Согтууруулах ундааны зөвшөөрөл, нохой, муурын асуудал зэрэг есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр болжээ
2023/11/23
Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэхээр болоод буй.
УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг.
Эдгээрээс дараах есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр болжээ.
- Ногоон байгууламжийн арчилгаа
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
- Гадна зар сурталчилгаа
- Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
- Нохой, муур устгалын үйл ажиллагаа
- Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шилжүүлнэ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хувьд төвийн зургаан дүүргийн гол 97 гудамж, алслагдсан зам талбайн 143.9 км зам буюу 2,483,229 ам метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг төвийн зургаан дүүрэгт шилжүүлэх бөгөөд Баянгол дүүрэгт 12 км, Чингэлтэй дүүрэгт 7.5 км, Баянзүрх дүүрэгт 41.6 км, Сонгинохайрхан дүүрэгт 14.2 км, Хан-Уул дүүрэгт 42.2 км, Сүхбаатар дүүрэгт 25.6 км замын цэвэрлэгээг хариуцуулахаар төлөвлөжээ.
Харин Хот тохижилтын газрын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг болон Алтан-Өлгий дэх оршуулгын газрын үйл ажиллагаа, Сүхбаатарын талбай зэрэг хотын томоохон гол гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцах юм байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "УБЗАА Хот тохижилтын газраас гадна 16 компанитай хамтран ажилладаг.
Бид жил бүр гүйцэтгэлийг дүгнэдэг бөгөөд дүүргүүд шаардлага хангасан компанитай гэрээгээ сунган хамтран ажиллах эсвэл шинээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой. Мөн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлж байна.
Дүүргүүд мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүддээ уг ажлаа хариуцуулах боломжтой.
Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах бөгөөд өмнө нь ашиглаж байсан техник хэрэгслүүдээ дүүргүүдэд хуваарилсан замын хэмжээнд тааруулан олгоно.
Эзэнгүй нохой, муурын хувьд 5-6 жилийн өмнө энэ тоо 360 мянгад хүрч байсан. Өдгөө 160 мянга орчим эзэнгүй нохой, муур байна. Энэ хэмжээг дахин нэмэгдүүлж болохгүй. Аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар эзэнгүй нохой, муурын тоог хязгаарлахын тулд үржил хязгаарлах ажилбар хийх хэрэгтэй" гэв.
Зочин · 2023/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/23
Энэ хот чинь нохой муур, хогийн сав, жорлонг хүртэл өөрсдөө журамладаг байсан юм уу. Даахгүй нохой булуу хураана гэгч болох юм аа