Удахгүй жагсаал болно гэж зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд мэдээлж байна. Өнгөрсөн жилийн өдийд иргэд, залуучууд нүүрсний хулгайч нарыг ил тод болгож, хариуцлага тооц гэж олон хоног төв талбайд жагссан. Тэр хэв маягаар ирэх 12 дугаар сард улс төрийн янз бүрийн эрх ашгийн нөлөөлөл орсон цөөнгүй жагсаал болох нь тодорхой. Харин хэн, хаанаас зохион байгуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Гадуур хөвөрч буй мэдээллээс харахад удахгүй болох жагсаалыг Ардчилсан намын зүгээс зохион байгуулна гэдгийг дурджээ. Гэхдээ энэ бол цахим орчинд явдаг бодит бус мэдээлэл. Харин бодит үнэнд ойртсон мэдээллийг улс төрийн хүрээнийхэн болоод иргэний нийгмийнхэн хэлэх боллоо. Удахгүй болох жагсаалуудыг АНбиш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулна гэдгийг тэд хэлж байна. Ардчилсан намын хувьд дотоод асуудлаа саяхнаас нэг юм шийдэж, учир начраа ололцож яваа улс төрийн хүчин. Удахгүй сонгууль болох дөхсөн тул намын бүтэцдээ анхаарч байгаа.

Тэд жагсаал зохион байгуулъя гэсэн ч санхүүгийн болоод улс төрийн нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Тэр дундаа сонгууль дөхчихсөн энэ үед жагсаал санхүүжүүлэн, зохион байгуулж байхаар намын бүтэц, эв нэгдэлдээ цаг зав, хөрөнгө хүчээ зориулъя гэж ажиллаж байгаа нь тодорхой. Тэгвэл удахгүй болох жагсаалыг хэн зохион байгуулж, санхүүжүүлэх вэ. Хэн улс төрийн тоглолтыг эхлүүлэх вэ гэдэг нь сонирхол татаж буй. МАН-ын тойргийн гадна гарсан улстөрчид өмнөх болон одоогийн парламентаас цөөнгүй бий.

Мөн ирэх сонгуулиар тойрогт болон намын жагсаалтаар өрсөлдөх боломж нь хаагдсан, бүр намаасаа хөөгдсөн гэх МАН-ын улстөрчид цөөнгүй. Тухайлбал, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Н.Энхболд нарын гишүүд байна. Эдгээр гишүүдийн зарим нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Зарим нь одоо хуулийн байгууллагаар шалгагдаж яваа.

Дийлэнх нь МАН-ын нэрээр дахин улс төрд гарч ирэх боломжгүй нэг ёсондоо тойргийн гадна гарсан гишүүд хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Эдгээр улстөрчид удахгүй болох жагсаалын гол авторууд нь байхыг ч үгүйсгэхгүй гэж байна. Ямартай ч ирэх сард улс төрийн халалт, нийгмийн бухимдалтай зэрэгцсэн хэд хэдэн жагсаал болох нь гарцаагүй үнэн. Тэр бүхний цаад зорилго юу байна, хэн зохион байгуулж, хэнийг өмнөөсөө турхирч байгааг бид хэрсүү ажиглах л үлдлэ

   М.ОРГИЛ     

ӨДРИЙН СОНИН