Олигархи
2024/01/04
Олигархи гэдэг нь “Улс орны улс төр, эдийн засгийн бодлогыг хувийн зорилго, бодлогодоо ашиглаж буй цөөнхийн эзэрхэл” гэсэн утгатай үг. Олигархиуд бол улс орныхоо баялаг, хөрөнгө мөнгө, аль өнгөтэй өөдтэй болгоныг хулгайлж залилан булаан авч гадаадын банк, оффшор дансандаа зөөж нууж гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авч зөвхөн хувьдаа баяжихыг зорилгоо болгодог гэмт хэрэгтэн хүмүүс юм. Тэд хүн амын 0.01 хувийг ч эзлэхгүй.
Монголд олигархиуд хэзээ үүссэн юм бэ? Монголчууд 1921 оноос 1990 он хүртэл нийгэм журмыг байгуулна хэмээн хөөрцөглөж ард түүмнийхээ хамаг мал сүрэг, хөрөнгө мөнгийг нь хураан авч нийгмээрээ ядуу тарчиг хүмүүс болцгоож, Монгол орон дэлхийн хамгийн ядуу арван орны нэг байсан. 1990 он гарангуут олигархиуд үүссэн билээ. Тэд өмч хувьчлалын үед ягаан, хөх тасалбаруудыг иргэдээс залилан авч улсын үйлдвэрүүдийг хямдханаар хувьчлан авсан.
Улсын банкыг хүчээр дампууруулж хувийн банкнуудыг байгуулж улсаас бага хүүтэй зээл авч өөрсдийн банкаар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээл олгож баяжсан. Тэд улсын хамгийн их баялагтай орд газруудын лицензийг элдэв аргаар авч бусад гадаадын баян иргэдэд үнэ хүргэн зарж эсхүл өөрсдөө уурхай ажиллуулж түүхий эдээ гадаадад гаргаж ихэд хөрөнгөжсөн нь үнэн. Газар, үйлдвэр, байгалийн баялаг энэ бүгд ард түмний өмч хэмээн Үндсэн хуулиандаа тунхагласан боловч ачир дээрээ энэ бүгд олигархиудын мэдэлд очсон юм. Тэд энэ бүгдийг залилан хийж эсвэл хулгайлж авсан. Тэд “Төр бол муу менежер” гэсэн худал ухуулга явуулж төрөөс үлэмж их өмч хөрөнгө булаан авч байлаа. Сингапурт төрийн компаниуд бүгд ашигтай ажилладаг юм шүү. Монголд бол эсрэгээрээ байдаг. Ер нь Монголд олон юм эсрэгээрээ байдаг. Японы иен, солонгосын вон, хятадын юань хэзээ ч ханш нь унадаггүй бол Монголын төгрөгийн ханш гэрлийн хурдаар унаж байдаг. Монголд олигархиудын хулгай гэрлийн хурдаар өсөж тэдний хулгайлсан хөрөнгөний хэмжээ их наядыг давжээ. Тэдний байгалийн баялгийн лицензний хэрэг, алт мөнгөний ордны хэрэг, улсын үйлдвэрүүдийг дампууруулсан хэргүүд, төмөр замын хэрэг, ЖДҮ, Засгийн газрын сангуудыг хоосолсон хэрэг, хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай, ногоон, улаан автобусны хэрэг гээд үй түмэн хулгайн хэрэг үргэлжилжсээр байна. Тэдний улс орны байгалийн баялаг, эд хөрөнгийг тонож хулгайлсан үйлдэл хэдэн зуун тэрбум доллароор хэмжигдэнэ.
Нүүрсний хулгайг сүүлийн 13 жилийн турш цагдаа, шүүх илрүүлж чадаагүй, хулгайч нарт шийтгэл ногдуулж чадаагүй байсныг Б.Энхбаярын ахалсан УИХ-ын хяналт шалгалтын түр хороо сайн ажиллаж, ард түмэнд хулгайч нарын үнэн дүр төрхийг харуулав. УИХ-ын энэхүү түр хороо өмнө нь Хөгжлийн банкны луйврыг ард түмэнд харуулж ард түмний нүдийг нээж байсан юм. Ард түмэн ямар ч байсан хулгайч нарын нэрийг мэддэг болсон.
Зарим хүн “хулгайч нарыг яллах ямар ч эрх мэдэлгүй энэ түр хороогоор яах юм” гэдэг. Шүүх засаглал ажлаа хийхгүй байгаа учраас л арга ядаад УИХ-ын түр хороо хулгайч, луйварчдыг илчилж байгаа юм шүү дээ. Анх нүүрсний хулгай 2010 оноос эхэлж 2017 он хүртэл яаж гарсныг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2018 онд анх шүгэл үлээж мэдээлсэн боловч төр засаг огт үнэмшээгүй, прокурор энэ хэргийг шууд хааж байв. Одооны энэ сонсгол дээр УИХ-ын гишүүн асан Л.Энхболд болон түр хоригдож байгаа сэжигтэн Б.Ганхуягийг гэрчээр ирүүлсэн бол нүүрсний хулгайн талаар их зүйл ярих байлаа.Б.Ганхуяг “Би нүүрсний хулгайн талаар ил тод мэдээлмээр байна. Анх 64 хүнийг нүүрсний хулгайтай холбогдуулж байсан бол одоо би ганцаараа нүүрсний хэргээр хоригдож байна” хэмээн мэдэгдсэн. Авилгалд автсан хууль хяналтын байгууллагаас болж нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ том эзэд нь ямар ч ялгүй өнгөрч болзошгүй юм. Саяхан болсон УИХ-ын сонсгол дээр 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдгийг шинжээчид мэдээлэв. 5.2 сая тонн нүүрс гэдэг 17.2 их наяд төгрөг гэсэн үг. Уг сонсгол дээр хамгийн их гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан компаниудын улс төрийн хамаарлыг танилцуулав. Ганц жишээ татахад Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий хятадуудтай хамтран эзэмшдэг 8 компаниуд нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна гэдгийг мэдээлэв. Б.Батдаваагийн гэрээс бэлнээр 250 000 ам доллар олджээ. Тэр бээр энэ мөнгийг тун бага мөнгө хэмээн ярьж байлаа.Түүний эхнэр Ц.Амгалан 551 автомашинаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулжээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2011 - 2023 онуудад нийт 113 сая тонн нүүрс борлуулж 7.5 тэрбум ам доллар буюу 20.0 их наяд төгрөгийн орлого олжээ. 2017-2020 оны нүүрсний үнийн зөрүүд олсон хууль бус 826 сая долларыг авсан гэсэн үг.“Эрдэнэс тавантолгой” ХК нууц гэрээгээр 1 тонн нүүрсийг 40 ам доллараар борлуулжээ. Гэтэл нэг тонн нүүрсний үнэ 400 ам доллар хүрч байсан аж. Монголын нүүрсний хамгийн том аж ахуйн нэгж болох “Эрдэнэс таван толгой” компани эцэстээ 3.2 их наяд төгрөгийн өртэй хоцорчээ.
Цагаан хад бол олигархиудын “онцгой бүтээл” юм. Одоо болтол “Цагаан хад”-ны эзний нэрийг хэн ч мэдэхгүй нууц хэвээрээ байна. Тавантолгойгоос Цагаан хад хүртэл 230 км замд нүүрс тээвэрлэхэд 1 тонн тутам 10 ам доллараар зөөдөг байжээ. Гэтэл Цагаан хадаас Гашуунсухайт хүртэл дөнгөж 20 км замд 1 тонн нүүрсийг 121 ам доллараар цааш нь зөөдөг байсан нь тодорхой болсон.Үнийн зөрүү 826,4 сая ам доллар гарч байна. Ганц модонд 1 тонн нүүрс 400 ам доллар хүрч байжээ. Нэгэн үе уурхайн амнаас нүүрс аваад уртын ганц тээвэр хийж Ганц мод боомт дээр очдог байсан гэдэг. Энэ бол хамгийн зөв хэлбэр байлаа. Гэтэл замын эцэст Цагаан хад дээр нүүрсийг дахин буулгаж ачих нь илүү зүйл байв. Энэ Цагаан хад дээрээс олгархиуд маш их ашиг олдог аж. Нэг удаа Цагаан хадыг хаасан боловч жагсаал цуглаан хийж, экспортыг хаагаад бөөн хэл ам болоод байхлаар нь дахин нээсэн. Цагаан хадыг нээснээс болж нүүрсний зах зээлийн үнийг барих боломжоо алджээ. Гашуун сухайтын төмөр замыг нарийн царигаар барина гэсэн УИХ-ын 2014 оны тогтоолыг Удаанжаргал эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгч хүчингүй болгож өргөн царигаар төмөр зам барих болгожээ. Ийнхүү өргөн царигтай мухар төмөр зам тавьсны балгаар шинэ төмөр зам бөөн алдагдалд орж, олигархиудад үлэмж их мөнгө угаах боломж олдсон юм байна. Өргөн царигтай мухар төмөр зам тавьснаас болж, дахиад ачиж буулгах терминал барихад 300 сая доллар, дахиад 5 жил шаардагдах болжээ. Энэ хугацаанд маш их мөнгийг ачааны машинаар нүүрс тээж олно хэмээн олигархиуд тооцоолсон байна. Олигархиуд ганц өдөрт 1000 ачааны автомашин Монголын хилээр ямар ч хяналт шалгалтгүй гаргадаг байв.Олигархиуд хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй болжээ.
Нийслэл хотын иргэд сүүлийн жилүүдэд утаа буурах бүү хэл, улам ихэссэнд гайхаад байдаг. Эхний нэг жил шахмал түлш түлээд утаа буурсан нь үнэн. Гэтэл үүний дараах жилд шахмал түлш түлээд түлээд утаа улам ихэссэнд хүмүүс гайхаж байв. Утаанд зориулж маш их мөнгө төсвөөс гаргаад байхад утаа улам ихсээд байсанд гайхаад байгаа юм. Гэтэл шахмал түлш үйлдвэрлэдэг “Таван толгой түлш” компанид бөөн будлиан зөрчил гарсан байжээ.
“Таван толгой түлш” компани 1 их наяд төгрөгийн өртэй, 584 тэрбум төгрөгийн төгрөгийн алдагдалтай ажилласан мөртлөө ТУЗ-ын 30 гишүүндээ “утаа бууруулсны шагнал” хэмээн 1.1 тэрбум төгрөгийг олгожээ. Л.Одхүүд 124 сая төгрөг, Ж.Батбаясгаланд 64 сая төгрөг, Л.Гүнбилигт 114 сая төгрөг,утааны эсрэг тэмцэгч сэтгүүлч Пүрэвхүүд 78 сая төгрөг гэх мэтээр 30 хүнд үлэмж их мөнгө өгчээ. Яг л манжийн төр Монгол ноёдыг хахуулдсан шиг. Мөнгө авсан сэтгүүлч утааны талаар дуугарахаа больжээ. “Таван толгой түлш” компаний ерөнхий нябо П.Амарцэцэг өөрийн нөхөр Ө.Ууганбаярын хувийн хадгаламжийн дансанд 57.8 сая төгрөгийг зүгээр л шилжүүлчихжээ. Бас нэг базаахгүй мэдээ бол “ТТТ” ХХК-ний ТУЗ-ын гишүүн Л.Одхүү “Тавантолгой түлш” компанид өөрийн “СБМ Хангай” ХХК-иараа дамжуулж 19.6 тэрбум төгрөгийн нүүрсний шуудай шахаж нийлүүлжээ.Мөн “ТТТ” ХХК өөрийн ажилтан Т.Тулгабат, О.Жавхлан нарын данс руу 4.8 тэрбум төгрөг шилжүүлсэн юм байна. Нүүрсний хулгайн хэргийг олигархиуд гацаасаар байна. Анх 2013 онд нүүрсний хулгайн хэргийг мэдээлсэн гаалийн ажилтныг шоронд хийжээ. Нүүрсний хулгайн хэргийг прокурор хааж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын гишүүн Ажнайн Д.Бат- Эрдэний компанитай холбоотой нүүрс БНХАУ-д хямд үнээр гаргасан , нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хууль бусаар гаргасан асуудлыг Өмнөговиос УИХ-д сонгогдсон гишүүн асан Л.Энхбаяр хуулийн байгууллагад хандсан боловч прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаар хэргийг хаасан.Одоо гэмт хэргийн сэжигтэн, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал гадааадад зугтаан гараад олдохгүй байгаа. Мөн гавьяат ажилтан, нүүрсний Б.Ганхуягийн хэрэг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэрэг зэрэг олон хэргүүд хууль хяналтын байгууллага дээр шийдэгдэхгүй гацчихаад буй. Нүүрсний хулгайн сонсголоос дараах дүгнэлт гарч байна.Тавантолгойн уурхайгаас 5.2 сая тонн нүүрсийг гаалийн хяналтгүйгээр хил давуулж, нийтдээ 17.2 их наяд төгрөгийг хулгайчид завшсан нь тогтоогдоод байгаа.
“Цавчаа” ногоон автобусыг дэлхий дээр цоо шинэ автобусны зах зээлийн үнэ 260 сая төгрөг байхад 1993 онд үйлдвэрлэгдсэн, Вьетнамд угсарсан хуучин автобусыг солонгосын “Дэү” компанид үйлдвэрлэсэн шинэ автобус хэмээн худал хэлж хууран мэхэлж нэг хуучин автобусыг 360 сая төгрөгөөр шахаж нийт 800 автобус авсан хэмээн хэвлэлээр мэдээлж байлаа. Олигархиуд нэг хуучин автобуснаас 100 сая төгрөгийн ашиг олжээ. Энэ хуучин автобусыг хаана, хэн үйлдвэрлэсэн бэ гэхлээр хэлж мэдэхээ больсон. Энэ хариуцлагагүй байдал, учруулсан хохирол алдагдлыг хэн хариуцах вэ гэхлээр хотын даргаас эхлээд Түгжрэлийн сайд хүртэл “Би юү ч мэдээгүй” гэсэн.
Энэ ажлыг хариуцах ёстой Зам тээврийн яам бүр юү ч мэдэхгүй байсан. Энэ бол олон жил хууль бусаар хулгай хийж ирсэн олигархиудын л улигт хулгай луйврын хэрэг байлаа. Монголын олигархиудын тансаглал хэрээс хэтэрчээ. Тэд саяхан Монголын “Шангри-ла” зочид буудалд бололтой Италиас Албано Пауэр болон “Рикки Повэр” хамтлагийг урьж авчраад ёлка хийж нэг хүний такс нь 2000 евро буюу 7 сая 500 000 төгрөгөөр үнэлээд дуулуулж байгаа бичлэг нь интернэтэд тавигджээ. Тэдний иддэг зоог, унадаг машин, амьдардаг хаус, гадаадад зугаалж амардаг зардал нь хэдэн сая доллараар яригддаг аж. Оны өмнөхөн олигархиуд 300 сая төгрөгний үнэтэй "Ланд- 300" шинэ загварын жийп автомашин олныг захиалж авчээ. Ланд зарсан компанийхан "Манай компаний авчирсан Ландууд талх шиг хурдан зарагдлаа" хэмээн ярьж байв. Ард түмэн 3000 төгрөгийн үнэтэй талхаа арайхийж авч байхад авилгач олигархиуд 300 саяын үнэтэй жийпийг талх шиг хурдан авч байгаа нь манай ниймийн өнөөдрийн үнэн дүр төрх юм. Хэдхэн жилийн өмнө Хөгжлийн банкны захирал нэг нөхөр Оросын Санкт Петрбург хотод өндөр үнэтэй таван одтой зочид буудалд 3 хоног байрлахдаа 12.0 сая төгрөг зарцуулсан гэж телевизээр мэдээлж байсан. Олигархиуд Чингис бондын 1.5 тэрбум доллар, Засгийн газрын сангуудын мөнгө, төсөл зээлийн мөнгийг хэдэн зуун сая доллараар нь завшиж хулгайлсан байдаг. Монголын хамаг баялаг хэдхэн олигархийн гарт ороод 30 жил болжээ. Тэгэхэд хөөрхий ард түмэн хоёр зуухан долларын цалинтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй, бөөн өр зээлтэй, утаа түгжрэлдээ бухимдсан, уур хэрүүлдээ живсэн, өнөө маргаашаа өнгөрөөсөн өрөвдөлтэй ядуу хүмүүс болж хувирчээ. Дундаж давхарга гэж өнөөгийн Монголын нийгэмд алга. Нийгэм нэлэнхүйдээ ядуу давхаргатай болжээ. Сингапурт хүн амын 50.0 хувь нь дундаж давхарга болж нийгэм нь баян чинээлэг болсон юм шүү. Монголын төр засгийн төлөөлөгчид Сингапурт туршлага судална хэмээн сүүлийн 20 жилд 160 удаа хэдэн мянган хүн улсын зардлаар очжээ. Гэвч нэг ч хүн нэг ч туршлага нэвтрүүлээгүй аж.
Нийслэлд шатахууны хомсдол болж 5 шатахуун станцын 2 нь шатахуунгүй болж ажиллахгүй байна хэмээн ТВ-ээр оны өмнө мэдээлж байв. Би сайн санаж байна. Гучаад жилийн өмнө Дорнодын Тамсагт нефть олдож анхны Ерөнхийлөгч Очирбат цагаан дээлээ нефтээр мялааж байж билээ. Тэр үед ард түмэн манай улс нефтний үйлдвэртэй болох юм байна хэмээн их л хөөрцөглөж байсан. Гэтэл байдаггүй. 30 жил өнгөрчээ.
Монгол улс нефтээ Хятад улс руу түүхийгээр нь гаргасаар өдий хүрэв. Шатахуунаа Оросоос бараг 100 хувь импротолж авдаг хэвээрээ үлджээ. 100 жилийн турш Оросоос нефтээ авсаар байна. "Оюуны Ундраа" ХХК, оросын бизнесмэн Паушок нефтний үйлдвэр барих гэсэн чинь төр зөвшөөрөөгүй гэнэ гэсэн яриа гардаг байлаа. Эдүгээ Энэтхэгийн 1 тэрбум долларын зээлээр нефтний үйлдвэр барих ажил эхэлсэн нь сайн хэрэг. Хэрэв олигархиуд гацаахгүй бол нефтийн үйлдвэр 2027 онд ашиглалтад орох юм байна. Монголын олигархиуд дандаа худал ярих юм. "Бэрэн" группын захирал Мөнхбат “Чингис бонд”-ын олон сая долларыг "Үйлдвэр барина" хэмээн хоосон амлаж зээлж аваад 1 сая 500 000 долларыг касснаас бэлнээр авч Хонгконг, Сингапурын казинод мөрийтэй тоглож алджээ. УИХ-ын хяналт шалгалтын түр хорооны сонсгол дээр Б.Энхбаяр түүнээс "Та казино тоглосон уу" гэхэд Мөнхбат хээв нэг "Үгүй, би казино тоглодоггүй" гэж худал хэлж байлаа. Саяхан болсон УИХ-ын хяналт шалгалтын түр хорооны сонсгол дээр Б.Энхбаяр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Нэхийтэд хандаж "Та монголын газрыг хятадын компанид эзэмшүүлсэн байна" гэхэд Нэхийт: "Үгүй, би нэг ч газар хятадуудад зараагүй, өмнөх Засаг дарга нар нэг ч газар хятадуудад өгөөгүй" хэмээн хээв нэг худал мэдүүлж байв. Гэтэл Өмнөговь аймгийн сумдын Засаг дарга нар хятадын 75 компанид 457 га газрыг зарж эзэмшүүлсэн байлаа. 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр зарсан хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж байлаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой хэрэг болоод байна. Өмнөх Хөгжлийн банкны хэрэг, ЖДҮ-ийн хэрэг, Боловсролын сангийн зээлийн хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг, ногоон,улаан автобусны хэрэг шийдэгдээгүй байхад дахин газрын ноцтой хэрэг гарч байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан хэрэг болов.
Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын ажилд олигархиуд оролцжээ. Ер нь төмөр зам барих асуудлыг анхнаасаа Зам тээврийн яам хариуцах ёстой атал олигархиуд будлиулсан байдаг юм. Олигархиуд “төмөр зам барина, төмөр замын ТЭЗҮ хийнэ” гээд АНУ-ын “Маккензи” компанитай гэрээ байгуулж 12 сая доллар аваад алга болж байжээ. Энэ хэрэгт оролцсон Ганбат мэтийн этгээдүүд ТЭЗҮ хийнэ хэмээн хэдэн сая доллар аваад АНУ руу зугатаачихсан гэсэн мэдээлэл хэвлэлүүд дээр гарч байлаа. Тэр үед хэсэг этгээдүүд ТЭЗҮ –ний мөнгө аваад дахиад өөрчиллөө гээд өөр ТЭЗҮ хийнэ хэмээн их мөнгө авдаг байжээ.
Гэвч эцэстээ ТЭЗҮ- ч байхгүй, төмөр зам ч байхгүй, зөвхөн “Чингис” бондоос авсан 280 сая долларын өртөгтэй овоолоостой шороотой хоцорч байлаа. Шинэ төмөр зам бариулах ажлыг өнөөх Н.Удаанжаргал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр л мэддэг байжээ. Уг нь энэ хоёр хүнд төмөр замын асуудал огт хамаагүй асуудал шүү дээ. Гэтэл уг асуудлыг хариуцах ёстой Зам, Тээврийн яамны сайд нь шинэ төмөр замын асуудлыг огт мэддэггүй байжээ. Одоо Н.Удаанжаргал АНУ руу зугтаад алга болсон, Х.Баттулга гадаад явсан тул УИХ-ын сонсголд оролцох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул энэ сонсгол дээрхи шинэ төмөр замын мэдээлэл бүрхэг болсон билээ. Сонсгол дээр мэдээлснийг үзвэл Зүүнбаянгийн 414 км урт төмөр замыг цэргүүдээр хямгийн хямд өртгөөр бариулсан, нууцад хамруулсан хэмээн хошгируулаад байсан чинь үнэн чанартаа цэргүүд дөнгөж энэхүү төмөр замын 11.0 хувийг нь барьж, бусдыг нь УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар, Ганибал, Б.Ундармаа зэрэг хүмүүсийн 200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Эцэстээ энэ бөөн дуулиан болсон шинэ төмөр зам ямар ч үр ашиггүй болж, эдүгээ Зүүнбаянгийн төмөр зам 100 тэрбум төгрөгийн өртэй хоцорчээ. Зүүнбаянгийн төмөр зам эдүгээ зүтгүүр ч байхгүй, вагон ч байхгүй байгаа ажээ.
Монголын тал шинэ төмөр замын холболтыг Хятад улстай тохиролцоогүйгээс болж төмөр зам нь мухар болж, төмөр зам нь зөрөөтэй болж, өндөр нам газраас болж төмөр замын өндөр гүүр барих, ачих бууулгах терминатор шинээр барих ажил дахин 300 сая доллар хэрэгтэй болж дахин 5 жилийн хугацаа шаардагдах болсон. Ер нь хаана Монгол хүн олноор цугларна, тэнд гамшиг болдог гэдэг үг юутай үнэн. Нүүрсэн дээр бөөгнөрсөн олон Монголчуудаас сайн юм гараагүй. Энд авилгал, луйвар, мөнгө угаалт, хулгайн гэмт хэрэг л гарсан. Сүүлийн гучин жилд олигархиудын ороогүй, идээгүй, сүйтгээгүй салбар гэж Монголд нэг ч алга. Олигархиуд банк санхүүг гартаа атгаж, хамаг хөрөнгө мөнгө, төсөл хөтөлбөрийг мэдэлдээ авч шүүгч, прокурор, цагдаад нөлөөлдөг болжээ. Тэд төр засагт хүртэл дийлдэхгүй болсон. Олигархиуд хуульд захирагддаггүй юм, тэдэнд хууль үйлчилдэггүй юм. Олигархиудын эхнэрүүд хүртэл хамгийн том компаний захирал эсхүл ерөнхий нябо болчихсон мөнгө угааж байдаг. Олигархиудын хүүхдүүд төрийн сангаас олон зуун мянган долларын зээл авч Америкийн хамгийн өндөр өртөгтэй их дээд сургуульд сурч зээлээсээ чөлөөлүүлчихээд Америкт үлдчихдэг, эсхүл Монголд ирээд хамгийн чухал ажлын байрыг булаагаад авчихдаг юм. Гадаадын их, дээд сургууль төгссөн өндөр боловсролтой охид, хөвгүүд олигархиудын хүүхдүүдэд ажлын байраа булаалгачихлаа хэмээн харуусан ярьдаг. Ингээд л тэд гадаад улсыг зорихоос өөр аргагүй болдог биз. Мэргэжилтэй боловсон хүчин, ажилчид нь хоёр зуухан долларын цалинтай Монголд амьдрах арга алга, гадаадад хоёр мянган долларын цалинтай ажил байна гээд хэдэн зуун мянган Монголчууд харь орныг зорьсон байдаг юм. Сарын цалин нь ядаж мянган доллар болсон цагт Монголчууд маань эх орондоо эргэн ирэх байлгүй.
Оюутолгойг хүртэл олигархиуд үймүүлж 2051 он хүртэл ард түмэн ногдол ашиг авахгүйгээр гэрээ хийчихжээ. 2010 оноос эхэлж Оюутолгойгоос ногдол ашиг авах ёстой ард түмэн маань арван гурван жил хоосон хооцорчээ.Монгол Улс жил бүр өрөнд орж одоо манай улс нийт 33 тэрбум ам.долларын өртэй болоод байна.Уг нь “өвчингүй бол жаргал, өргүй бол баян” хэмээн Монголчууд ярьдаг сан.
Сүүлийн 100 жил Монголчууд бид тусгаар тогтносон улстай, социализм байгуулж байсан, одоо зах зээлтэй, ардчилсан нийгэм байгуулж байна гэцгээдэг. Гэвч улсад маань үйлдвэр хөгжөөгүй, нэг хүнд ногдох ДНБ буюу GDP дөнгөж 4000 доллар, Оросоос шатахууны 100 хувийн хараат, Хятадаас бүх бараагаа татаж авдаг ядуу орон хэвээр үлджээ. Сүүлийн 30 жилд Монголчууд цахилгаан станц, нефтийн үйлдвэр, ган зэсийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, атомын станц зэрэг ус агаар мэт хэрэгтэй үйлдвэрүүдээ барьж чадсангүй. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцыг барих ажил зогсчээ. Метро, төмөр зам, хурдны зам, агаарын тээвэр, гүүр, орон сууц, эмнэлэг,сургууль, тээвэр ложистик зэрэг дэд бүтцийг хөгжүүлж чадсангүй, мега төслүүдийг хэрэгжүүлж чадсангүй. Ковидийн үед тун хэцүү байв. Монголд тариа, зүү, эмний үйлдвэр ч байхгүй учир өвчний өмнө өвдөг сөхөрч байлаа. Монголын арми хүчтэй хэмээн ард түмэн боддог байсан. Гэтэл бууны сумны үйлдвэр ч байхгүй өдий хүрчээ. Сумгүй буутай, шатахуунгүй танк, онгоцтой яаж эх орноо хамгаалах юм бэ. Экспортын баримжаатай үйлдвэрүүд барьж, гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татахгүй бол улс яаж хөгжих юм бэ. Авилгал, хулгайгаа дарж, эдийн засгаа өөд татахгүй бол улс орны хөгжлийг яриад ч хэрэг алга. Авилгалд идэгдсэн хууль хяналтын байгууллагуудыг авилгачдаас цэвэрлэж шинэчилж өөрчлөхгүй бол шударга ёсны талаар яриад ч хэрэг алга. Олигархиудад хамаг боломжоо булаалгасан ард түмэн ядуу хэвээрээ хорин нэгдүгээр зуунтай золгов. Даварсан олигархиудыг дарах цаг болжээ. Ядуурсан ард түмнээ өөд татах цаг болжээ.
Доржийн СҮХБААТАР
Зочин · 2024/01/04
SEXSDI80955877