Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны 26-р чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо арваннэгдүгээр сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлжээ. Монгол улс Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-нд 2012 онд элссэн.

Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Арга хэмжээ нь чуулга уулзалт, хурал, захирлуудын уулзалт, үзэсгэлэн, бизнес уулзалт, шагнал гардуулах ёслол гэсэн таван чиглэлийн хүрээнд зохион байгуулагддаг.

Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөллүүд  оролцжээ.

Энэхүү чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэжээ.

 

Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.