Замын-Үүд-Эрээний боомтоор хуурамч архи, виски авч орж ирэх зөрчилд манай улсын иргэд холбогдох нь ихэсжээ. Энэ талаар Гаалийн байгууллагаас анхаарууллаа.

Замын-Үүд дэх Гаалийн газрын эрсдэлийн албаны дарга Н.Төрсайхан "Манай улсын иргэд БНХАУ-ын Эрээн хотоос гарал үүсэл тодорхойгүй, илт хуурамч виски, архийг биедээ болон ачаа тээшиндээ авч улсын хилээр нэвтрэх гаалийн зөрчилд холбогдож байна.

Хуурамч согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн, архи, вискиний шошго, хайрцаг, баглаа дээрх нэр нь буруу, тодорхойгүй бичиглэлтэй, лац нь гар аргаар хийгдсэн нь харахад илт мэдэгддэг.

Орц, найрлага, юугаар хийсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг үнэ хямд, гоё ганган хайрцагтай учраас нэг нэгэндээ бэлэглэх зорилгоор авч орж байна. Энэ нь бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах аюултайг анхааруулъя" гэв.