ картаа уншуулаагүй. Намайг шаардлага тавихад “Би ахмад настан байна” гэж уурласан. Буух буудал нь болоод гарахдаа зориулалтын хаалгаар бус зорчигч нэвтрэх хаалгаар гарах гэхэд нь шаардлага тавьсанаас тийм зүйл болсон” гэсэн. Одоо цагдаагийн байгууллагын шийдвэр гарахаар манай байгууллагаас тухайн жолоочид ямар хариуцлага ногдуулахаа шийднэ” гэлээ.