Бортээгийн ордыг бүхэлд авах операц явагдсан гэх "Админериал" ХХК зургаан тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн гэв
2023/12/22
Өнөөдөр /2023.12.22/ нүүрсний хулгайн асуудлаарх хоёр дахь шатны сонсголын тав дахь буюу сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Б.Энхбаяр: "Админериал" ХХК нь 700 тэрбумын тендерийн халхавч дор Бортээгийн ордыг бүхэлд авах операц явагдсан гэж харагдаж байна.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Өнгөн дээрээ ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 700 тэрбум төгрөгийн тендер мэт харагдаж байна. Гэвч 2012 онд 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 онд 404 их наядын үнэлгээтэй нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах, олборлох монополь эрхийн тендер болж хувирсан байна. Тиймээс тендер гэж ярих уу, тендер халхавчаар Бортээгийн ордыг бүхэлд авах операц явагдсан уу гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой гарлаа. ЭНэ ажиллагааг зохион байгуулахад Үнэлгээний хорооний гишүүд оролцжээ. Тэр тусмаа Үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаа гэдэг хүний нэр олон дурдагдаж байна" хэмээн ярилаа.
Тухайлбал, Худалдан авалтын газарт Д.Уужимсанаа санал хүргүүлэхдээ “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компани нь манай компаниас тогтоосон үнийн дагуу олборлосон нүүрсийг бүрэн борлуулах байдлаар үйл ажиллагаа явуулахаар тендерийн бичиг баримтад тусгаж шийдвэрлүүлэх саналтай байна. Энэхүү концепц нь 3 жилийн төсвийг ТУЗ-өөр батлуулахад дэмжигдсэн санал болно. Манай компанид эдийн засгийн хувьд учруулах дарамт бага нэмэлт орлого олох давуу талтай гэж үзэж байна” гэсэн бичиг өгч байжээ.
Үргэлжлүүлэн Б.Энхбаяр "Ганцхан өгүүлбэрээр Бортээгийн уурхайн нүүрсийг бүрэн борлуулах эрх өгсөн байгаа юм. Энэ нь 150 тэрбум ам.доллар буюу 404 их наяд төгрөгийн эрх шүү. ТУЗ зөвшөөрсөн гэж Д.Уужимсанаа та худал хэлсэн" хэмээлээ.
"Админериал" ХХК нэг ч ажилтангүй тул НДШ огт төлөөгүй" гэв.
“Админерал” ХХК-ийг 2021.07.02-ны өдөр гадаадын хуулийн этгээд
- “Quzhou Longyuan Trading” /Захирал Zhang Xinzou/
- “Руйшен глобал групп” /Захирал Wang Xueping/
- “Моновант” ХХК /Захирал Ц.Ламжав/
нар хамтран байгуулж, Гүйцэтгэх захирлаар Hasbatar-ыг томилжээ.
- ЭТТ ХК нь 2023.12.18-ны өдрийн байдлаар “МТАС” түншлэлд санхүүжилт олгоогүй байна. "Админериал" ХХК нь 2021-2023 онд нэг ч ажилтангүй учир НДШ огт төлөөгүй байдалтай байна гэж танилцуулав.
- “Админерал” ХХК үйлдвэр болон бусад барилга байгууламж барих зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээгт 35га газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022.02.23-ны өдөр авчээ.
Сонсголын үеэр шинжээчийн зүгээс "Админериал” компани тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүй бөгөөд МТАС түншлэлийн ажиллах чадварыг шалгаж үзэхэд нэг ч ажилтангүйгээр НДШ огт төлөөгүй байгааг хэлсэн.
Бортээгийн уурхайн гэрээт олборлогчоор тендерийн шалгуурыг хангаагүй мөртлөө "Таванхур", "Админериал” компаниуд гурав дахь удаагийн тендерт түншлэгчээр оролцсон шалтгааныг Сонсгол даргалагч Б.Энхбаяр асуув.
Энэ талаар "Админериал” компанийн дэд захирал Ц.Лхамжав "Манай борлуулалтын орлого өнөөдрийг хүртэл 0 байгаа. Бортээгийн нүүрсний уурхайд зориулж үйлдвэрээ ерөөсөө төлөвлөгөөгүй.
Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Германы пассив хаус, ус төрөгчийн бие даасан халаалтын систем гэх мэтчилэн өндөр технологид суурилж ажилладаг.
Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой бид хамтарч ажилласан. Монголын ихэнх нүүрс говьдоо бий. Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд германы нэр бүхий компанитай холбож өгсөн.
Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Байршил нь холдсон учраас Хятад руу хандсан.
Ингээд өмнө нь таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан.
Хуурай технологиор нүүрс боловсруулж, баяжуулах туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас 2021 оны долдугаар сарын 2-нд компани байгуулсан. Монголиан контракт майнинг сервис ХХК-ийн Ж.Мягмарсүрэн захиралт мөн хуурай технологи хайж байгааг мэдсэн. Манайх ТЭЗҮ-гээ хийгээд аль хэдийн бэлэн болсон байсан.
Санхүүгийн чадварын үзүүлэлтийг манайх хангахгүй байна гэж ярьж байна. Мэдээж манай компани дангаараа орвол хангахгүй. Мөнгө, цаг хугацаагаа хий дэмий үрээд тендерт нь орж болох эсэх эргэлзээтэй.
Гэхдээ бидэнд тавьж байгаа шаардлага нь түншлэлийн нийт гишүүдийн нийлбэр дүнгээр тооцно гэсэн. Өөрөөр хэлбэл тусгайлан нэг хүнд заасан хуулийн заалт байхгүй учраас манай компани орж болно гэж үзсэн.
Тендерийн баримт бичгийг нь үзээд түншилж болно гэж дүгнэсэн байдаг" гэлээ.
Түрүүн шинжээчийн дүгнэлт "Админериал” компанийг НДШ огт төлдөггүй гэлээ. Бүх юм цахим болчихсон шүү дээ. Манайх маш их татвар төлж байгаа. Үйл ажиллагаагаар орлого олоогүй ч "Админериал” компани улсад зургаан тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байгаа. 2021 оноос хойш нийт 413 сая төгрөгийг НДШ-ээ байнга төлж явсан гэдгээ ч онцлон хэлсэн юм.
Зочин · 2023/12/22
S XN AX NRT S JARGAAN80955877