Монголын эдийн засаг өнөөдөр гуравхаан уурхайн нуруун дээр байгаа. Үүний нэг нь Оюу толгой. Учир мэдэх, арай эрүүл сэтгэлгээтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэн үүнийг хэлж ярьж, уйгагүй мэдээлж, бичиж яваа. Явсаар ч байна. Учир нь Оюу толгой бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт.

Гэтэл сонгууль дөхөж, улстөрчид идэвхжихээрээ үеийн үед Оюу толгойг л зүхэж эхлэх юм. “Монголын хамаг баялгийг өм цөм, ёнхийтол нь ухаж байна… бидэнд наалдаж байгаа юм юу ч алга… Монголоос олж байгаа орлогоосоо хэд дахин бага татвар төлдөг…” гэхчлэнгээр Оюу толгойг зүхсэн, буруутгасан улстөрчид, ТББ-ууд ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Элдвээр хэлж, яаж л харлуулж болох тэр бүхнээр Оюу толгойг “буддаг”. Эсэргүүцэл, жагсаал акц хийдэг. Тэдний энэ үйлдлийг нийгмийн тодорхой хэсэг итгэж хүлээж авч байгаа учраас улстөрчдийн оноо авах, нийгэмд танигдах арга нь Оюу толгой болчихсон.

Оюу толгойн ТУЗ, хэвлэл мэдээллийн албанд монголчууд ажилладаг. Мэдээж дэлхийн том уурхайн стандартаар цалинжина. Монголд сарын 20, 30 сая төгрөгийн цалин авна гэдэг бол мөрөөдлийн зүйл. Ядуу хоосон байгаа өнөөдрийн монголчууд ийм цалин хараад ухаанаа алддаг байх. Тэгээд хамгийн түрүүнд энэ цалингаасаа л салахгүй шүү. Хэрвээ тэгвэл би өөдийн бараа харахгүй нь гэж боддог байж таарна. Ийм өндөр цалингаасаа салахгүйн тулд дэлхийн жишиг бол улам сайн ажиллах. Илүү санаачилга, илүү хичээл зүтгэлтэй ажиллах ёстой. Тэр ажлынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг. Ингэж амьдралынхаа, ажлынхаа баталгааг бий болгодог.

Харин монголчуудын хувьд хэл аманд л орчихгүй юмсан гээд хяраад хэвтчихдэг. Хэл аманд орчихгүйхэн шиг дуугүй цалингаа аваад байж байя гэж ханддаг. Нэг ёсондоо ингэж бэртэгчин загнадаг. ТУЗ-ийн гишүүн нь ч тэр, Монгол захирлууд нь ч тэр, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь ч тэр чив чимээгүй, юу ч хийдэггүй. Учир нь хэл аманд орохгүй байх хамгийн шалгарсан арга бол юу ч хийхгүй байх. Хийсэн хүн сайн муугаараа хэлүүлж, хийгээгүй хүн галаас, шүүмжлэлээс хол байдаг нь нэгэнт жам болсон зүйл.

Ямар ч хэл ам гарахгүй болохоор гадаад удирдлагууд нь ч болоод байгаа юм байна гэж боддог биз. Оюу толгой Монголд муу нэртэй байгааг эндэх удирдлагууд цааш нь дамжуулж хэлэхгүй байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч байгаа биз. Маш сайн байгаа. Монголд жилд тэдэн сая ам.долларын татвар төлж байгаа. Удахгүй эрчим хүчээ өөрсдөө хангана. Дэлхийн стандартад нийцүүлж байна. Усны хэрэглээг ингэж багасгаж, ингэж зохицуулж байна. Ийм нөхөн сэргээлт хийсэн. Энэ бүхнээр Рио Тинтогийн нэр хүнд Монголд ингэж өсч байна. Гадны хөрөнгө оруулагчид ингэж нөлөөлөхөөр ажилласан.Монголын гурван том уурхайн нэг учраас Оюу толгойн хөрөнгө оруулалтыг монголчууд бурхан шиг шүтэж байгаа гэж Монгол захирлаасаа авахуулаад цэвэрлэгчээ хүртэл бүгд мэдээлж байгаа байх. Гэтэл бодит байдал дээр Монголын нийгэмд Оюу толгой үргэлжид муу нэртэй явж ирлээ.

Энэ бүхэнд Оюу толгойн Монголын талаас ямар ч хариу тайлбар гаргадаггүй. Бодвол хоёрын хооронд юман дээр элдэв тайлбар өгөхгүй, шалчигнасан юман дээр ярьж доошоо орохгүй гэж боддог байх. Гаслантай нь үнэн гутлаа үдэж байхад худал уулыг давна гэгчээр ингэх тусам Оюу толгой компани олон нийтийн дунд нэр хүндээ улам алдаж байдаг. Монголын нийгэм бодитоор Оюу толгойн талаар өнөөдөр ямар бодолтой байгааг тандлаа л даа. “Дэлхийн хэмжээний том компанийн хөрөнгө оруулалт учраас Монголынхоо ахуйгаас арай соёлжсон дэг журамтай. Арай орчин үеийн технологийг ашигладаг болохоос Монголыг луйвардаж байгаа компани. Эх орны баялгийг хэдэн мянган машинаар, хэдэн сая тонноор зөөж байгаа ч монголчууд ямар ч ашиг хүртэхгүй л байгаа юм билээ шүү дээ. Яахав хэцүү хөтүүг хийж байгаа уурхайн ажилчид биднээс хэд гурван төгрөгөөр илүү цалин авдаг юм шиг байгаа юм. Гэхдээ Монголын улс төрд яваад ямар ч нэр нүүргүй болчихсон хүмүүсийн орогнох газар Оюу толгой болсон. Монголоо тоносон тэд ямар гавьяа байгуулсан гэж тийм өндөр цалин авдаг юм бэ” гэхчлэнгээр дүгнэж байна. Үүнийг гудамд таарсан хүнээс, сошиал дахь сэтгэгдлүүдээс хэдэн зуу, хэдэн мянгаар нь уншиж, сонсож болно.

Ийн буруу ойлголт газар авахад Оюу толгойн монгол удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Учир нь дээр бичсэнчлэн тэд юу ч хийхгүй байснаас болж ийм ойлголт нийгэмд түгсэн. Тэд Оюу толгойн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэггүй. Бодвол Монголын хэвлэлүүд юмОюу толгойн үнэ цэнэ, ач холбогдлыг өөрсдөөс нь ч илүү тайлбарлан таниулсан мэдээ нийтлэл гаргадаг учраас угаасаа манай компанийг дэмждэг юм билээ. Аясаараа явж л байг гэж ханддаг байх. Тиймдээ л олон нийтийн сүлжээнд хэд мянган дагагчтай инфлүүнсэр гэж хэлэгддэг залуусыг онгоцоор авч явж 5, 10 секундын ямар ч агуулгагүй, үр нөлөөгүй сторийг зар сурталчилгааны ажил гэж боддог болов уу. Үгүй шүү дээ.

Тэд Эрдэнэт үйлдвэрээс суралцах хэрэгтэй. Эрдэнэт компанийнхан олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа гойд сайн.

“Эрдэнэтийн овоо өнгөтэй байна. Энэ зууны царай байна..” гэхчлэнгээр дуу хүртэл гарснаас нь үүнийг дүгнэж болно. Саяхныг хүртэл Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийг мон-голчууд бурхны аврал шиг л ярьцгаадаг. Угтаа дөнгөж 2016 онд л монголчууд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч, бүрэн өөрийн мэдлийнх болголоо. Инээдтэй шүү, зарим улстөрчид Эрдэнэт юу эсийг шахдаг байсныг монгол даяараа л мэддэг. Гэхдээ монголчуудыг Эрдэнэтийг Оюу толгой шиг шоовдорлодоггүй. Учир нь тэд энэ хөрсөө аль социализмын үед л тавьчихсан. Тэдний пиар айхавтар л даа.

Тиймээс Оюу толгойнхон үүн шиг ажиллах ёстой. Оюу толгойн монгол удирдлагууд компанийнхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Реклам сурталчилгаа хийж байна гээд Монголын ахуйд тохирохгүй сонин юм хийх юм. Телевизийн нэвтрүүлэг дотор “..нэг ч хүн үлдээхгүй бүгдээрээ хамтдаа алхана” ч гэх шиг. Монголын ахуйд буусан, монгол ухаанаас гарсан реклам хийж баймаар байна. Хэл, хөлд ороогүй байхаасаа гадаад явж өндөр дээд боловсрол эзэмшсэн зарим удирдлага тэнд бий байх. Реклам сурталчилгаа, мэдээлэл нийтлэлийн талаар “А” ч үгүй удирдлага ч байгаа байх. Хэл усандаа сайн ч хэвлэл мэдээллийн чиглэлээр маруухан хэвлэлийн ажилтан бий байх. Тийм бол дотоодын хэвлэлүүдтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Цагаа тулахаар инфлүүнсэрүүд юу ч чаддаггүй юм.

Ер нь ч тэгээд Оюу толгойн монгол удирдлагуудыг сольж баймаар юм байна. ТУЗ, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нь үнэхээр муу ажиллаад байна шүү дээ. Нийгмээ мэдэрч, ойлгохгүй байна. Монголоос тасарсан цалин аваад Монголын ахуйгаасаа хөндийрчихдөг юм байх даа.

Төгсгөлд нь хэлэхэд, манай сонин Оюу толгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын баталгаа гэж байнга дэмжиж,мэдээлж ирсэн. Учир нь автономит Монголын ноёдын цор ганц хүсэл мөрөөдөл нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тэр дундаа барууны хөрөнгө оруулалт, харилцаа байсан юм. Үүлэн чөлөөний нар шиг олдсон тэр богинохон боломжид тусгаар тогтнолоо дахин мандуулсан тэдний туйлын хүсэл, мөрөөдөл нь энэ юм. Тиймээс бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, харилцааг эцэг өвгөдийн захиас гэж хардаг. Тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг. Тиймээс л Оюу толгойг өмөөрөх бүхнийг хийдэг. Засмаар бүхнийг шийрэгнэлгүй шүүмжилдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ