Санхүүгийн гэмт хэргийн шинжээч Д.Тэгшбаяртай ярилцлаа.

-Дэлхийн улс орнуудын Зохион байгуулалттай гэмт хэргийн индексийн үнэлгээ гарч, Монгол Улсад зарим төрлийн гэмт хэрэг хяналтаас гарах эрсдэлтэй гэж үнэлэгдсэн талаар та мэдээлсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын санаачилга гэж байгууллага байдаг. Энэ байгууллагаас хоёр дахь удаа дэлхийн улс орнуудын зохион байгуулалттай гэмт хэргийн индексийг гаргаснаа есдүгээр сарын сүүлчээр зарлалаа.

Өмнө нь 2021 онд анх удаа зарлагдаж байсан. 2022 оныг үнэлсэн индексийг сая зарлахад Монгол Улс олон улсын жишгээс зарим талаараа доогуур, зарим талаараа арай боломжийн үзүүлэлттэй үнэлэгдсэн.

Дээрх индексийг хоёр бүлгээр үнэлдэг. Нэгд, зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцөл буюу үүн дотроо гэмт хэргийн зах зээл, гэмт хэрэгтнүүдийн зохион байгуулалт ямар байна вэ гэдгийг үнэлнэ. Хоёр дахь бүлэгт нь тухайн улсын гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл буюу улс төрийн манлайлал, ил тод байдал, Засгийн газрын хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа, шүүн таслах ажиллагаа, хүний эрхийн хууль тогтоомж нь ямар юм бэ, системийн хувьд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл байдлыг сайжруулах чадварыг үнэлдэг.

НҮБ-ын гишүүн 193 орноос манай улс эхний бүлэг буюу зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн нөхцлийн тухайд олон улсын жишгээс арай доогуур. Гэмт хэрэгтэй тэмцэх орчин нөхцөл, системийн хувьд чадавхаараа олон улсын жишиг хавьцаа байна. Дундаж оноогоор манай улс 2021 оноос бага зэрэг сайжирсан байна лээ.

Зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн орчныг үнэлэхдээ 15 орчим төрлийн гэмт хэргийг авч үздэг. Харин системийн хувьд үзэхдээ 10 орчим хүчин зүйлийг үнэлдэг.

-Хуурамч бараа бүтээгдэхүүний эргэлт хяналтаас гарах эрсдэлтэй гэдэг нь анхаарал татсан. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн хуурамчаар орж ирдэг гэсэн үг вэ?

-2022 оны үнэлгээн дээр хэд, хэдэн зүйлийг нэмж оруулж ирсэн нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавх, цахим гэмт хэргийн орчин, хууль бус бараа борлуулалт, хөрөнгө дээрэмдэх, хүч хэрэглэж олж авах зэрэг таван төрлийн гэмт хэргийг нэмж оруулж ирж үнэлсэн байсан. Яг энэ нэмэгдэж орж ирсэн үзүүлэлт дээр Монгол Улс сайн үнэлэгдсэнгүй. Онцгой бараа, хууль бус бараа борлуулах эрсдэл хяналтаас гарах шинжтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, манайх хил гаалиар нэвтрүүлж оруулж ирж байгаа хуурамч бараа бүтээгдэхүүн дээр хяналт сул байна. Дэлхийн брендийн бүтээгдэхүүнүүд хуурамчаар орж ирж байна. Gucci-гийн цүнхнээс эхлээд маш олон төрлийн бараа орж ирдэг. Хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих нь өөрөө үй олноор хөнөөх зэвсэг, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх эрсдэл гэсэн өргөн утгаараа ноцтой асуудалд тооцогддог.

Нөгөө талаар хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл гэмт хэргээс олдсон мөнгөн хөрөнгө дахиад гэмт хэрэгт орж байдаг гэдэг утгаараа анхнаасаа олдсон хэлбэр гэмт хэргийн гаралтай, цаашлаад дахиад хуурамч бараа бүтээгдэхүүн өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, эндээс олсон орлого ашгийг дахин гэмт хэрэгт ашиглах магадлалтай гэж үздэг. Энэ утгаараа хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулалт гэдэг дээр дэлхий нийт өндөр ач холбогдол өгч эхэлж байна.

-Хар тамхины хэрэглээ өндөр улс гэж манайхыг үздэг. Энэ байгууллага ч бас үүнийг баталжээ?

-Манай уналттай гарсан өөр нэг асуудал бол хар тамхины хэрэглээ, зах зээл. 2021 оны индекс дээр ч үнэлэгдэж байсан энэ үзүүлэлт 2022 оных дээр илүү нарийвчилж орж ирлээ. 2021 онд Монгол Улсад хар тамхины зах зээл байна, өсч байна гэж байсан бол 2022 онд тухайн хар тамхины зах зээлийг дотор нь задлаад үзсэн байна. Каннабис, синтетик хар тамхины худалдаа, зах зээл өндөр өсөлттэй гэж үзсэн. Геройн, кокейны зах зээл дээр нэг их өөрчлөлт гараагүй харагдаж байна. Харин синтетик дээр өсөлт өндөр байгаа нь маш эрсдэлтэй. Синтетик байх тусам донтолт хурдан бөгөөд хүчтэй явагддаг учраас өндөр эрсдэл байхаас гадна цаашаа өргөн хүрээг хамрах, тархах магадлалтай гэж үздэг. Энэ бол маш том анхааруулга.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр залуучууд, хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ өсч байна. Цаашдаа 43 хувиар өсөх магадлалтай. Тиймээас хэрэглээг хумих, хяналт хариуцлагын механизмыг сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж хэлсэн нь цагаа олсон мэдэгдэл.

-Рекетлэх, хүч хэрэглэж хүний эд хөрөнгийг өөрийн болгох гэмт хэрэг хяналтаас гарах магадлалтай гэжээ. Тэр бүр мэдээлэгддэггүй гэмт хэргийн төрөл хяналтаас гарах хэмжээнд хүрэх гол шалтгаан юу юм бол?

-Онолын хувьд 1920-иод оны АНУ, 1900-гаад оны эхээр Европын холбоо, Англи гэх мэт улсуудад авлигатайгаа эрчимтэй тэмцээд ирэхээр рекет дээрмийн үйл ажиллагаа өссөн гэсэн судалгаа байдаг. Пропорционал харилцаатай гэсэн үг. Нэг талд авлига буурахад нөгөө талд дээрэм өсөх магадлалтай. Авлигыг системээр нь бууруулна гэж үзэхдээ нөгөө талдаа ажлын байр, хөрөнгө, оюуны өмч хамгаалах, хөдөлмөрийн баталгаа бий болгох, аюулгүй байдал талаас нь анхаарах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв энэ тогтолцоо бүрдэж чадахгүй бол нөгөө талд хүч хэрэглэж хөрөнгө олж авах бүлэг өсөлттэй гарч байдаг гэсэн үг юм. Манайд энэ төрлийн

хэрэг өсөх хандлагатай, эрсдэл нь хяналтаас гарах магадлалтай байна гэж үнэлэгдэж байна. Тэгэхээр энэ бол анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай бас нэгэн хэсэг. Нэг талдаа хууль хяналтаа сайжрууллаа. Авлигын гэмт хэргээр гэмт хэрэгтнийг барих хориход илүү фокус өгч байгаа үед системийн хувьд тогтвортой байлгах, хүний хөрөнгө өмч, оюуны өмчийг хамгаалах хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй.

-Хуурамч барааны эргэлтийг хянадаг эсэх нь нэлээд бүрхэг юм. Цагдаагийн байгууллага ажиллах ёстой юу?

-Цагдаагийн байгууллагад хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх тусгай нэгж алба байдаг байх гэж бодож байна. Дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй юм. Бид яаж харвал илүү үр дүнтэй вэ гэвэл хэдийгээр шинэ индекс боловч ялангуяа цагдаагийн байгууллага холбогдох бусад хууль хүчний байгууллага үүн дээр анхаарал хандуулах шаардлагатай болсны дохио. Нэгэнт эдгээр асуудлыг үнэлээд байгаа юм чинь бид өгч байгаа мэдээллээ тодорхой болгох хэрэгтэй, дотоод чадавхаа бэхжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх арга хэмжээ мөн иргэдэд хүргэх нөлөөллийн ажлаа зөв чиглэлд хандуулах ёстой. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой юу, хүн хүчээ нэмэгдүүлэх үү, эсвэл цахим хөгжил дээрээ илүү анхаарах уу, хил гаалийн хяналтаа чангаруулах уу эрсдэлээ үнэлээд үнэлгээнийхээ дагуу үйл ажиллагаагаа үе шаттай явуулах ёстой юм. Ер нь аливаа үнэлгээ улс орнуудаас тов тодорхой, төгс юм шаарддаггүй. Бид ойлгомжтой, ил тод, өгч байгаа мэдээллээ системтэй, үнэлэгдэхүйц байлгаж л чадахгүй байна. Тодруулах шаардлагатай бол хэн нь ч, хэдийд ч холбогдох боломжтой шүү дээ.

-Цахим гэмт хэргийн нөхцөл байдал ямар юм бэ, манайд?

-Үнэнийг хэлэх үү. Цахим гэмт хэрэг дээр манай улсын төрийн хэмжээний дата хадгалдаг сервер нь олон улсын хакеруудын халдлагад өртсөн асуудлаас болж цахим аюулгүй байдал тал дээр сайн үнэлгээтэй гарахгүй байгаа.

-Хэзээний халдлагыг та хэлж байна?

-2020 оных. Одоо ч манайд халдлага гарч байгаа. Ер нь атемт буюу халдах оролдлого өдөрт секундээр хэмжигддэг. Ялангуяа хоёр хөрш талаас цахим халдлага хийх эрсдэл өндөр байна гэж гарч ирсэн. Дээрээс нь бид өмнө нь том мэдээллүүдээ алдаж байсан. Жишээ нь, банкны 1.7 сая харилцагчийн мэдээлэл алдагдаж, Курдын хакерууд манай төрийн байгууллагын яаж хакадсанаа дарквеб дээр цацаад, мэдээллийг нь харуулаад, сайтыг нь харуулаад онигоогоо чирсэн шүү дээ. Тэр үед арилжааны банкийг буруутгаад өнгөрсөн боловч яг алдсан нь төрийн байгууллага байсан. Нэрийг нь дурдаад яахав. Цахим гэмт хэрэг, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бодлого боловсруулах, ФАТФ-ын өмнө тайлангаа хамгаалахад оролцдог байгууллага л байсан. Өөрсдөө цахим сайтаа шинэчилж байгаа гэх мэдээллийг иргэдэд өгч төөрөгдүүлсэн. Гол нь эндээс бид юу сурсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.

-Яаж тэмцэх ёстой вэ?

-Ер нь цахим вирус 97 хувь нь полиморфик буюу илрүүлэлтээс зугтаах чадвартай болж хувираад байна. Омекрон, альфа, дельта гэж хувирдагтай адилхан цахим вирус хувирна гэсэн үг. Бид төрийн байгууллагын мэдээллийг хооронд нь холбох дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ холбохоос гадна хамгийн гол зүйл нь цахим аюулгүй байдал. Энэ асуудал зөвхөн энэ индекс дээр гарч байгаа юм биш. Олон улсын Серфшарк байгууллагаас гаргадаг Дижитал амьдралын чанарын индекст манайх цахим аюулгүй байдал дээр дэлхийн 121 орноос 102-т явж байна. Цахим аюулгүй байдал тал дээр дэлхийн жишгээс нэлээд хол тааруу байна.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд нь үндэсний аюулгүй байдлыг цахим аюулгүй байдлаар алдагдах гэж байна гэж мэдэгдчих шиг болсон. Анхаарах ёстой зүйл рүүгээ л анхаар. Иргэдийн дуу хоолойг боох, цахимаар шүүмжлэл хэлэх, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх рүү халдахын оронд энэ ажлаа л хиймээр байна.

-“Е-монголиа”системд манай нийт хүн амын мэдээлэл нэгтгэгдэж байгаа. Магадгүй эрсдэл үүсэх үү?

-Манайд цахим хөгжил дээр давуу тал олон байдаг. Нэг зүйл бий. Манайхаас илүү үнэлэгдээд байгаа улсуудаас Монгол Улс уг нь давуу тал олонтой. Бид яагаад үүнийгээ харуулж чаддаггүй юм бэ гэдэг л асуудал. Олон улсын үнэлгээг дан гаднынхан үнэлдэг юм биш. Жишээ нь, эрсдэлийн индекс эсвэл нэгдсэн тайлан дээр дан гаднынхан үнэлэх тохиолдол бий ч ихэвчлэн дотоодын зөвлөхүүд олон улсын үнэлгээ руу ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Тэгэхээр дотоод зөвлөхийн олж авч байгаа мэдээлэл дутуу байгаад байна. Дутуу байгаа нь тэр зөвлөхүүдийн буруу биш. Төрийн байгууллага баахан тууз хайчилсан, баахан нээлт хийсэн мэдээллээ энд тэнд цацахын оронд яг тодорхой хэрэгтэй, авч хэрэглэж болохуйц мэдээллийг мэдээлэх хэрэгтэй байна. Муу үнэлэгдэж байгаа бол манай улсын хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй байгаатай холбоотой.

Б.ЭНХЗАЯА

ӨДРИЙН СОНИН