"Би зургаан хүүдээ цэрэгт яваад аав шигээ болоод ир гэж хэлэх үү, үгүй юу?"
2023/11/21
"Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт цэргийн албанд татагдаад амь насаа алдсан талийгаачдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд болон ар гэрийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр 2009 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр хугацаат цэргийн ангид алба хааж эрүүл мэндээрээ хохирсон иргэн н.Чинбат “Би 12 жилийн турш эмийг хоол шиг хэрэглэж байна. Намайг гэмтээсэн Нарантулга гэх хүнийг би тэр үед л харсан. Дахиж хараагүй. Уг нь би эр хүн болохын тулд, өөрөө хүсээд цэргийн алба хаахаар шийдсэн юм. Түүнээс биш эрүүл мэнд, амьдралаараа хохирох гэж очоогүй. Монгол улсын иргэн би үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх гэж л би өөрийн хүсэлтээр цэргийн албанд явсан. Гэтэл хүссэн зүйл хүзүүгээр татна гэгчээр цэргийн ангидаа зодуулж тархиндаа гэмтэл авч унаж, татдаг өвчтэй болсон.
Цэрэгт явснаас хойш хоёр жилийн дараа унаж татдаг болсон. Одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Надад зургаан хүү, нэг охин бий. Өнгөрсөн хугацаанд миний хувьд төрөөс нэг ч удаа мөнгө нэхээгүй. Харин хүүхдүүддээ би юу гэж хэлэх вэ. Тэр тусмаа зургаан хүүдээ би юу хэлэх вэ. Цэрэгт яваад зодуулж ийм байдалд орсноо яриад суух хэрэг үү.
Нарантулга гэх хүн миний зүүн тархи руу өшиглөсөн. Тэр хар өдрийг би одоог хүртэл санаж байна. Яагаад гэвэл би одоог хүртэл өвдөж байгаа учраас мартахгүй байгаа юм. Ажил олгогчид намайг голдог. Эрүүл мэндийн асуудлаас болж шүү дээ. Би зодуурын мишок болох гэж цэрэгт яваагүй. Магнизм гээд эм бий. Сэтгэцэд нөлөөлж, булчин сулладаг.
Энэ эмийг цэрэгт явсан олон хүн хэрэглэж байна. Тухайн үеийн цэргийн ангийн удирдлагууд, манай ээжид хэлэхдээ, “Хүүхдийг чинь насаар нь харж, хамгаалах болно” гэж ам гарсан. Би хэрэгтнийг одоо хүртэл хараагүй. Сүүлд сураг сонсоход тэр этгээд цэргийн дарга хийж байгаа сураг байсан. Хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд шилжиж байгаа цэргийн анги руу нь мэдэгдэл өгч, хийсэн хэргийнх нь талаар тэмдэглэгээ хийж болдоггүй юм уу. Тэгвэл ийм хэрэг цаашид гарахгүй шүү дээ.
Энд цэргийн албанаас халагдаад 40 жилийн турш өвдсөн хүн байна. Өвдсөн хүн өвдсөн хүнээ ойлгоно. Намайг хөдөлмөрийн 100 хувийн чадвартай эрүүл байхад авч явчхаад, 70 хувийн алдагдалтай болгоод явуулах нь байж болох хэрэг мөн үү. Гэсэн ч би долоон хүүхдээ тэжээх чадалтай байна. Би эрүүл байсан бол үүнээс илүү байх байсан.
Өнөөдрийг хүртэл 12 жил ээж минь, хань минь л намайг асарч тойлж, энд ирсэн. Би зургаан хүүдээ цэрэгт яваад аав шигээ болоод ир гэж хэлэх үү, үгүй юу? цэрэгт явуулах юм уу, үгүй юм уу? гэж асуумаар байна" гэлээ.
ZOCHIN · 2023/11/22
Зочин · 2023/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh