Т.Бадамжунайн биечлэн оролцох хүсэлтийг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав
2023/10/25
Т.Бадамжунай өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй ч дараагийн удаад биечлэн оролцох хүсэлтэй байгааг өмгөөлөгч нь мэдэгдсэн.
Энэ хүсэлтийг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
Түүний өмгөөлөгчийн зүгээс "Эрүүл мэндийн шалтгаантай тул" гэх тайлбарыг хэлж Улсын хоёрдугаар эмнэлгийн тодорхойлолт, албан бичгийг танилцуулаад байсан юм.
Т.Бадамжунай хүсэлтэд “Есдүгээр сарын 25-ны өглөө тархиндаа цус харваж, зүүн талын гар хөл болон хэл ярианы саажилттай болсон. Улмаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал тааруу, бусдын асрамжид байгаа тул энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Гэхдээ дараагийн хуралд оролцох хүсэлтэй байна” гэж дурджээ.
Эмч нар түүний сэтгэл санааг тайван байлгаж, цочролд оруулахгүй байхыг зөвлөж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс ийнхүү гаргаад байсан юм.