“Соёлын бүтээлч сар 2023”-ын хүрээнд 16-18 насны хүүхдүүдэд зориулсан үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг бий болгон, соёлын үйлчилгээ үзүүлнэ
2023/11/11
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу Соёлын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нар хамтарсан төлөвлөгөөг баталсан.
Тус төлөвлөгөө нь хүүхэд, залуучуудад соёлын боловсрол олгох, хичээлээс гадуур урлагийн боловсрол эзэмшүүлэх, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. “Соёлын бүтээлч сар 2023”-ын хүрээнд өсвөр насныханд зориулсан соёлын үзвэр, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгож, ерөнхий боловсролын сургуулиар нь дамжуулан ахлах ангийн хүүхдүүдэд соёлын үйлчилгээг хүргэх, эрэлтийг тодорхойлох, цаашид нийлүүлэх соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, арга хэлбэрийг зөв тодорхойлох тандалт судалгааг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд 16-18 насны хүүхдүүдэд зориулсан үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг бий болгон, хөтөлбөрт хамрагдах эрхийн бичиг олгон, соёлын үйлчилгээ үзүүлнэ.
Уг үйл ажиллагааг цахим системээр дамжуулан зохион байгуулж, үзвэр үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс үзвэр, урлагийн тоглолтын талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын сайдын Ахлах зөвлөх С.Оюунбилэг нараар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 03-09-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд болон 195 ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзан арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж өгч, бодлого, чиглэлийг танилцууллаа.
Сургуулиудын удирдлагын зүгээс сурагчдыг соён гэгээрүүлэх, урлагийн боловсрол олгох арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байгаад талархан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн урлагийн заалыг нэгдсэн стандарттай болгох, дүүргийн Соёлын ордноор дамжуулан соёлын боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулах, хөгжмийн багшийг мэргэшүүлэхэд дэмжих, сургуулийн насны хүүхдүүдэд үзүүлж буй соёл, урлагийн контентын агуулга, чанарт хяналт тавих хэрэгцээ байгааг онцолж байлаа.