Д.Пэлжид: Дүү маань аврагч болно гэсэн мөрөөдлөөрөө амьдарсан эрэлхэг хүү байлаа
2024/02/05
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэнээс үүдэж үүргээ гүйцэтгэж явсан гурван сайхан залуу гал сөнөөгч амиа алдаж олон гэр бүлд хагацал, өнчрөл ирэв. Галд энгийн иргэд ч өртөж, эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн өөд болоод байна. Таван хүний амь насыг авч одсон, өөр олон хүний эрүүл мэндийг хохироосон энэ аюулт ослын талаар, шалтгаан нөхцөлийг одоо ч нийгэмд ярилцсаар байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагчдыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлсэн. Тэдний нэг, аврагч Д.Барсүрэнгийн нагац эгч, сэтгүүлч Д.Пэлжидтэй ярилцлаа.
-Дүүгээ цаг бусаар алдсан явдалд эмгэнэл илэрхийлье. осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл байгалийн хий буюу газтай холбоотой ослын үед онцгой байдлын байгууллага яаж ажиллах ёстой юм бэ гэдэг асуултыг олон нийт хамгийн их тавьж ирлээ. Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?
-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа.
-Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?
-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа. Юм бүхэнд дуудагддаг онцгойгийнхон. Гэхдээ тэр том айлд зүтгэж буй аавын хөвгүүдийн амь нас ийм баталгаагүй байдаг юм байна. Энэ харамсалтай үйл явдлаас хойш манай онцгой байдлын байгууллага болон гаднын улсын энэ төрлийн байгууллагад ямар дүрэм журам, стандарт байдаг болохыг тодруулахыг хүсч, мэдээ мэдээлэл судалж үзлээ. Уг нь энэ бол нууцын зэрэглэлтэй мэдээлэл биш шүү дээ. Ил тод нээлттэй байх ёстой.
Нөгөө талаар өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэтэл манайд аль дээр үеийн ЗХУ-ын үеийн нэг стандарт Стандарчлал хэмжилзүйн төвийн вэб сайтад байна. Гэхдээ түүнийг үзэхийн тулд мөнгө төлөх ёстой юм байна. Уг нь манай Онцгой байдлын байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Тусдаа дүрэм, журам, стандарт боловсруулж хэрэгжүүлж байх ёстой газар. Гэвч Онцгой байдлын байгууллагын цахим сайтаас, монгол хэл дээр энэ талаар мэдээлэл олж чадсангүй.
Гэр бүл дотроо ярилцаж үзлээ. Бэрийн маань хэлж байгаагаар талийгаач дүү маань байнга сургалтад хамрагддаг. Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотойгоор сүүлийн нэг жилийн хугацаанд газар хөдлөлтийн сургалтад суусан гэдгийг хэлж байсан. Тиймээс албаны хүмүүсээс асуусан. “Газ, хийтэй холбоотой ослын үед яаж ажиллах талаар сургалт ордог байсан уу” гэхэд “Газар хөдлөлтийн сургалтын үеэр тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой яаж ажиллах талаар сургалт бий” гэдгээс өөр зүйл яриагүй.
-Бас л тодорхой бус хариулт байна шүү дээ. Энэ осол бол амиа алдсан гурван аврагчийн ар гэрээр тогтохгүй улс орны хэмжээний том асуудал болж байна. Нийтээрээ айдастай байна?
-Гурван сайхан хүүгээ энэ ослоор алдлаа. Энэ бол гурван өрх айлын асуудал биш. Монгол Улс түүгээр зогсохгүй дэлхий нийтийн анхаарал татсан шүү. Метрополис том хот дотор 60 тоннын газ ямар ч хамгаалалтгүйгээр ачиж явдаг. Гэтэл манайд АТМ цэнэглэх мөнгөтэй машиныг ард, урдгүй хамгаалж явдаг. Бид мөнгөндөө маш өндөр хамгаалалттай явдаг хэрнээ хүн ардынхаа амь насанд халтай зүйлийг огт хамгаалдаггүй ард түмэн юм байна. Нэг байр байтугай хэдэн арван байрны оршин суугчдыг хөнөөж болохуйц аюултай ачааг хотын төвөөрөө ямар ч хамгаалалтгүй зорчуулж байсан байна.
Яах вэ, бидний уй гашууг хуваалцаж Төрийн өндөрлөгүүд, онцгой байдлын байгууллагын удирдлагууд гээд олон хүмүүс ирлээ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар ирэх үед “Маш аюултай дэлбэрэлт рүү, улаан гал руу гал сөнөөгчид яагаад тийм ойрхон зайд явж очив. Тэднийг яаж ажиллах заавар, үнэлэлт дүгнэлтийг тухайн үед хэн өгөх ёстой байсан бэ” гэж асуусан. Мэдээж бидний уй гашууг хуваалцаж ирж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэвч тэд миний тэр асуултад тодорхой хариулт өгөөгүй. Шадар сайд С.Амарсайхан “Хэдэн стандарт, дүрэм зөрчигдсөн бэ. Стандартаа дагаж мөрдье” гэдэг шаардлагыг хэлж байсан. Г.Ариунбуян генерал толгой дохиж байсан. Нээрээ л бид ямар стандарт, дүрмийг зөрчив. Дахиад нэг аврагчаа алдахгүйн тулд хэн нэгэн рүү чичлэхээс илүү алдаа мадагаа засч, дүрэм журмаа мөрдөх цаг болсон байна.
-Гаднын улсад энэ төрлийн ослын үед яаж ажилладаг талаар та судалж үзсэн гэлээ. Жишээ нь, хийн дэлбэрэлт рүү ус цацаж болдог, болдоггүй гээд л талцаж байна. Танд тодорхой хариулт олдов уу?
-Ослын эхний өдөр нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй ар гэрийнхэнд маш хүнд байсан. Хоёр дахь өдрөөсөө шөнө нойр ч хүрэхгүй, үйл явдлыг анзаарч “Ийм юм болчихлоо, юу болчихов” гээд бодож эхэлсэн. Энэ төрлийн осол гадаадад болдог эсэхийг интернэтээр судалж үзлээ. Ахуйн зориулалттай хэрэглэгддэг газ дэлбэрсэн ослууд дийлэнх байдаг юм байна. Яг зам дээр, тэр дундаа дөрвөн замын уулзвар дээр газ тээвэрлэж яваад дэлбэрсэн тохиолдол тун ховор. 1920-иод онд л АНУ-д болж байсан ганц нэг тохиолдол байна. Гэх дээ зарим оронд санаатайгаар буюу зохион байгуулалттайгаар дэлбэлсэн кейс ч байдаг аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад бол осол гардаггүй. Ядуу буурай, дайн байлдаантай оронд л энэ төрлийн осол гардаг юм байна. Бид аль ангилал руу орж байгаа нь ойлгомжтой.
Олон улсад галыг class A, class B, class C гэж ангилдаг. Газаар үүсгэгдсэн гал нь class B ангилалд ордог. Энэ төрлийн галыг унтраахдаа зөвхөн хуурай төрлийн powder ашигладаг. Хэзээ ч ус ашигладаггүй. Хөөс ч ашигладаггүй. Тухайн үед манай аврагчид осол дээр ус, хөөстэй очсон гэж бидэнд хариулсан.
Түүнээс гадна бас нэг ноцтой зүйл бол тээвэрлэж явсан газны хэмжээ. Олон нийтэд мэдээлж байгаагаар 60 тоннын машин л гэж яриад байгаа. Дотроо хэчнээн хэмжээний газ тээвэрлэж явсан нь дүгнэлтээр тодорхой болох байх. Олон улс дахь мэдээллээр бол газны хэмжээнээс шалтгаалж гал авалцах хэмжээ өөр өөр. 10 тонн газ дэлбэрвэл өөр нэг хэмжээтэй бүсийг хамарна. 30, 40 тонн бол хэмжээ нь томроод явчихна. Ингээд дэлбэрэлт болж дуусаад галын хүч саарсны дараа гал унтраах ажиллагаа эхлэх ёстой юм байна.
-Энэ осол дээр аврагчид шуурхай ч ирсэн. Шууд л гал руу яваад орчихсон харагддаг?
-Тэгсэн. Газ тэсэрч дэлбэрч дуусаагүй байхад эхний есөн аврагч явж очсон. Салааг ахалж явсан хүн нь гурван аврагчид усан хөшиг татах үүрэг өгсөн. Ингээд талийгаач гурав усан хөшиг татахаасаа өмнө галын орчимд хүн байгаа эсэхийг харж орчноо анзаарах гэж явсан гэсэн. Ингээд л осолдсон. “Усан хөшиг татна гэж юу гэсэн үг вэ” гэхэд “Агаарт дэгдсэн хийг газарт буулгах гэж байгаа юм” гэж албаныхан хариулсан. Эндээс алдаа хаана гарав гэдэг нь харагдаж байгаа байх аа.
Олон улсын хэвлэлүүд ослыг мэдээлснийг та бүхэн анзаарсан байх. Маш сонин өнцгүүд харагддаг.
-Тодруулахгүй юу?
-Washington post, BBC, Al Jazeera, South China Morning Post зэрэг дэлхийн том хэвлэлүүд ослыг мэдээлсэн. Тэр дундаас BBC-гийн мэдээлэл нэлээд анхаарал татсан. Мэдээллийн төгсгөлд “…Энэ ослын байж болшгүй нэг зүйл нь маш олон сургууль, олон оршин суугчтай бүс дотор 60 тонн газ тээвэрлээд аялж явсан байна. Нэг асуулт байна. Хэрэв ийм их хэмжээний газтай машин өдрийн цагаар түгжрэлтэй үед, эсвэл оройн ажил тарах цагаар явж байгаад осолдсон бол яах вэ” гээд дүгнээд дуусгасан байдаг.
-Аврагчид ямар зайд ойртож очих ёстой вэ, энгийн иргэд яах ёстой байсан бэ гэх зэрэг асуултыг албаныхнаас тодруулж ирсэн ч яг таг хариулт авч чадаагүй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Бидэнд 30-50 метрийн зайд ойртох ёстой байдаг гэж хэлсэн. Камерын бичлэгт аврагчид маш ойрхон, 10 хүрэхгүй метрт явж байгаа нь харагддаг. Галын дүгнэлтээс тодорхой болох байх. Дээр хэлснээр газны хэмжээнээс хамаарч аюулгүйн бүс тодорхой болдог. Ер нь шатах дэлбэрэх ослын үед 100-150 метрт аюулгүй бүсийг тогтоож дотогшоо хэнийг ч нэвтрүүлэхгүй байх ёстой юм билээ.
60 тонны машин гурван удаа дэлбэрсэн. Гурав дахь буюу хамгийн хүчтэй дэлбэрэлт гал сөнөөгчид амиа алдах гол хүчин зүйл болсон. Тиймээс бид “Та нар яагаад тэсэрч дэлбэрсэн осол руу 30 ч хүрээгүй залуучуудыг ус ачуулаад явуулчихав аа” гэж асуусан. Тэгэхэд “Гал гарлаа гэсэн дуудлага ирдэг. Бид ямар нөхцөл байдал дээр очиж байгаагаа мэддэггүй. Мэдэх ч боломжгүй” гэж байна лээ. Нэг талаар тийм. Гэхдээ яг дүрэм журмаараа бол галын дуудлага ирлээ гэхэд гал сөнөөгчид замдаа гарлаа. Ард нь шуурхай алба гэж байх ёстой. Тэд мэдээлэл өгсөн хүн рүү дахиж залгаад асуумж авах ёстой юм байна. “Танд юу үнэртэж байна, галын хэмжээ их үү, бага уу, тусламж эрж байгаа хүн харагдаж байна уу” гэх зэргээр тогтсон асуумжийг асуух ёстой. Тэр асуумжаа аваад гал сөнөөгчид рүүгээ мэдээллээр хангадаг. Тэр зуур тагнуул, цагдаагийн байгууллага нь шуурхай ажиллаад “Дашваанжил” ХХК руу холбогдмоор юм. Тэгэхэд “Манай жолооч тийм хэмжээтэй газ тээвэрлэж, тэр зам дээр явж байгаа” гэх мэдээллийг аваад дахиад гал сөнөөгчид рүүгээ мэдээлнэ. “60 тоннын газтай машин явж байгаа юм байна. Хамгаалалтаа тийм байдлаар аваарай” гэх нөхцөл байдлын үнэлгээ хийгдэх ёстой байж. Тэр ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн үед салааг Тамир гэж залуу ахалж явсан. Сонсох нь ээ, бас л олон хүүхэдтэй аав юм билээ. Тэр хүнийг амьд үлдлээ гээд буруутгаад шийтгээд байж болохгүй. Нүдэн дээр нь аврагчид нь амиа алдсан. Сэтгэл санаа хүнд байгаа нь мэдээж. Гол нь тэр хүнийг мэдээллээр хангах ёстой байсан.
-Энэ өдрүүдэд гал сөнөөгчид, аврагчдын нийгмийн байдал, ажлын техник хэрэгслийн асуудлыг ярьцгааж байна. Хүнд л нөхцөл байдал дуулдах юм?
-Гал сөнөөгчид маш бага цалинтай. Дүү маань нойтон гуталтай гэртээ ирэх тохиолдол байсхийгээд л гардаг байсан. Гутал нойтон, даарч байна гээд л орж ирдэг. Сэлгэдэг хувцас хэрэглэл муу. Шижигнэсэн сайхан залуусаар баг бүрдүүлж байгаагийн хувьд тэднийгээ хайрламаар байна. Нийгмийн хангамж сайтай, удирдлагын сайн чиглүүлэгтэй, техник тоног төхөөрөмж сайн байх ёстой. Амиа алдсан аврагчид бүгд хүүхэдтэй, айлын сайхан эзэд байлаа. Дахиж хүүхдүүд бүү өнчрөөсэй.
-Дүүгийнхээ талаар дурсахгүй юу. Айлын ганц хүү байсан гэв үү?
-Дүү маань 1995 оных цэл залуухан хүү байсан. Бага байхын гөл сөнөөгч болно гэж мөрөөдөж ярьдаг хүүхэд байлаа. Яг л тэр мөрөөдлөөрөө амьдарч явсан хүү. Ээж нь ганц хүүгээ мэргэжилтэй, сайхан амьдралтай болгохын төлөө өөрийгөө зориулж ирсэн баатарлаг эмэгтэй байдаг. Сайхан аав, ээжийн эрэлхэг хүү байжээ. Нэг харахад шүдээ хугалчихсан байна, эсвэл толгой нь хавдчихсан байдаг. Яасан бэ гэхээр “Гал унтрааж яваад утаан дундаас угаартаж гарч ирээд ухаан алдаад уначихаж. Унахдаа юм мөргөчихөж” гээд тоох ч үгүй явдаг хүү байсан. Тиймээс дүүдээ “Хэцүү ажил хийдэг юм бэ. Өөр ажил хий, ар амьдралаа бод” гэж үе үе зэмлэдэг. Гэвч нэгч удаа гундаж үзээгүй “Манай ажил сайхан шүү дээ” гээд л өнгөрөөнө. Дүү маань бусдад туслахын төлөө л явдаг, ажилсаг, зөөлөн зантай, ээжийн сайн хүү байлаа.
Ийм сайхан эрэлхэг залуус ажиллаж байсан болохоор ажил явдалд олон ч хүн ирлээ. Төрийн төлөө ажиллаж байсан болохоор төрийнх нь хүмүүс бүчиж бүх зүйлийг хариуцаж дуусгадаг юм байна. Хэдий тийм ч хүний сайхан охины амьдрал тал болж, хоёр хүүхэд аавыгаа алдаж, нэг ээж амьдрахад маш хүнд нөхцөл байдалд орлоо шүү дээ. Маш том сургамж боллоо. Аврагчид өглөө ажилдаа гарсан бол орой харьдаг байгаасай. Ийм осол дахиж битгий давтагдаасай. Дахин өөр нэг аавын хүү улаан гал руу орж, амиа өргөхгүйн тулд бие биенээ чичлэхгүйгээр, стандарт, дүрэм, журмаа өмнөө гаргаж ирээд ажил хэрэгчээр бүх зүйлээ яриасай билээ. Бид ийм л зүйлийг хүсч байна. Бидний уй гашууг хуваалцсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.