Цоодолын Хулан: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан
2023/11/11
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, Улсын Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн нь сүүлийн үеийн ярианы гол сэдэв болж байх шиг. Гурван жил гаруй нэгдсэн МАНАН “сарниж” буй энэ үйл явдлаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Сансарт манайхаас анх хүн нисэхэд “Монгол хүн хамгийн сүүлд хэзээ ингэж баярласан бол оо” гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас хүн асууж л дээ. Тэгэхэд нь “Манжаас салахад л нэг ингэж баярласан юм гэнэ лээ гэж хариулсан яриа байдаг. Одоо бол төр засаг солигдоход баярлаад, эсвэл гомдоод байх зүйл алга аа. Углуургаар нь бодох юм бол, ар өвөр монголчууд нэгэн нударга болж мөлжигч дайснаа дарсан Тусгаар тогтнолын их ойнхоо дараа ингэж байгаа нь иргэн хэнбугайд ч олигтой байхгүй л байх. Монголынхоо төрийг би будааны үнээс болж огцордог Япон, Солонгос, хөнгөн явдлынхаа горонд огцордог Берлусконигийн төрөөс том, дээгүүрт боддогтоо ч тэр үү. Муу хүүгийнхээ толгойг тэврээд нулимстай андгай тавьж явсан Ханд ван, цэргийн их сүлд Магсаржав Хатанбаатар, Хотгойдын Чингүнжав, Гоймон баатар нарын, эзэн Чингэсийн маань төр юм шүү гэж санадаг болохоор, тэдний сүнс одоо байгаа бол, алга ташихгүй л байх. Бид цөөхүүлээ улс. Муу ч болов эвтэй байхыг дээдэс захидаг л даа.
–Та МАН–ын гишүүн учраас АН–ынхны шийдвэрт таагүй байгаа бололтой. Тийм үү?
-Миний аль нам байх хөндлөнгийн хүнд бүү хэл өөрт нэг их сонирхолтой биш ээ. Төрийн албан хаагч болоод удсан. АН Засгийн газраас гарч буй нь улс төрийн шийдлийн хувьд өөрсдөд нь зөв санагдаж болно, харин жаахан хүнлэг бус, ёс зүйгүй юм болчихлоо доо гэж айж байна. Улс төр бол оволзоод өнгөрдөг сонгууль төдийхөн биш байх аа. Өргөн их амьдрал, хүмүүсийн итгэл, бидний бүтээж ядаж яваа улс гүрний нүүр царай, нэр хүнд гээд яривал улстөрчдийг их л өөр, уужим дэлгэр сэтгэдгээр хармаар болдог юм. Энэ жил аанай л их хүйтэрч байна. Сүүлийн 5О жил унаагүй их цас орно гэж хүртэл ярьсан. Малчид гэж урдаа барьдаг ганц үгийг биш гэхэд, баялаг бүтээдэг эгэл хүмүүсийн төлөө зовних зовиур улстөрчдөд ер нь байдаг юм болов уу?
Эхлүүлсэн ажлынхаа ард гарч, чадвараа сорих, дүгнэх, олсон жаахан нэр хүндээ ахиулах боломжоо энэ хоёр нам алдчих шиг болдог юм. Ард түмэн хохирч байна гээд л одоо өөрсдийгөө гурав дахь хүчин гээд эндүүрчихсэн эрээвэр хураавар улс оодорно доо. Төрд ч гэсэн хүндийн жин гэж байдаг бол тэр нь гарцаагүй МАН, АН хоёр юм. Энэ нэгдмэл, жинтэй болж ирж байсан ололтоо яасан хямдхан арилжчихав аа гэж санагдаж байна. Хорин жил нэгнээдээ хөрөөний ир шиг арсайж байснаа эвлэж засаглаад, эрүүл сөрөг хүчнийг дундаасаа төрүүлэх боломж байсан юм шүү. Намчирхал бол аяандаа хоцрогдох эд. Хамтарсан Засгийн газрын хамгийн нааштай, ирээдүйтэй алхмууд чухамхүү хамтарсандаа л байсан. Ийм эв эеллийн засгийг зөгнөлцөж байсан хүний нэг би.
Сү.Батболдод долигонож байна л гэж хэлэх байх, өөрсдөө тийм улс. Зөвхөн уул уурхайн салбарт гэхэд, бусад ширүүн оронд иргэний дайн ч гардаг энэ хүнд салбарт олон асуудал гацаанаас гарсан. Хувь, ногдол ашгийн тухай ярих эрт байна, гэхдээ л галт тэрэг хөдөлчихлөө. Аядуу хүлээцтэй чанарыг нь зөөлчилсөн, бассан Ерөнхий сайд л кабинетаа жигд ажиллуулж, урьд урьдынхтай харьцуулахад нэр цэвэр багийг удирдлаа. Гэрэл гэгээтэй, сайн сайхан талуудыг энэ нэгэнт зэлээ эвхэж буй Засгийн газраас олж хараасай. Монгол төрийн жишиг болмоор эрч хүчтэй, далайцтай сэтгэдэг сайдууд торнисны магнайд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга байлаа. Шинэ төмөр зам барих, Сайншандад үндэсний хэмжээний аж үйлдвэрүүдийн цогцолбор барих, орон сууцжуулах ажлуудыг, эхлэлийг зэврээмгүй байна. Мөн Тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол дан Засгийн газар, тэргүүнд нь хэлсэн үг биш. Нэг хөллөгөөний морьд нэгнээ цавчдаггүй. Төртэй хавсайдсан бизнесийнхний дарамтаас салах нь МАН, АН, ерөөс нам бүрт, хэнд ч өгч буй хатуу сануулга гэж ойлгож байна. Олонд их хүрсэн дээ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хөндлөнгөөс ажиглахад ч бизнесийн том бүлэг нэгдлүүдийн эрх ашиг л улс төрийг улс төр биш болгож байгаа нь тод байна.
–Монгол Улсын хөгжлийн гарц тэгвэл юу вэ, таны бодлоор… Уг нь ийм асуулт тавихаар бодоогүй юм л даа. Гэхдээ таны хариултын дараа ингээд асуучихмаар санагдлаа…
-Муу хүн сонжооч гэгчээр, ярихын тулд яригсад олширсон нь төрийг сайжруулах биш харин ч догшруулаад байна уу даа. Шахаа дарамтны аргаар хождог нийгмийн давхарга, сул иргэд бий болчихжээ. Энд би хаврын синдромтнууд, элдэв ТББ, тул хамгаалах нэрээр Бороо гоулдаас гэсэн байх аа,12О мянган доллар ч бил үү аваад тэр ажлынхаа гадуур бас улс төр яриад явдаг их завтай эдийн засагч З.Дашзэвэг гуай энэ тэрийг огт хэлсэнгүй. Нүүрэн дээр гарсан батга шиг яршигтай, мөнхөд дарамталж байдаг нэг газар бол МҮЭ боллоо. Мөн чанар нь тийм гэдгийг ойлгож хүндэтгэж байна, цалин нэмэхийг нэх ээ, нэх. Харин монгол хүнийг ажиллуулдаг, чадваржуулдаг, хариуцлага тооцдог газар байна уу? Ажил олгогч нар айдастай байдаг болсон, би ч ийм айдсыг мэднэ. Ажлаа оронцоглоод цалингаа бүтнээр нь хүртээд явдаг, бэлэнчилдэг, социализмын үеийн сэтгэлгээтэй улсын арми гадаа ярайтал жагсаж байгаа нь НХХЯ гэдэг зохиомол нүсэр бүтэц угаасаа зах зээлийн нийгэмд илүүцийг харуулж байна. МАН ч гэсэн, АН ч гэсэн, халамжийн мөнгө түгээхийг хавтгайруулснаар шударга хөдөлмөрийн үнэ цэнэ уначихлаа. Олон хүүхэдтэй эх, өнчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь халамж бүү өгөөч ээ.
–Халамжаар амьдардаг хүмүүс манайд цөөнгүй бий. Төрөөс өгөх хэдэн цаас амьжиргаа нь болдог хүмүүст таны энэ яриа таалагдахгүй байх даа?
-Ядуу дордос, ажилчин хүнийг хар багаасаа өрөвдөх өмөөрөх үзэл суртлаар хүмүүжсэн ч одоо бодлоо өөрчилсөн. Би нэг хэсэг өөрт огт хамаагүй хүмүүсийн амьдралд оролцож, чадлаараа тусалж, дүрдээ баахан итгэж, сүүлдээ гутарсан. Гэлээ гээд хүнд туслахаа больчихоогүй л дээ. Заяа заяандаа төрдөг улсыг бурхнаас илүү гарч мэднэ гэж байхгүй. Нэг ядарсан айлд ганц шүдлэн хонины мах өгье гэж бодоход ганц л орой бүхлээр нь чанаад идчихээс биш, долоо хоногтоо хүргэе гэхгүй. Энэ яльгүйхэн жишээ ч Засгийн газрын халамжийн бодлогын буруу гэдгийг илчлээд байгаа юм. “Адмирал” гэж нэг гоё кино гарсан юм аа. Большевикуудын тухай. Өөрсдөө хэзээ ч бүтээж чадахгүй юмыг хядаж устгаж байсныг нь харахад одоогийн балар харанхуй массын дүр төрх санагдсан. Дээд боловсролгүй ч бай, Монголд эрүүл зөв сэтгэхүйтэй, ажил хийвэл ам тосдоно гэж хичээдэг улс л хэрэгтэй болохоос мянган долларын цалин авах, эрдэнийн хувь хишиг хүртдэг байх энэ тэр бол хөгжлийн зөв хандлага биш ээ.
–Одоо сонгууль ч эхэлчихлээ дээ гэж хэн хүнгүй ярьж байна. Сонгуулийн тухай хуулиар зохицуулалт хийх гэж оролдсон ч баахан амлалт ил далд явах байх даа?
-МАН өөр дотроо учраа олж, заримдаа буулт хийж сурч, сонгуулийн луйвар гээчээс хол байвал дийлдэхгүй нам л даа. (инээв) Сүүлийн олоон жилд улс төрийн ховоор амьдрахаас өөр авьяасгүй нэг хэсэг улс шигдчихээд баллаад байсан юм. Нутгархагчид, олигархиуд, дүрэмдэхээс цаашгүй, тархи зүрх хоосон хэнхэгчүүл гээд юм юмтай байснаа одоо арай дээрдсээн. Гэхдээ л тэдний заримынх нь үр сад болох мөрөн дээрээ буусан хялгасыг үлээсэн цагаан гартан, алтны уурхайн магнат банди нар том, том портфель бариад дарга нар луу мессеждээд л явж байгаа. Муу улсын балаг яасан ч дуусдаггүй юм бэ.
Энхбаярыгаа “өхөөрдсөөр” байгаад өсгөчихлөө. Анхнаасаа тоохгүй байх ёстой байсан юм. Одоогийн удирдлага, дээд дунд албан тушаалтнууд дунд түрийвчээрээ холбогдсон, одоо хүртэл нэрнээс нь айж бэмбэгнэж явдаг цөөнгүй улс бий. Тийм л болохоор авлига, хууль бус үйлдлүүд ил гарсан ч удалгүй замхраад байна. Эднээсээ зоригтой салчихвал МАН гүйцэгдэхгүй ээ.
АН гадаадын хөгжлийн загварыг манайдаа шууд наачих гэдэг нийтлэг алдаатай л болохоос өсч өөдөлж яваа хөгжингүй нам. Хоёрдугаарт, энэ намуудын аль алинд нь байх албан тушаалаас албан тушаалд сууж байсан хүмүүсээс Монгол Улсын хөгжил ингэтлээ удааширсны ялыг асуух цаг болжээ. Оронд нь ид хийж бүтээж яваа улсыг нэр дэвшүүлээсэй, жишээлбэл БЗД-ийн дарга Ч.Батзориг байна. У.Хүрэлсүх түүний үеийнхэн ачаа даадаг, ажиллаж сурч байгаа нь сүндэрлүүлсэн Тусгаар тогтнолын ордон шиг нь бодитой, юмлаг юм болж харагдаж чадаж байна. МАН-ын гол ололт нь алдаагаа харах, засах замдаа шулуудсанд байгаа, ингэхгүй нэг хэсэг “зөрүүдлээ” биз дээ. (инээв) МАН-ын төдийгүй АН-ын дол цохисон архаг гишүүд, тэр дундаа архи тамхины, хүмүүнлэг бус, бизнесээр хөлжигчид, цаашлаад уул уурхайн лицензүүд өвөртлөөд орж ирж байгаа нэр дэвшигчдийг хажиглах, сэжиглэх эрх сонгогчдод бий шүү. Х.Баттулга сайдын өргөн бариад дэмжигдээгүй хуулийн төсөл нэр томьёолол, найруулгын хувьд олзлогдохоор алдаатай байсан ч, маш зөв зүйтэй санал. Үндсэн хуулин дахь эрхийг нь хөндөлгүй, тухайн бизнес эрхлэгч гишүүдийг тухайн салбарын хууль, нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын төсөв, тендерийг УИХ-аар хэлэлцэхэд эрхийг нь хязгаарлах, тэр бүү хэл огт оролцуулахгүй байх зэргээр эхний ээлжинд зохицуулах ёстой юм биш үү. Ард түмэн цаагуураа их дэмжсэн санал даа. Иймэрхүү өөрчлөлт парламентыг эрүүлжүүлж, цаашдаа ийшээгээ орохсон гэх улсын хорхой дарагдана. Сонгууль ч арай шударга болно. Энэ сонгуулиар арай амжихгүй, тулгамдана.
–Та МАН–ын дэргэдэх эмэгтэйчүүлийн байгууллагын Удирдах зөвлөлд багтдаг хүн. Эмэгтэйчүүд энэ сонгуульд хүчтэйхэн үзэх бодолтой байх шиг, та яах вэ?
-Ярих гэж бурдаг, явах гэж нурдаг, сэтгэх гэж гүтгэдэг, сэлэх гэж живдэг насандаа тулчихаагүй дээрээ тийм юм боддог л юм. Гэхдээ энэ удаа биш ээ. Төрийн их өндөр баганын дэргэд би нуруугаар ямархан амьтан бэ гэж өөрийгөө басч, хувьдаа ч их бэлдэж орох ёстой байдаг байх аа. Улс төр бол хүн өөрөө юм гэх ухааны юм ярьдаг даа. Ухаандаа, тохитой төвшин хүн гайт долдугаар сарын нэгэнд төрийн тэргүүний сэнтийд заларч байсан бол саарал ордон цагдаа нарыг зэвсэглэж ээж аав, ахан дүүс рүү нь буудуулах уу. Үгүй ш дээ. Жишээ нь Миеэгомбын Энхболд тэр үед Ерөнхийлөгч байсан бол эргэлзэж, нүдээ эргэлдүүлээд дотроо банжаад сууж байтал нь нөгөөдүүл тараад явчих хэмжээний хүлээцтэй, суурьтай хүн. Яаран мэс барьдаг, хүч түрэмгийлдэг харчуулаас төр маань хөндий байж, эртнээс нааш цэрэг цуух, суутай жанжиддаа ч хэтэрсэн их мэдэл өгч байгаагүй. Эхнэрээ үсдэж зоддог гишүүн манайд нэг бус байгаа хойно юуны чинь жендер ярих. Тийм балиар юмнууд эхлээд эр хүн болж, дараа нь төр улсын хэрэгт ор. Шуналаа дарж сураагүй нь шахааны бизнес цэцэглүүлдэг, энгийн албан хаагчдыг намаар ялгадаг зэргийг би хувь хувьсгалын олон жишээгээр баримттай нь нотолно. Манай гэр бүл ил ч, далд ч зөв явахыг хичээж, түмний даалгасан ажлыг аваад явах хэмжээний улс гэдгээ бардам мэдэхтэйгээ болохоор миний бүхэн рүү хулгайч гэтвэл эм бар шиг үзэлцэнэ. Заавал гишүүн байх ч албагүй. Миний үг үйлдэл зөрөхгүйг түмнээрээ мэднэ ээ.
–Хоёулаа баахан улс төр ярьлаа. Одоо жаахан гэгээн зүйл ярья. Таны удирддаг Хүүхэлдэйн театрын тухай ч юм уу?
-Манай театрыг асуудаг чинь сайн боллоо. Хамт олон минь ажлын ачаалалтай, ихийг бүтээсэн он гарлаа. Олон уран бүтээл тавьж, багцаагаар наймаас есөн мянган хүүхэд, мөн тийм тооны эцэг эх манайхаар ороод гарсан байна. Таван аймагт аялан тоглолт хийлээ. Бид олон сая төгрөгөөр орлогын төсвөө гурав дахь жилдээ давуулан биелүүллээ. Бид хийх ёстой юмаа л хийж байна. Яамнаас овоо доо гэж баярын бичиг шидээд байхгүй ч цаагуураа дэмждэг ээ. Бас нэг баяртай мэдээ гэвэл Хүүхэлдэйн театрыг шинэ ордонтой болгохоор Засгийн газрын 2О12 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд оруулсан. Одоогоор газраа олоогүй л байна.
Ирэх жил Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр” сургаалт найргийг сүүдэрт жүжгийн төрөл зүйлээр найруулан тавихад зориулж Соёл урлагийн сан 2О шахам сая төгрөг өглөө.
–Оны өмнө хэсэг найрагч АНУ–д очиж, тэнд суугаа монголчуудтайгаа уулзан шүлэг найргаа уншаад ирсэн гэж дуулсан. Та явсан газрынхаа сониноос дуулгаач?
-АНУ-ын Денверт “Тулга” клубийнхэн гэж романтик, бас нутгаа санаж гүйцсэн хэсэг амьтад байна. Зураачид, жүжигчид, банкирууд, барилгынхан, багш, эмч гээд мэргэжил мэргэжлийн улс, тэр дундаа есөн гэр бүл “Тулга” клубийг анх байгуулсан юм байна.Тэд гэр барьж, цагаан сар, наадмаа ёс төртэй хийж, хотынхоо цэцэрлэгт найман метр өндөр мөнгөн тулга босгосон байхыг үзлээ. Тэд ердөө эх орон гэж байдгийг үр хүүхдэдээ мартуулчихгүйн тулд ингэж байгааг нь сонсоод нулимс гарч байлаа. Хүний эх орон, нутаг яасан ч хүчтэй юм. Манайхан цөм сайн явна лээ. Нэлээд нь хувийн хаус энэ тэртэй болчихож. П.Бадарч гуай, Г.Мөнхцэцэг бид гурав баахан амьтан инээлгэж уйлуулж, өөрсдөө ч хөөрч хөгжиж яваад ирсэн. Яруу найргийн уулзалт анх зохиогдсон болоод ч тэр үү, муж мужаас үзэгчид, тэнд суугаа үгийн уран бүтээлчид маань цуглаж, танхимдаа багтаж ядан найман цаг шүлэг сонслоо. Бас тэднийхээ уран уншлагын тэмцээнийг ч үзлээ. Дараа жил Чикагод хийнэ гэсэн. Сая Колорадогийн монголчуудын холбоо ч биднийг урьж, бүгд л зүтгэсэн дээ.
–Нээрээ, яруу найраг гэснээс өнөө жилийн “Болор цом“-ын эзнээр нэр нь таамагт ороогүй яруу найрагч түрүүлсэн. “Болор цом“-ын тухай сэтгэгдлээсээ хуваалцаач…
-Овоо юм уншдаг байрын хүү түрүүлсэнд баяртай байгаа. Арын хангайн идээ цагаа шигээ танан сэтгэлт ард олны буянд “Болор цом” маань сайхан боллоо. Бид саяхан л өөрсдийгөө годгоносон охид,шоволзсон хөвгүүд гэж бодож явжээ. Найргийн ачаа тэн бидний нуруун дээр ирснийг, энэ хэдэн хөгшдөө амьдрал, аяны алтан замд зутраалгүй авч явах энэ тэрийг бүгдэд бодуулах шиг болсон. Энэ муу хэд маань Монголд дахин төрөх юм биш.
–Утга зохиолын ахас ихэс нэг нэгээрээ одоод л байх юм. Саяхан л гэхэд яруу найрагч Цэндийн Чимэддорж хорвоогоос халилаа. Гэнэт л явсан дуулдах юм?
-Манай муу Чимээ ах 55-тайдаа зүрхний шигдээсээр өөд боллоо. Гурван жилийн өмнө хань нь унаад, нэг л бүүдгэр гундуу яваад байсан даа. Энэ үеэс эцсийг нь хүртэл ажилтнаа, найрагчаа яаж ийгээд хадгалж авч явсан Монголын Радио гэдэг их айлд, тэндхийн уран бүтээлчид, дарга нар, үүдний харуул, дэргэд нь хоноглож ч явсан байж мэдэх модон ширээнд нь хүртэл найрагчдынхаа өмнөөс гүнээ хүндэтгэлтэйгээр толгой мэхийе. Найрагчийг ойлгох буян заяа хүн бүрт байдаггүй билээ. Эцэг хорвоогийн гунигийг өвлөөгүй гурван хүүхэд нь мэлтийтэл хараад хоцорлоо. Нутгийн хүний гар сунгасан Мон-Ураны Наранхүү овоо эр хүн юм. Хотын баруун зүүнд буяны газрын ханш гаарсан байдаг юм байна. Доод ханш дөрвөн сая болохоор нэрэлхээд л аргалдаг байх даа, хүмүүс.
Ийм газраа төр биш гэхэд, хот мэдэлдээ авмаар юм. Анд найз П.Адарсүрэнгээсээ хойш хийморийн туг нь гудайж, амраг ханиасаа хойш дэлхий тамгалахад бэрх явсан алдарт “Дэрэнгийн хар азарга”одоо л нэг амарч, Шүлэг ууланд шингэв ээ. /санаа алдав/
–Таны “Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг ишлэлийг олон хүн ярилцлага энэ тэрдээ хэлсэн харагддаг юм. “Зүгээр л нэг амьдрахсан” ном тань гурав дахиа хэвлэгдчихэв үү дээ?
– “Соёмбо” хэвлэлийнхэн ивээж, хатуу хавтастайгаар анх удаа гаргалаа. Шилмэл шүлгийн түүвэр маань удалгүй гарна. “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр”-ийн шилбэ товчийг хадаж арай амжаагүй байна. Харин сайхан ном олж уншиж байна. Я.Ганбаатар эрхмийн эмхэлсэн “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомлыг” хавар уншаад, агаар нь зунжин, намаржин салхи шиг дагалаа. Одоо Д.Цэнджавын “Цагаагчин гахай жил” түүхэн роман дээр буусан, салдаггүй ээ. Үнэхээр том зохиолч юм даа.
–Олон л сэдвээр баахан асуулт танд тавилаа. Харин сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?
-Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд нь татах юмсан. Хүн бүр дор бүрнээ мэрийж, нэгэндээ зөөлөн хандаж, ёс төртэйгөө байж, үнэн байж гэмээнэ болохгүй бүтэхгүй зүйл алга л баймаар юм.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ
ӨДРИЙН СОНИН