Байр суурь: Яагаад цахилгаанаа 17:00-22:00 цагт хэмнэх шаардлагатай вэ?!
2023/11/30
Сүүлийн өдрүүдэд тогоо хэмнэхийг уриалах болсныг уншигч та анзаарсан биз ээ.
-Та өөрийгөө хоногт хэдэн МВт тог хэрэглэдэг болохыг мэдэх үү?-
Эрчим хүчний системийн 2023.11.22-28-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.11.25-ны өдрийн 19.00 цагт 1506 МВт, хамгийн их импорт 2023.11.25-ны өдөр 318 МВт хүрчээ.
Гэр бүлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хөргөгчинд, 21%-ийг цахилгаан зууханд, 18%-ийг гэрэлтуүлэгт, 15%-ийг угаалганд,11% -ийг зурагтад, 9 %-ийг бусад ахуйн ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна. Энэ тоо бол тоо бүртгэлийн дундаж үзүүлэлт бөгөөд орон сууц, гэрийн талбай, өрөөний тоо, халаалтын систем (ус, цахилгаан, нүүрс г.м), гал тогооны хэрэгсэл (цахилгаан плитка, хийн зуух г.м) -с хамаарч өөрчлөгдөнө.
Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг ажээ.
Хэрэв нэг цаг ачаалалтэй хэрэглээг тэвчихэд 70-120 МВт эрчим хүч хэмнэх боломжтой.
Энэ өвлийг ямар нэгэн цахилгааны хязгаарлалтгүйгээр давахын тулд шаардлагагүй хэрэглээг 17-22 цагийн хооронд хэмнэж суръя.
Бүх төрлийн цахилгаан хэрэгслийг хэрэглэж дууссаны дараа заавал тэжээлээс салгах шаардлагатай. Хамгийн их цахилгаан хэрэглэдэг бүтээгдэхүүн бол халаагуур, сэнс, индүү, богино долгионы зуух, ус буцалгагч, халуун тогоо зэрэг аж. Шинээр худалдан авалт хийхдээ эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой гэдгийг та мэдэх үү?
Шаардлагагүй гэрлээ унтраах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ салгах зэрэг энгийн үйлдлийг оргил ачааллын үед олон мянган хэрэглэгч хийж чадвал бодитой хэмнэлт, үр дүн гарч энэ өвөл цахилгааны сааталгүй байх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэллээ.
Манай улсын эрчим хүч үйлдвэрлэх боломжит дээд хязгаар 1470 МВт юм. Харин үйлдвэрлэж гаргах чадал нь 1113 МВт ажээ. Өнгөрсөн жилийн эрчим хүчний оргил ачаалал 1506 МВт-д хүрчээ. Үйлдвэрлэх чадлаас илүү гарсан эрчим хүчийг бид ОХУ, БНХАУ-аас импортолсон гэсэн үг.
Тиймээс өнгөрсөн онд Эрчим хүчний сайдын тушаалаар өвлийн эрчим хүчний хэрэглээний оргил ачааллыг хэмнэлтээр бууруулах ажлын хэсэг байгуулсан. Хэдэн цагт эрчим хүчний оргил ачаалал үүсэж буйг судалж, хэрэглэгчид эрчим хүч хэмнэх ямар боломж байгааг тодорхойлсон юм.
Тус ажлын хэсгээс 17:00-22:00 цагийн хооронд “Тог-оо тохируулъя” нийгмийн нөлөөллийн аяныг санаачлан хэрэгжүүлж, иргэдэд уриалж эхэллээ.
-17:00-22:00 цагт цахилгааны хэрэглээ тулдаг учраас зарим хэсэгт хязгаарлалт хийх тохиолдол гардаг-
Диспетчерийн үндэсний төв ТӨХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар: Зарим хэсэгт доголдол саатал гарсны улмаас тоггүй болохыг үгүйсгэхгүй. Тэр бүрийг хязгаарлалт хийж байна гэж ойлгож болохгүй. Энэ тохиолдолд яаралтай гэмтлийг засаж иргэдийн цахилгаан хангамжийг хангаж ажиллаж байгаа.
Одоохондоо ачааллаас үүдэж цахилгаангүй болсон тохиолдол харьцангуй бага байна. Гэхдээ хэрэглээ огцом өссөн буюу гарцаагүй тохиолдолд найдвартай хангахын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, бууруулалт хийх арга хэмжээг авдаг.
Ерөнхийдөө 17:00-22:00 цагаас бусад цагт цахилгаан тасалдахыг гэмтэл гэж ойлгох хэрэгтэй. Харин яг энэ цагуудад хэрэглээ тулсан учраас хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг. Цаашид нийтээр хязгаарлалт хийх эрсдэл байгаа. Станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Бүх тоноглолын ачаалал тулахад хязгаарлалт хийнэ. Аваарын байдалд орж байна гэсэн үг. Эрчим хүчний систем нь бие биеэсээ хамаардаг учраас тогтвортой ажиллах ёстой. Заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд гарцаагүй арга хэмжээ авах юм.
Сонгинохайрхан дэд станцад 80 МВт-ын цэнэг хураагуур холбосон. 80 МВт гэдэг бол их хэмжээний чадал. Бүрэн ашиглалтад оруулж, он дуустал доголдол гарахгүй бол энэ жилийн хэрэглээний өсөлтийг хаах боломжтой гэж төлөвлөсөн.
ДЦС-3 ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд: Манай станцын хувьд өвлийн бэлтгэл ажил бүрэн дууссан. Үйлдвэрлэл хэвийн. Цагт 170 мянган КВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд 8500 тонн цаг усыг 112 градус халааж хотын дулаан хангамжид нийлүүлдэг.
Эрчим хүчний системд тогтворжилт гэх зүйл бий. Системд үүссэн том, жижиг гэмтлийг эсэргүүцэх чадвар гэсэн үг. Энгийнээр хэлбэл хүний дархлааны системтэй ойролцоо ойлголт юм. Тогтворжилтыг хангахын тулд тодорхой хэмжээний халуун бэлтгэл, нөөцтэй ажиллах ёстой. Тухайн цахилгаан станцад ажиллаж байгаа турбогенератор зуухыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж болохгүй бөгөөд нөөцтэй ажиллуулна гэсэн үг. Ингэснээр эрчим хүчний станц том, жижиг гэмтэлтэй үед эрчим хүчний систем тогтвортой, найдвартай байдлаа хадгалж үлдэх юм.
Энэ тогтворжилт алдагдсан. Өөрөөр хэлбэл бүх тоноглолоо ажиллуулж байна. Үндсэн тоноглолд аливаа гэмтэл үүсч засварлах шаардлага гарвал зогсоож, түүний оронд нөхөж ажиллуулах нөөц, бэлтгэлт тоноглол байх ёстой. Гэвч энэ нөөц тоноглол алга. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай барьж, ашиглалтад оруулах, цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийг хийх шаардлагатай.
Манай станц ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хүчин чадлаа 300 МВт-аар нэмэгдүүлэх төсөлд ажиллаж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн хэмжээнд явж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж: Сүүлийн жилүүдэд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс дээд хязгаартаа хүрлээ. Хэрэглээ огцом өсөж, үйлдвэрлэгч тоноглолд саатал гарвал хязгаарлалт хийх болзошгүй нөхцөлд ирсэн.
Зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтэд ч эрчим хүчний эх үүсвэрийн нөөц хомстолтой байна. Тиймээс янз бүрийн аргаар хэрэглээгээ удирдах арга хэмжээ хэрэгжүүлдэг.
Манай ажлын хэсгийн судалгаанаас үзэхэд нэгдүгээрт, олон нийт эрчим хүч ямар үнэ цэнтэй бүтээгдэхүүн болох талаар ойлголт тааруу. Хоёрдугаарт, цахилгаан хэрэглээний оргил цагийг мэдэхгүй байна.
Манай системийн оргил ачаалал 17:00- 22:00 цагт болдог. Оргил цаг арваннэгдүгээр сарын эхээс хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг. Энэ үед хэрэглэгч тогоо хэмнэх хэрэгтэй. Шаардлагагүй хэрэглээг хэмнэх тухай хэлж байгаа бөгөөд оргил цагаар хоол, цай битгий хий гэхгүй. Хэрэв хэмнэж чадвал эрчим хүчний хэрэглээний төлбөрийг хоёр дахин бууруулах боломжтойг Германд хийсэн судалгаагаар тогтоосон.
Зочин · 2023/11/30
LONDON 15. 00 ONGOIDOG NEWYOURK 22.30 ONGOIDOG TEHEER YG L AJLIIN TSAG TAARAAD BHIIM DAA.