Ард түмэн ядуурч 100 саяын төлөө энхрий охидынхоо амийг эрсдэлд оруулахаас ч айхгүй байна
2023/11/22
Дэлхийд алдартай телевизийн олон шоу нэвтрүүлэг бий. Орон орны телевизүүд зохих ёсны төлбөр төлж албан ёсны зөвшөөрлийг нь аваад эх орондоо дуурайн явуулдаг. Түүний нэг нь “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг. Хүнд ямар л авьяас байна, түүнийгээ үзүүлж, өөрийгөө олон нийтэд цаашлаад дэлхийд таниулах нэгэн боломж.
Гэвч энэхүү боломжийг монголчууд өөр өнцгөөр нь ойлгож, оролцож байна. Тус шоунд оролцож түрүүлбэл 100 сая төгрөгийн эзэн болно. 100 сая төгрөг гэдэг бол жирийн ард иргэдэд маш их мөнгө. Тэр тусмаа өнөө цагийн нийгэмд энэ мөнгийг авахын тулд хүн юугаа ч золиослоход бэлхэн болж. Учир нь ард түмэн ядуу байна, ядуурч байна. Ядуу учраас 100 сая төгрөгийн төлөө үхэхээс наагуур үзэлцэж байх юм. Нэвтрүүлгийн онцлог мөн оролцогчдын авьяасаа үзүүлэх төрлөөс хамаарч үзүүлбэр нь янз янз. Зарим нь 100 саяын төлөө нүцгэн бүжиглэж бусдын доог тохуу болж байхад зарим нь өнгөрсөн амьдралаа ярьж, өөрийгөө өрөвдүүлэх аргаар үзүүлбэрээ амжилттай дуусгаж чадаж байна. Ядуу ард түмнээс гарах ядуу сэтгэлгээ гэлтэй. Хамгийн аймшигтай нь 100-хан сая төгрөгийн төлөө энхрий бяцхан охидынхоо амь өрссөн үзүүлбэрийг эцэг эхчүүд нь инээж, ханиагаад үзэж байх шиг. Олон жил давтан, сургуулилалт хийж байж, тайзан дээр бэхэлгээ хамгаалалттай явагддаг циркийн хүнд үзүүлбэрийг телевизийн шоу нэвтрүүлгийн тайзнаас ямар ч хамгаалалт, бэхэлгээгүйгээр бяцхан охид шууд үзүүлж байна. Шүүж байгаа шүүгчдээс нь арай ахмад гэснээрээ Чука гавьяат л “охид минь болгоомжтой” гэж сэтгэл түгшин үзлээ. Бусад нь ердийн байдаг зүйл шиг л хүлээн авч сууна. Агаарт бэхэлгээгүй дүүжлэгдэж байгаад хийдэг циркийн үзүүлбэр олон. Гэхдээ тэр өндрөөс алдаа гаргаж уналаа гэхэд дор нь тор, зөөлөн матрас гэх мэт хамгаалалтын нууц хэсэг бий. Ядаж л доогуур нь хөвсгөр хувцастай алиалагчид хоёр гурваараа үзэгчдийг инээлгэж гүйдэг. Хэрэв өндрөөс циркчин унавал барьж авах, амь насыг нь хамгаалах давхар үүргийг алиалагчид гүйцэтгэдэг. Харин “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр ийм төрлийн хамгаалалт бий юу. Ямар ч хамгаалалтгүй, ердийн л нэг гэрлээр чимэглэсэн тайз байдаг гэж үзэгчид, нэвтрүүлгийн багт ажилладаг зарим хүмүүс хэлж байна лээ. Энэ үнэн бол үнэхээр аймшигтай. Бид зүгээр хүн амины хэрэг гарч болзошгүй орчинд инээлдээд сууж байгаагаас ялгаагүй. Үүнийг оролцогчид ч тэдний багш, ар гэрийнхэн ч мэдэж байгаа. Гэвч тэд хамгаалалт бэхэлгээгүй, амь өрссөн үзүүлбэр үзүүлж байж 100 сая төгрөгийг нь авна гэсэн хандлагатай байна. Гэтэл үнэндээ үр хүүхэд, энхрий бяцхан охидынхоо амь насаар дэнчин тавьж оролцуулж байгаа гэдгийг эцэг эхчүүд ээ, ухаараач. Нэг талдаа та бүхэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Шоу, энтертаймент нэвтрүүлэг гэдгийг нь хэн хүнгүй ойлгож байгаа. Хүүхдүүдээ оролцуулах эсэх нь ч та бүхний дур. Гэхдээ 100-хан сая төгрөгийн төлөө бяцхан хүүхдүүдийнхээ амь насаар дэнчин тавьж байгаагаа ойлгоорой. Хатуухан хэлэхэд таны үр хүүхдийн амь насыг хэн ч хариуцахгүй. Тиймээс үнэхээр хүнд үзүүлбэр үзүүлэх шаардлагатай бол нэвтрүүлгийн багийнхнаас аюулгүй байдлаа шаард. Ядуу ч гэлээ үр хүүхдээ бид аюулгүй, эрүүл саруул өсгөх үүрэгтэй.
Бусад оронд явагдаж байгаа энэ төрлийн шоу нэвтрүүлэгт оролцогчид янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг. Гэхдээ тэр бүхнийх нь цаана ХАБ-ын дүрмийг маш сайн мөрдүүлдэг. Харин манайд мөрдүүлж чаддаг бил үү. Хууль, дүрэм, аюулгүй ажиллагаа гэдгийг монголчууд ер нь мэддэг бил үү. Шоу нэвтрүүлгийн ХАБ битгий хэл хүнд, хөнгөн үйлдвэрийн салбартаа ч ХАБ-ын дүрмийг мөрдөнө гэж “гурилддаг” ард түмэн дээ.
Зочин · 2023/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/22
Тийншдээ шал хэрэггүй шоу шүүгч нь гэхэд л нэг муу баарны бүжигчин байсан ука ч гэх шиг алцгар юмнууд тэр хүүхдүүд гэмтвэл надад хамаагүй гээд бүгд зугтана.
Зочин · 2023/11/22
neeree tiim bsan te.hol gar n hohrood zulgarchihsan aimaar orowdmoor haragdaj bsan