Манайд нэг “заншил” бий. Тууз хайчилна. Том, жижиг юу л барина, бүгдийг нь нээж, ёс болгож тууз хайчилдаг. Энэ үйлийг улстөрчид илүүтэй хийнэ. Дуртай. Сургууль, Соёлын төв, багийн төв гээд байшин болгоныг нээнэ шүү дээ. Худаг, 00 хүртэл нээгээд тууз хайчилж байсан түүхтэй. Мэдээж хэрэг, тэр бүгд төсвийн хөрөнгөөр баригдсан байх нь ойлгомжтой. Төсвөөр босгосон болохоор дарга нар нээлтэд нь оролцоно. Бүгд оролцдог. Хэдхэн жилийн өмнө дөө, нэр бүхий аймгийн нэгэн сумын нэг багийн төв шинэ байртай болжээ. Багийн дарга, сумын дарга, аймгийн дарга, УИХ-ын гишүүн гээд бүх дарга очжээ. Сайд нь бас байсан. Тэднийг дагалдаж бас баахан дарга албан тушаалтнууд оролцжээ. Ёслолын туузны урт дарга нарт нь хүрдэггүй. Бүгдээрээ цагаан бээлий углаад, хайч бариад зогсчихсон. Тэгж тэгж яаж ийгээд нэг аргалсан байгаа юм. Элгийн л явдал болсон байдаг. Ерөнхийдөө Монголд бараг л өдөр тутам болдог явдал л даа. Гэтэл Канадын нэг судлаач “...Тууз хайчлах нь солиорлын дээд хэлбэр” гээд хэлчихсэн байгаа юм.  Канадын судлаач Хон Чень хэлсэн байдаг. Харин манайхан “...Шинэ барилга байгууламжийг ашиглалтад оруулахад гоёмсог өнгийн нарийн зурвас эдийг хайчилж ёслол хийх” гээд монгол хэлний тайлбартаа оруулчихсан. Албажуулчихсан гэхэд болохоор л юм. Энэ утгаараа “...Тууз хайчилна” гэдэг бол ямар нэг бүтээн байгуулалт дууссаны тэмдэг болчихсон хэрэг. Гэхдээ төсвөөр барьсан болгон дээр бүх шатны дарга албан тушаалтай хүмүүс чихэлдэж очоод тууз хайчилдаг нь нээлтийг “наадаан” болгочихдог. Бүр гоё нь төсвийн хөрөнгөөр баригдсан соёлын төв ч юм уу, сургууль, бүр багийн төвийн барилгыг аймаг, сум, багийн дарга нар тус бүрийнхээ ажлын тайланд оруулна. УИХ-ын гишүүн нь өндөр чанараар хэвлэгдсэн сэтгүүл хийж, өөрийнхөө хийсэн ажил болгож тайлагнадаг. Нэг ийм давхардал бас бий. Чухамдаа давхиж очоод тууз хайчилдаг нь “...Миний хийсэн ажил” хэмээн зарлаж байгаа л царай юм даг. Сонгууль дөхөж байна. Ийм “тайлан” мөн ч их хэвлэгдэнэ дээ. Хамгийн гол нь төсвийн хөрөнгө бол хэн нэгэн даргын өмч биш юм шүү дээ. Төсөв хөрөнгө бол төрийн бодлогоор зарцуулагддаг. Төсөв “зохиодог” арга техник ч бий. Аймаг, сум бүр хэрэгцээ шаардлага өөртэй. Тэр хэрээр төсвийн оногдол нь өөр гэсэн үг. Нэг иймэрхүү “утга агуулга”-аар босдог бүтээн байгуулалтын автор болох гэсэн гишүүд, дарга нарын уралдаан олон жил үргэлжиллээ.

Манайд бас нэг дасал бий. Бид чинь талын нүүдэлчдийн удам угсаа юм болохоор амжилтад хүрсэн томоохон бизнесмэнүүдийн олонх нь хөдөөнийх байдаг. Өөр хоорондоо “...Нутаг ус, аймаг сум” гээд хөөрхөн нутгархана. “...Том компанийн төдийнх нь эзэн тэр аймгийнх байна” гээд тооллого ч явуулж үзнэ. Яг үнэндээ манай том бизнесмэнүүд аймгийнхаа, сумынхаа тэгш ойгоор бөхөд нь, моринд нь мөнгийг хаядаг. Орон нутаг нь ч тийм зориулалтаар л хүсэлт тавина. Бизнесмэнүүд ч ойн наадмын хоймрын индэр дээрээс нэр сүрээ дуудуулж байгаад бай шагналыг гардуулах дуртай. Ер нь бол бизнесийнхэн дээр ийм үйл ажиллагааг нийгмийн хариуцлага гэдэгтэй уяж яривал их ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл, аймаг, сумынхаа ой дээр л хэдэн зуун саяар нь “хаяад” байтал нөгөөх аймаг сум нь анх байгуулагдсан чигээрээ л оршиж байдаг. Сөргүүлбэл “...Хөгжилгүй, хүнгүй гацаа”, эерүүлбэл, “...Дурсамж хадгалсан суурин” гэгдээд л байж байдаг. Ус, тог, интернет, халуун ус гээд байх юмгүй сум хэдэн арав, бараг зуугаараа байж л байна.

Гэхдээ бизнесмэнүүд бүгдээрээ наадам байлах дуртай биш л дээ. Өөрийнхөө унасан, төрсөн нутаг усыг, бизнес хийж байгаа аймаг орон нутгийг өөд нь татчих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүс бас бий. Жишээ нь, “...Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэж байгаад МАК л гэхэд өнгөрсөн хугацаанд 28.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Сэлэнгийн Ерөөд 960 хүүхдийн сургууль, Өмнөговийн Гурвантэст 320 хүүхдийн сургууль, Дорноговийн Даланжаргаланд 120 хүүхдийн цэцэрлэг гээд олон  бүтээн байгуулалтыг хийсэн. Гол нь ийм “нийгмийн хариуцлага” нийтэд хэрэгтэй байдаг. Ер нь бол яг иймэрхүү төслүүдийг том компаниуд орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай юм байна лээ.

Хоёр, гурван хоногийн өмнө дөө, Ерөнхий сайд асан Д.Содном гуай “Монгол Улсын оршил, хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төсөл” боловсруулснаа танилцуулсан байгаа юм. Энэ төслийг хэлэлцсэн эрдэм шинжилгээний хурал болж л дээ. Тэр хуралд оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар “...Д.Содном гуайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад манай улс хөдөө ах ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлж, экспортын 80 хувь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байв. Үүнийг хуучнаар ЗХУ болон социалист орнууд руу гаргаж байлаа. Харин өнөөдөр манай экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Үндсэндээ, үндэсний үйлвэрлэлгүй болсон. Тийм учраас өндөр үр ашигтай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүний дэвшүүлсэн бодлогыг Засгийн газар анхааралдаа авч, хэрэгжүүлэх ёстой юм” гэсэн байна. Хөдөө аж ахуйы, мал аж ахуйн үндэстэй үндэсний үйлдвэрлэлийн суурь нь энд яриад байгаа аймаг, сумд л байдаг. Тэнд нь “түүхий эд”-ээ боловсруулах хөгжилгүй байтал энд хотод үйлдвэрлэл гэж хэчнээн яриад яах билээ дээ. Тэгвэл яг энэ асуудлаар загатнасан газар маажсантай адил, басхүү Монголын улс төр, бизнесийнхэнд шинэ жишиг болохуйц нэг сайн мэдээг заавал хүргэмээр санагдав. Үнэндээ, Монголын нийгэм хар бараан мэдээллээр хахаастай байна л даа. Үнэхээр ч болж буй үйл явдлуудын өнгө нь ийм юм. Тэгэхээр хэвлэлүүд, сурвалжлагч нар олон нийтэд байгаагаар нь хүргэхээс өөр аргагүй. Хааяа нэг гэрэл гэгээтэй, сайн сайхан “мэдээ” таарна аа. Хүргэнэ. Харин хүлээж авах нь тааруухан. Бараан мэдээлэлд баахан дасал болчихсон учраас тэр биз ээ. Гэвч энэ огт өөр явдал юм. Юу гэвэл, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завханы 24 сумыг хангах 18 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байна. 130 тэрбум төгрөгийн төсөвтэй. Тэр мөнгийг хувиасаа гаргасан байна. Цахилгаан станц ирэх жил ашиглалтад орно. Завханыг Монгол даяараа л мэднэ. Лаатайгаа үлдсэн цөөхөн аймгийн нэг. Саяхныг болтол шүү дээ. Одоо залгаа аймгаас цахилгаанаа залгуулдаг. Хараат байдалтай гэхэд хилсдэхгүй. Орой ажил тарж, айл болгон цахилгаан хэрэглээд эхлэхээр л “тас” үсэрнэ. Хэдхэн айлын орон сууц бариад цахилгаан холбоё гэхэд л бас тасарна. Иймэрхүү л байдалтай амьдаргдаг аймаг л даа. Тэгвэл Ц.Цэрэнпунцаг гишүүн цахилгаан станцын талаар манай сонинд “...2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд надад сонгогчдоос минь тавьсан шаардлага гэх юм уу даа.  “...Та өөр газруудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Өвөрхангай аймагт гэхэд “Хаан хужирт” ресорт барьсан. Харин нутагтаа юу хийе гэж бодож байгаа юм бэ” гэж асуулга тавьсан. Ингээд судлаад дулааны цахилгаан станцын томоохон төслийг барьж авсан. Айл болгонд тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний асуудал байна. Тэгэхээр хамгийн түрүүнд дэд бүтэц дээр анхаарах ёстой гэж үзсэн” гэж тайлбарласан. Тэр дундаа Ерөнхий сайд асан Д.Содном гуайн олж хараад,“үгүйлээд” байгаатай адил “...Яалт ч үгүй цахилгааны эх үүсгэвэр бол хөдөөгийн хөгжлийн нэг шийдэл юм.  Эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадвал үйлдвэр үйлчилгээний газрууд хөгжинө.  Хүнсний үйлдвэрүүд, малын түүхий эд, хагас боловсруулах үйлдвэрүүд гээд иргэд маань ажилтай орлоготой болж, эдийн засаг сэргэнэ.  Цаашид Тосонцэнгэл сумаа орчин үеийн хот болгож, Баруун бүсэд томоохон үйлдвэрийг төвлөрүүлье гэж зорьсон. Завхан нутгийнхаа дараагийн 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн томоохон  үндэс суурийг энэ Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтаар тавьж байна” гэж хэлэв. Завханыхан үүнд талархалтай байна лээ. Гэлээ гээд үүгээрээ шоудаж, пиар хийдэггүй. Сонин л хүн юм. Уг нь Завханыхан Ц.Цэрэнпунцагийг “...Заавал цахилгаан станц барьж өг” гээгүй л бололтой юм. Тэр өөрөө л “нийгмийн хариуцлага” хэрэгжүүлжээ. Угаасаа манайхан улстөрчид, бизнесмэнүүдээсээ тийм зүйл хүсэж сураагүй л дээ. Ер нь тэгээд өөрөө хүсвэл түүн шиг бүтээн байгуулалт хийчих бэлтэй чадалтай улстөрчид, бизнесмэнүүд бүх аймаг сумдад бий. Олон шүү. Тиймээс энэ тэдэнд шинэ жишиг болж ойлгогдоосой. Бас “туузны ёслол”-д хувьсгал болж, дарга болгон төсвийн бүтээн байгуулалтыг битгий нээж байгаасай.

Харин хувиасаа хөрөнгө гаргасан улстөрчид, бизнесмэнүүд олон олон тууз хайчлаасай.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)