Хоёр тонн алтны эзэн болохын тулд хорин хоёр жил тэвчсэн амьдрал. Хэн хэн, хэрхэн хүлээв ээ?

Нэгэн эр, эм хоёр 22 жил баг өмсөв. Аав, ээж болж ч жүжиглэв. Үнэмшилтэй нь дундаасаа хоёр хүүхэд гаргачихсан. Алтны төлөө хорин хоёр жил тийн тэвчжээ. Хайран ч амьдрал, хайран ч залуу нас гэмээр... Өөрсдийн залуу нас байтугай өрөөлийн залуу нас ч тэдний хувьд юу ч биш. Хуулийг ч, хүн ёсыг ч мартав, уллан дэвсчив. Цэцэг шиг дэрвэж яваа охины бөөрийг нь авч, үхүүлнэ. Эрхтний наймаа. Хүн алсан хүүгийнхээ өмнөөс хүний ганц хүүг шоронд явуулчихна. Хуулийн хулгай. Ил нь энэ, далд нь юу болж байсныг төсөөлөшгүй. Хоёр тонн алт гэгч тийм л хүчтэй аж. Улсын бүртгэлийн газрын даргын эрх мэдлийг ашиглаж, алтны хууль ёсны эзэн хоёр нярайг өөрийн нэр дээр болгов. Гэхдээ нэгийг нь хороов. Нөгөөг нь гэр бүлээсээ алсад, гадаадад найдвартай гарт өсгөв. Үхчихвэл тэгээд тэр 2 тонн алт даший шог. Учир нь хүү 22 нас хүрсэн тэр өдөр алтны хууль ёсны эзэмшигч болно. Гэрээслэл тийм. Тиймээс хүүг эхнэрийн дагавар хүү хэмээн дүү нарт нь, өөрт нь ч итгүүлнэ. Жүжиг, жүжиг. Дагавар хүү алтны эзэн болох учир эр, эм хоёр ч бас... Гэхдээ тэр хүүг яаж ийгээд 22 нас хүргэх ёстой. 22 насных нь төрсөн өдрийг тэсэн ядан хүлээнэ. Баярлах гэж тэр. Учир нь тэр алт залуугийн мэдлийнх болно. Дараа нь нүд нь эргэлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй, тахир дутуугийн тэргэнд үхэн үхтлээ хадаастай байх тавилантай, хэлгүй Королла болгоно. Тэгэж байж л эр эм хоёр алтны хууль ёсны эзэмшигч болно. Тэр болтол тэд жүжиглэнэ, тэвчинэ, хүлээнэ. Олон гэмгүй хүнийг шоронд явуулна. Гэвч өөрсдийнх нь зүрх сэтгэл шоронд... Бас олон гэмгүй хүний бөөрийг авч, золиослоно. Гэвч өөрсдөө жинхэнэ аз жаргалаа золиослоно. 

Бас нэг нөхөр тэр алтны эзэн болох гэж хүлээнэ. Тэр бол тэрбумтан гэр бүлийн “үнэнч” үйлчлэгч, цэцэрлэгч, эзнийхээ хүүгийн хүн амины хэргийн өмнөөс төрсөн ганц хүүгээ чангын шоронд илгээсэн эцэг. Өнөө цагийнхаар бол найдвартай ажилтан, хуучнаар бол боол, зарц. Тэр бас алтны эзэн болохын тулд бөхийж, бүхий л доромжлолыг тэвчиж, төрсөн ганц хүүгээ ч шоронд явуулж хүлээнэ. Зүрх сэтгэл нь аанай л шоронд... 

Энэ мэт харахад эрх чөлөөтэй ч дотоод ертөнц нь шоронд байгаа хүмүүс цөөнгүй. Нэг тийм дүр нь эмч. Уг нь тэр мэс заслийн нэн чадварлаг эмч. Эзэн боссынхоо “ард түмнийхээ эрүүл энхийн төлөө” байгуулсан хувийн үнэтэй эмнэлгийн эрхлэгч. Зүрх муутай ч, бөөр нь эрүүл ид цэцэглэж яваа охины шууд алуурчин нь тэр эмч. Юуны төлөө вэ? Өнөөх алтны жаахан хэлтэрхийн төлөө. Захиалагч нь харин өнөөх жүжигчин эр эм хоёр. Охиныг цэвэрхэн алахын тулд тэр эмч охины эгч гэнэн тэнэг бүсгүйд хайртай болж жүжиглэнэ. Сууна барина, хайрт минь, энхрий минь хэмээн наалинхайтна. Илнэ таална.  За, тэр дүүргийн прокурор, хотын шүүгч энэ тэр гэсэн яс горьдсон гөлөг шиг жижиг гарууд ч бас. Наанаа хууль шүүхийн дээгүүр эргэлдэгч өлөн элээ мэт эрх чөлөөтэй ч цаанаа зүрх сэтгэл, бодол сэтгэлгээ нь бас л шоронд. Жүжгийн тавилт, жүжиглэл, хэлж ярьж буй нь, монолог нь ч тэд жинхэнэ утгаараа шоронд байгааг илэрхийлнэ. 

Зохиолч энэ санааг хүчтэй илэрхийлж, найруулагч, жүжигчид амьдруулжээ. 

Тэгээд төгсгөл яасан бэ гэж үү? Жамаараа л болно шүү дээ. Харин тэр жам гэгч нь юу болохыг жүжиг үзээд мэднэ буй за. 

Харин зүрх сэтгэл нь шоронд бус, дууч шувуухай шиг эрх чөлөөтэй дэрвэн жаргах хоёр хүн бий. Нэг нь өнөөх харь газар найдвартай гар дээр вакуум орчинд өссөн, амьдралын бузар булайн талаар юу ч мэдэхгүй, гэнэн романтик, гэгээн тунгалаг Ивээлт. Өнөөх 2 тонн алтны хууль ёсны эзэмшигч, гэвч түүнээ ч мэдэхгүй. Тэр аз жаргалтай, учир нь түүний зүрх сэтгэл нүглийн шоронд бус, жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй. 

Бас нэг эрх чөлөөтэй хүн байгаа нь тансаг хороолол бараадан эгчтэйгээ хамт цэцэг зарж амьдардаг өнчин Энхэлгэн. Гэнэн, романтик мөрөөдөмтгий Энхэлгэн. Тэд нэг л зуны настай цэцэгс. Хачирхалтай нь “шоронгийнхон” тэр эрх чөлөөтэй дууч шувуухайнуудыг алчихна. Өөрсдийнхөө шоронгийн амьдралыг алтаар хуурч, аз жаргалыг алтаар худалдаж авах гэсэн тэмцлийнхээ золиосонд өчүүхэн ч гэлмэхгүй явуулчихна.

Бас шоронд суулгачихна. Гэвч хоёр тал нэг нэгнээ зөрүүлээд шоронд хусчихсан харагдана. Нэг нь чиг ханхалсан, төмөр харжигнасан бодит шорон, нөгөө нь сэтгэлийг мэрдэг, ёсзүйн, шашныхаар бол үйлийн үрийн нүдэнд харагддаггүй шорон.  

Ингэхэд гэнэнчүүд гэж хэн бэ гэсэн асуулт гарцаагүй гарна. Энхэлгэн, Ивээлт хоёр уу? Тиймээ тэд гэнэн нь үнэн. Гэнэн зан хоёр шинжтэй. Ариун гэнэн, тэнэг гэнэн гэж. Энэ хоёр эхнийх нь. Харин тэнэг гэнэнчүүд нь тэр аз жаргалыг алтаар худалдаад авчихна гэж итгэсэнчүүд. Тэр хуйвалдагч хууль ёсны “эцэг эх” хоёр, тэдний дундаас, тэр хуурамч тооцоотой хайрын дундаас гарсан хүү, охин хоёр. Тэд хэдий чинээн хууль зөрчинө, хэдий чинээн энгийн гэмгүй хүмүүсийг өөрсдийнхөө өмнөөс золиослоно, тэр хэрээр дотоод ертөнцийн шорон улам бат бэх, хатуу харгис чангалан болж буй. Харамсалтай нь өнөө цагийн нийгмийн амьдрал тэр шоронгийнхны хүслээр тодорхойлогдож байгааг зохиолч маань хэлж байна. Бүр хашхирч, бахардан хашхирч байна. Тэр нь “Нэгэн зуны цэцэг” хэмээх энэ жүжиг. 

Энэ бодит байдлыг сайн хараадахаач ээ хэмээн бидний гарт томруулдаг шил бариулж байна. “Хүчирхийлэл сурталчилж байна” гэсэн шүүмж мэр сэр сонсогдов.  Бас тийм ч биш юм аа. Бодит байдлыг мэдэхгүй, мэдрэхгүй, фильтертэй гэнэн тэнэг нүдээр амьдралыг харж, баясаж явна гэдэг нэг талаар стресс зовлонгүй сайхан л байх, нөгөө талаар бол бас зовлон шүү дээ.

Нэг л өдөр бодит байдлын сүүдэр бүрхэж, дарж авбал юу гэх вэ? Өнөөх охиных шиг бөөрийг чинь сугалчихвал яах вэ? Хэн нэгний өмнөөс хүн амины хэрэг үүрүүлчихвэл яах вэ? Таны, таны үр хүүхдүүдийн боломжийг, ирээдүйг хуу хуугаар нь хулгайлж дээрэмдвэл яах вэ? Ер нь дээрэмдээд л байгаа л даа. 2019 онд Пон Жун Хо-гийн “Паразит” кино дэлхий даяар шуугиан тарьсан. Оскар ч авсан. Шуугиан тарьсан үндсэн шалтгаан нь Азийн бар баян Солонгост ч, аргагүйдэн ядарч яваа манайд ч, АНУ, Африк, Европ гээд аль ч оронд ялгалгүй байдаг нийгмийн ялгарал эцэстээ юунд хүргэж болохыг дэлхий дахинд анхааруулсан. Зохиолч Тодко, найруулагч Найдандорж, энэ жүжигт тоглосон жүжигчид монголд нэгэнт бодитой бий болчихоод байгаа нийгмийн ялгаралыг, хэзээ ч нэгнээ хүлээн зөвшөөрч, хүлцэж чадахгүй болдог энэ туйлшралыг, гамшиг, гажуудлыг уран бүтээлээрээ анхааруулж байна. Бас амьдралыг эмгэнэлт мөн чанартай болгодог зөрчлийг дэлгэж, сайн муугийн тухай гүн ухааны эргэцүүлэлд хөтөлж, хамгийн гол нь нийгмийнхээ бодит байдлыг гарт бариулсан томруулагч шилээр өөрийн эрхгүй анхааран харахад хүргэж байна. 

 

сонин mn

Тодко маань энэ жүжгээрээ бие даасан томоохон уран бүтээлчийн зам дээр гарч ирснээ зарлаж байна. 

 

Жүжиг эхлэхэд тэрбумтны охины төрсөн өдөр болж, аав нь хэзээ ч сөхөж байгаагүй хөшгийг нээнэ. Охин үзээгүй юмаа үзнэ. Тэр нь Улныхны амьдрал. Улныхан. Манай бодит байдал ийм л байгаа. Нэг хэсэг нь тэнгэрт заларч, онгоц захиалан тив алгасан зугаалж, хуульч, шүүгчдээр гутлаа үнсүүлж, улс төрчдөөр мах шаруулж... Харин нөгөө олонхи нь ипотекийн зээлээ төлөхийн тулд өглөө үдэшгүй таксинд шогшиж, итгэл найдвараа алдсанууд нь архидаж, зүгээр алхайн хэвтэцгээж байна... Тансаг шилэн байшингийн дээд давхараас хулгана хүчгэнэ мэт гүйлдэн, өт хорхой мэт арваганалдан харагдана. 

Ингэхэд ер нь тонн тонн алтныг хүлээсэн хүлээлтээс өөр юу ч гарах вэ дээ. Манай нийгэм даяараа л ямар нэгэн алт хүлээцгээж байна. Тэгээд л өнөөдөр 6 сая тонн нүүрсний хулгай, Банкны дээрэм, төмөр замын дээрэм, элдэв сангийн дээрэм, хуулийн дээрэм, явсаар МОНГОЛ УЛСЫН хөгжлийн дээрэм ид өрнөж байна. 

Рабиндранат Таагүүрийн “Зүрхний хилэн” жүжгээс хойш театр зорилгүй уджээ. Сая харин зорив. Зохиолч Тодко Мягмартогтох дүүгийн урилгаар...  Жүжгийг дуусан дуустал шүүрс алдав. Дуусангуут гараад бушуухан гүн амьсгаа авав. Зохиол бүхэлдээ гүн эмгэнэл. Төгсгөлд нь аав, хүү хоёр алуулж, Дарханшагай алуулж, хөөрхий Энхэлгэн охин бөөрөө авхуулаад бас алуулж, Ивээлт бас тахир дутуугийн тэргэн дээр амьдраараа хадуулж, харин түүний цаана ХОЁР ТОНН алтаа гартаа оруулж авсан хүмүүсийн болор хундаганы жингэнээн сонсогдоно. Энэ амьдрал найдваргүй мэт, шударга ёс гэдэг зөвхөн хоосон мөрөөдөл, зэрэглээ мэт санагдуулна. Гэвч Ивээлтийн “Үнэн юм гэж байж л таараа. Өчүүхэн төдий хэлтэрхий ч үлдсэн байж таараа” гэсэн монолог цээжний гүнээс, бүр цаанаас бүдэгхээн цуурайлна. Ер нь үлдсэн л байж таараа. Зохиолчийн амин санаа энд. 

Дашрамд хэлэхэд энэ жүжгийг, зохиолчийн санааг амьдруулсан найруулагч, Эмоци продакшныханд талархал илэрхийлье. Эхийн дүрийг бүтээсэн Нарансолонгыг таньсангүй, хажууд сууснаасаа “Энэ дүрд хэн тоглож байна вэ?” гэж асуухад хүрэв. Тэрбээр жинхэнэ жүжигчний чадвар шавхсан, хумсаа нууж чаддаг, дотроо нэн хурц зөрчилтэй, тайзны томоохон дүрийг бүтээжээ.

Юун мааз хошин шог вэ, цаашаа. Балмад, танхай, эрх дураар, эрээгүй бүдүүлэг ч цаанаасаа хүн чанарын гэгээ сүүмэлзүүлсэн Дарханшагайн дүрийг жүжигчин Эзэнмөнх амьдруулав. “Мөнгөний боол, үнэнээс урвагч, худлын гэрч” болж яваадаа, тийм орчинд байгаадаа тэр байж ядна, хараана, зүхнэ, буудна. Бачимдан бархирна. Гөлөг царайлж байгаа ч цаана нь цусанд дурлах ирвэсийн дүрийг бүтээсэн Баатархүү ч бас аргагүй ясны жүжигчин юм гэж бодогдов. Ер тэр нь муу гэх юм хомс. Дүр болгон хурц зөрчилтэй. Тэгэхээр жүжигчин бүрээс чадвар шавхсан байж таарна. Тайзны шийдлүүд, гэрэлтүүлэг ч янзтай байлаа. 

 

За тэгээд жүжгээ үзээд өөр өөрсдийнхөөрөө дүгнээрэй. 

-Жүжгийн нэр нь “Нэгэн зуны цэцэг”

-Зохиогч нь Тодъо Самсон.

-Найруулагч нь Ч. Найдандорж 

-Соёлын төв өргөөнд орой бүр тоглож байна. 

 

Б.Номинчимэд