ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй АНУ-д нэлээдгүй хэдэн жил амьдарч буй. Тэгвэл Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар түүний санхүүг хариуцдаг байсан уу гэх мэдээлэл цацагдав.

Эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр дээрх шилжүүлгийг 2022 оны наймдугаар сарын 15-нд Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлэг хийжээ. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаар 8.9 тэрбум орчим төгрөг болох юм байна.

Хамгийн гол нь “...Г.Төмөрбаатар яагаад Ч.Сайханбилэг рүү ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон бэ” гэдэг анхаарал татаж байгаа юм. 

Тэр нь, тэрбээр “Хөтөл”-ийн захирал асан худ ургийн холбоотой хүнийхээ нөлөөгөөр буюу “49”-ийнхний өмнөөс 2.8 сая ам.долларыг шилжүүлсэн үү. Эсвэл уг шилжүүлгийг хийсэн нэр бүхий банк Г.Төмөрбаатарын нэрийг ашиглаж гүйлгээг хийсэн үү. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал байхад нь зарагдсан автобус баазын газрыг авсан компанийн мөнгийг дамжуулсан уу.

Ямартай ч, Г.Төмөрбаатар энэхүү 2.8 сая ам.долларын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгчээ. Гэхдээ дээрх “таамаг”-уудын аль нь үнэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Учир нь, “...Г.Төмөрбаатар хэрэг тарьсан уу, хэлмэгдсэн үү” гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны эцэст тодорхой болно.

Улс төрийнхэний хүрээнд хэрэгт орооцолдож буй нь дээрх хоёроор дуусахгүй. АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жил, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял оноов.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхрыг нь худалдан авсан асуудлыг 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэлэлцэж шийдвэрлэжээ.

Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь "Монлаа" ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзжээ. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо.

Төрийн дээд албыг хашиж байсан хүмүүс ял сонсох асуудлыг З.Энхболд, Б.Энх-амгалан нар үргэлжлүүлэв. Тэднийг 5-10 жилийн хорих ялаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Эрүүгийн хуулийн 22.1.3-д "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Солонгосын "Zyle Daewoo" компаниас худалдан авсан шинэ гэх тодотголтой хуучин ногоон автобуснууд нийгмийг бүхэлд нь бухимдуулж, үүнээс үүдэн уг асуудыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцорсон билээ. МАН-ынхан Ж.Сүхбаатарт ямар ч ял шийтгэл өгөхгүй хамгаалж үлдэхээр шийджээ гэх яриа чих дэлссэн ч түүнийг яллагдагчаар татав.

2009 оноос хойш авсан автобусны шууд худалдан авалтыг АТГ шалгаж эхэлсэн. Дуулиант "ногоон автобус"-ыг энэ хүрээнд шалгаж байгаа юм.  Уг худалдан авалттай холбоотойгоор хариуцсан сайд, дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Мөрдөгчийн саналаар прокуророос зарим албан тушаалтныг, тухайлбал, Түгжрэлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татжээ. Улмаар, прокурор шаардлагатай гэж үзвэл Ж.Сүхбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч яригдаж болзошгүй болж байна.