Тариаланч, хүнсний худалдаа эрхлэгчид пестицидийн шинжилгээ хийлгэдэггүй
2023/11/28
Өнөөгийн монголчуудын амьдарч буй нийгэм, ажил, амьдралын хэв маягаас харахад л эрүүл хөрсөнд ургасан, баталгаат хүнс хэрэглэх хэрэгцээ нэн түрүүний асуудал болж байна. Гэтэл утаанаас хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг “Зууны мэдээ” сонин цувралаар сурвалжилж байгаа. Өмнөх дугаартаа бид “Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ”, “Пестицидийн үлдэгдэлтэй “импортын жимс”” сэдвээр нийтлэл бэлтгэсэн бол үргэлжлүүлэн импортын хүнсний ногоонд мөн л пестицидийн хэрэглээ хяналтгүй байгааг хөндөж байна.
Пестицид нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавжаас хамгаалдаг химийн аргаар гаргаж авсан цацлага юм. Хэдийгээр төрөл бүрийн пестицидүүд нь хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ач тустай боловч буруу хэрэглэвэл хүн болоод амьтны биед хуримтлагддаг. Ингэхдээ хордуулах, бамбай булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлааны системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулдгаас гадна төрөлхийн эмгэг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэг сүүлийн үед эрс ихсээд буй өвчний нэг шалтгаан болдог нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогоод байгаа юм. Гэтэл энэ бүх өвчнийг үүсгэж байдаг пестицидийн үлдэгдлийг Монгол Улс тодорхойлж чадахгүй байна гэхэд хол зөрөхгүй. Тэр ч бүү хэл үлдэгдлийг нь тодорхойлохыг шаарддаггүй. Тодорхойльё гэсэн ч чанарын шаардлага хангасан лаборатори хүрэлцээгүй.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилтийг хангахад, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагааны чанар аюулгүй байдлыг хангасан стандартууд зайлшгүй шаардлагатай юм.
“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлсон байдаг. Гэвч өнөөдөр томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийсэн эсэх нь баримт нотолгоогүй, худалдаа эрхлэгчид нь ийм шинжилгээ хийдэг эсэхийг мэдэхгүй байна. Худалдан авагч хэн бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгаа шаардах, хаанаас ирсэн, ямар бодис агуулагдсан гэх шинжилгээ нотолгооны бичиг шаардах эрхтэй. Тиймээс бид зах, худалдааны төвүүдээр орж худалдаа эрхлэгчдийн худалдан борлуулж буй хүнсний ногоо, жимс, жимсгэнэ шинжилгээний бичигтэй эсэхийг сурвалжиллаа.
ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ БАЙХГҮЙ
Манай улсын зах зээлд худалдаалагдаж буй жимс, хүнсний ногооны 80 хувь нь импортоор орж ирдэг юм. Тэр дундаас урд хөрш Хятадаас орж ирдэг нь нэлээдгүй. Тэгвэл хэд хэдэн томоохон худалдааны төв, дэлгүүрээр явж худалдаа эрхлэгчидтэй уулзаж зарж буй хүнс, жимсний ногоогоо хаана, хэрхэн, ямар шинжилгээ хийлгэдэг эсэхийг мэдэхгүй гэсэн хариултыг өглөө.
Худалдаа эрхлэгчдээс жимс, хүнсний ногоонд шинжилгээ хийлгэсэн бичиг бий эсэхийг тодруулахад ихэвчлэн гайхсан, төвөгшөөсөн байдлаар хүлээж авч байлаа. Импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд цаанаасаа шинжилгээ хийгдээд орж ирдэг байх, хаана ямар лаборатори байдгийг сайн мэдэхгүй байна. Зарим худалдаачид шинжилгээний бичиг байхгүй гэв. Жимс, хүнсний ногооны дээжээс авч шинжилгээний мөнгийг нь тушааснаар бичиг авчирч өгдөг гэлээ.
Монгол Улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийх чадамж, эрх зүйн орчныг улам сайжруулснаар бид экспортын бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, мөн импортоор оруулж ирж буй хэдэн зуун мянган тонн жимс жимгэнэ, хүнсний ногоонд ч гэсэн химийн гаралтай бохирдол байгаа эсэхийг хянах боломж бүрдэнэ.
Тэгвэл тариалан эрхлэгчид өөрсдийн тариалсан хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийлгэдэг эсэхийг тодрууллаа. Тавдугаар сарын эх зургаадугаар сарын эхээр шавжийн оргил үе эхэлдэг. Зайлшгүй тохиолдлоор шавж, хог ургамлаас хамгаалах зорилгоор пестицид хэрэглэдэг. Харин бороо хур их жил хэрэглэх нь бага байдаг. Тариалан эрхлэгчдээс тариалж буй ургацад хаана пестицид үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрагдаж буй талаар тодруулбал аймаг, сумандаа болон газар дээр нь илрүүлдэг багажаар шинжилдэг гэв. Гэвч пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг газар дээр нь шинжлээд тогтоочих боломжгүй юм. Мэргэжилтнээс тодруулахад тусгай лаборатори шинжилгээ хийдэг шинжилгээний хариу хоёроос тав хоногт гарах боломжтой гэлээ. Нэг дээжид хувийн лаборатори дунджаар 300 мянган төгрөгөөр шинжилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн тариалан эрхлэгчтэй уулзахад пестицидийн үлдэгдлийг аймаг, сумандаа шинжлүүлдэг гэж хариулсан боловч хөдөө орон нутагт байтугай нийслэл Улаанбаатар хотод пестицидийн үлдэгдэл тодорхойлох лаборатори хүртээмжгүй. Хувийн ганц нэг лаборатори л ажилладаг. Эндээс харвал тариалан эрхлэгчид төдийгүй эх орныхоо хөрсөнд ургасан болон импортын жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалж буйн хэн нь ч пестицидийн талаар ойлголт мэдлэг сул. Шинжилгээ хийлгэх талын мэдээлэл тун дутмаг байгаа юм.
Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/11/29
тийншдээ төмснөөс шууд бордоо үнэртдэг бас бөөн өвчлөлтэй за ер нь хэцүүдээ идэхэд
Зочин · 2023/11/29
Ганц пестицид биш хятад бордоогоор борддог юун 300к төлөөд шинжилгээ хийлгэх ёстой худлаа. Тиймээс л хүүхдүүд хүртэл хавдраар өвчлөөд байгаан. Хээ дуртай нь хортой муу бордоо хор хэрэглэж байгаа.
Зочин · 2023/11/28
Манай зарим ногоонд их асуудал байна. 30-40 см урт улаан луувангуудыг бордоогоор л бордож өсгөсөн болов уу? Зарим улаан луувангийн гол нь ногоороод мод болсон байх юм. БАС асуудал байна. Жаргалантын гэх төмс нь гадна талаараа бөөн үрэвсэлтэй байх юм даа
Зочин · 2023/11/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh