Аюул занал хийгээд түүний тухай онол...
2014/07/01
Сүүлийн үед манайхан хятадын аюул яриад сүйд. Энэ ч яахав бараг төрөлх зан чанар юм. Тэгвэл аюул заналыг монгол хүн хэрхэн ойлгодог вэ гэвэл үнэндээ бол “нойл”.
Олон хүн уурлаж магадгүй боловч энэ талаар манай монголчууд бараг л мал шиг. Нээрээ шүү. Асар олон аюул занал хамар дор нь байж байхад тэнэг царайлчихаад яваад байгаа хэрнээ шал утгагүй шахам юман дээр сүйд болж сүржигнэнэ. Гэхдээ сүржигнэхээс цаашгүй. Ингээд л болоо. Би үнэнийг л хэлж байна. Иймээс би орчин үеийн аюул заналын талаар анхан шатны ойлголт өгөхөөр шийдэв. Аюул заналын талаар системтэй мэдлэггүй байж сүржигнэх нь тэнэглэлийн дээд мөн.
Аюул занал ихсэж байгаа
Энх тайван зөвшөлцөлд бүгд уриалан дууддаг боловч өнөөгийн ертөнц аюулгүй, тайван сайхан болоогүй байна. Хүн төрөлхтөн дэлхийн хэмжээний болон бүс нутгийн олон аюул заналтай тулгараад байна. Үүнийг манайхан мэддэг боловч ухаардаггүй. Баталгаа нь энэ талаар бараг юу ч хийдэггүй.
Аюул занал бол яг таг тодорхойлж болдог ойлголт биш бөгөөд байнга өөрчлөгдөж байдаг, энэ ойлголтыг янз бүрийн утгаар хэрэглэдэг, мөн тэр нь маш олон янз байдаг.
Гэхдээ аюул заналыг цаг ямагт явцуу утгаар ойлгож, мэдэгдэм бодит шинжтэй болгож ойлгож ирсэн уламжлал амь бөхтэй оршиж ирсэн. Энэ нь объектив байдалд тэмүүлж ирсэн олон жил ноёрхсон позитивист хандлага болон түүнчлэн байгалийн ухааны аргуудыг улс хоорондын харилцааг судлахад хэрэглэж ирсэнтэй холбоотой юм.
Үнэн хэрэг дээрээ аюул заналын ойлголт нь амьдрал дээр маш олон иж бүрдэл (комплекс) харилцаа үүсгэдэг ба энэ нь уламжлалт хандлагыг эрс өөрөөр авч үзэхийг шаардсан юм.
Ингээд философи, социологийн онолын санаануудад тулгуурлан, олон улсын харилцааны онол дахь хэд хэдэн чиглэлийн төлөөлөгчид аюул заналын уламжлалт ойлголтод шүүмжлэлтэйгээр хандаж үзсэн байна. Энэ ажлыг ихэнхи тохиолдолд хүйтэн дайны үйл явдлуудыг тайлбарлах гэж хийсэн ба аюул заналын оршин буй ойлголтын хүрээнд болж өнгөрсөн үйл явдлуудын жинхэнэ шалтгаан, үр дагаврыг тооцож болохгүй нь тодорхой болжээ.
Явцуу, төр улсад төвлөрсөн, зөвхөн цэргийн хүчин зүйлд төвлөрсөн аюул заналын ойлголт төсөөлөл шинжлэх ухааны хэрэгцээнд нийцэхгүй, олон улсын дэг журмын мөн чанарыг нээн илрүүлэх чадваргүй байсан юм.
Үүний хамт онолын социологид асуудал үүсэв. Э.Дюркхейм, М.Вебер, Т.Парсонс нарын гол сэдэв болох материаллаг бодит байдлын жам ёсны дэг журамд нийгмийн (социал) дэг журам онцгой сайн зохицон нийцнэ гэсэн үзэл санаа бүхий социологийн онолууд мухардалд оров. Ингээд тэдний позитивизмээс аажмаар холдох болж, олон улсын харилцааны онолд улам бүр өөр хандлагаар явах болов. Жишээлбэл, П.Бергер, Т.Лукман нарын бодит байдлын социал бүтээлтийн концепцээр явах болжээ.
Олон улсын харилцааны онолд ийм шинэ үзэл санаа бий болсноор аюул заналын объект нь нийгмийн дэг журам байж болно, энэхүү нийгмийн дэг журам өөртөө олон улсын хүрээг дотоод хүрээнээсээ дутахгүй агуулдаг, социеталь үйл явцыг дотоод социеталь асуудлаас дутуугүй багтааж чаддаг гэдгийг илрүүлсэн байна.
Нийгмийн дэг журам гэсэн объект мөн чанараараа загвар бүтээх гэсэн ажиглагчийн хувьд ихээхэн тогтворгүй байдаг ба позитивизмын санал болгодог байгалийн шинжлэх ухааны аргад тэр бүр мэдэгдэхгүй. Ингэж үзэхэд Р.Коксын санаа их тус болсон ба тэр цэвэр позитивист хандлагыг үлэмж эргэлзээтэй болгосон юм.
Сонирхуулахад Р.Кокс энэ санаанд хүрэхдээ К.Маркс, А.Грамши нараар дамжин хүрсэн юм. Мөн дээр дурдсан Т.Лукман ч гэсэн Э.Дюрхеймээр дамжиж байж нийгмийн дэг журам, түүнчлэн олон улсын дэг журам нийгмийн практикийн хийц (конструкц) болно гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ингээд үзэхээр аюул занал, аюулгүй байдал гэсэн ойлголт нь “боломж”, “аюул занал”, “эмзэг байдал” зэрэг материаллаг шинжийн хуваарилалт биш, харин харьцангуй шинж болдог юм.
Бузаны эргэлзээ
Гэтэл Копенгагены Их Сургуулийн профессор Б.Бузан хамтрагч О.Вейверийн хамт 1983 онд “Хүмүүс, улсууд, айдас” хэмээх ном бичсэн нь хамаг юмыг бусниулав. Эрдэмтэд түүнийг “пандорын хайрцгийг” нээсэн гэж зүйрлэдэг юм. Үнэхээр ч энэ онол олон улсын харилцаанд хэрүүлийн алим тарьж, түүнийг цоо шинээр үзэх болгожээ.
Б.Бузан олон улсын харилцааны реализм хийгээд конструктивизм гэсэн хоёр том онолын урсгалын огтлолцол дээр өөрийн бүтээлийг туурвисан. Үүнийг “Копенгагены сургууль” гэж нэрлэх болсон бөгөөд эдүгээ олон улсын практикт ид хэрэглэж цааш хөгжүүлж байна.
Харин Б.Бузан өөрийгөө аль нэгэн онолд хамааруулдаггүй бөгөөд онолын сонголт бол уг асуудлынхаа шинж чанараас хамаарах болохоос, сонгож авсан онолоос үл хамаарна гэж үздэг юм. Энэ бол манайханд тун хэрэгтэй үндэслэл юм. Учир нь манайхан аль нэг таалагдсан онолыг сонгож аваад түүндээ амьдралыг нийцүүлэх гэж зүтгэдэг.
Б.Бузан олон улсын харилцааг асар уудам талбай гэж үзсэн бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бусад салбарууд бие биенээ давтаж болохгүй гэж үзсэн. Яагаад гэвэл тэдгээр шинжлэх ухааны олонхи судалгааны тодорхой нэг чиглэл дээр төвлөрсөн байдаг. Тэрээр олон улсын харилцааг янз бүрээр төрөлжсөн салбаруудтай адилтган ертөнцийг функционал-дифференциал байдлаар ойлгох ёстой гэж үзсэн. Энэ бол цоо шинэ санаа юм.
Социологиос эрх зүй тусгаарласан, улмаар улс төрөөс эрх зүй тусгаарласан гэх мэт. Зарим хүмүүс олон улсын харилцааны тухай ярихдаа жишээлбэл, олон улсын бодлогыг улс төрийн нэг хэсэг мэт боддог. Харин Б.Бузан болохоор олон улсын харилцааг тусгай шинжлэх ухааны биш, харин шинжлэх ухаан хоорондын талбай гэж үзээд олон улсын харилцааг хамгийн ихээр бүхнийг оролцуулсан (инклюзив) концептуализац гэж үзэхийг санал болгосон юм.
Ингээд тэр олон улсын харилцааг дэлхийн түүх хийгээд социологитой холбож өгсөн нь ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Б.Бузан Вестфалийн системээр хязгаарлагдсан судлаач түүний цаанаас дэлхийн түүхийг олж харахгүй гэсэн байдаг. Олон улсын харилцааны олонхи онол Вестфалийн тодорхой нөхцөл байдлыг шаардаж, дэлхий дахиныг “улс” гэж нэрлэсэн тусгаар тогтносон болон автономит “үүрүүдэд” хуваан үздэг.
Урсаж буй олон улсын харилцааг ийм царцанги үзэл бодлоор төсөөлөх боломжгүй юм. Үүнийг дэлхийн түүх, Европын түүхийн ихэнхи хэсэг, түүнчлэн дэлхийн янз бүрийн хэсэг дэх орчин үеийн хөгжил нотолж байна. Харин Б.Бузаны үзэж байгаагаар дэлхий дахины түүхтэй холбоотойгоор онолын хязгаарлалтыг даван туулж чадах бөгөөд ертөнцийг үзэх бидний ойлголтыг суурийг тавьж чадах юм. Б.Бузан Олон улсын харилцааны Английн сургуультай хамтран ажиллаж, олон улсын харилцааг социологитой холбож өгсөн юм. Яагаад гэвэл социологийн хандлага нь төвлөрсөн төрөөс өөрөөр ханддаг юм.
Секьюритизацийн онол
Бузанаас өмнө олон улсын харилцааг голдуу цэрэг дайны үүднээс авч үздэг байсан юм. Манайд бол 1780-1831 онуудад амьдарч, “Дайны онол” ном бичсэн Карл Филипп Готтлиб фон Клаузевицын онолыг галзуутай сайн мэддэг юм. Яг үнэндээ Клаузевичийг уншсан хүн Монголд тоотой хэд боловч түүний үзэл санаа монгол хүний тархи толгойд хадаатай байдаг. Дандаа байлдаантай кино үзсээр байгаад ийм болчихсон ч байж магадгүй. Тийм болоод л хятад, оросын танк ороод ирнэ гэх мэт солиороод байхгүй юу. Үнэнхүү хоцрогдсон ард түмэн бол монголчууд мөнөөсөө мөн.
Хуучин онолоор бол аль нэг объектыг аюулгүй байдалд заналхийлэгч гэж үзэж болдог, тэгээд тодорхой сэдвийн (контекст) дотор улс төржүүлж, улмаар түүнээс хамгаалдаг (секьюритизаци) байсан. Энэ үйл явцыг Бузан анхааран судалж аль нэг зүйлийг аюул занал хэмээн батлах үйл явцыг судлан үзсэн байна.
Аюулгүй байдлыг үзэх уламжлалт хандлага дэлхийн дайны үед боломжтой бөгөөд учир нь энэ үед улсууд хүчний болон засгийн давуу талын төлөө цаг ямагт тэмцэлдэж байдаг. Харин дайнаас бусад цагт уламжлалт хандлага олон чухал асуудлыг харааныхаа гадна үлдээж, зарим талаар үгүйсгэдэг ба энэ үед аюулгүй байдлын өөр шинэ хүчин зүйлүүд гарч ирдгийг огт анзаардаггүй байна.
Жишээлбэл, үндэсний үзэл, шашин, өөрийн адилтгал (identity) зэрэг олон хүчин зүйл байна. Энэ болон бусад олон хүчин зүйлсийг өмнөх онолуудад огт тооцож байсангүй. Б.Бузан энэхүү тооцож байгаагүй хүчин зүйлүүдийг тооцохыг оролдсон байна.
Секьюритизаци гэж юу вэ ? Секьюритизаци гэдэг бол тодорхой объект аюулгүй байдлын асуудал болон төсөөлөгдөх үйл явцыг хэлнэ. Аюулгүй байдлын ойлголт бол цаг ямагт тэсэн амьдрах асуудалтай холбоотой байдаг, ингэхлээр тухайн объектын оршин амьдрахуйд аюул занал учрах тухай асуудал сөхөгдөж байна.
Объект аюулгүй байдлын асуудал болоход шийдвэр гаргах ёстой болох ба энэ нь бусад асуудлаас илүү чухал, хамгийн гол асуудал болдог юм. Аюулгүй байдал ямар нэг заналхийлэлтэй холбоотой учраас шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болдог. Б.Бузан асуудалд ингэж л хандсан. Өөрөөр хэлбэл тухайн объект хэвийн улс төрийн объект байхаа больж, онцгой анхаарлын объектын статустай болох ба “бид энэнтэй ямар нэг юм хийх ёстой, бид үүнийг яг одоо, маш хурдан хийх ёстой, ингэхгүй бол бид алга болох юмуу ноцтой хохирол амсана” гэж үзэх болдог. Ингэснээр секьюритизаци биднийг хэвийн улс төрөөс гаргадаг. “Аюулгүй байдал бол тухайн асуудлыг шийдвэрлэх тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмаас дээгүүр улс төрийн бодлогыг гаргаж ирдэг юм” гэж Б.Бузан онцлон тэмдэглэсэн. Секьюритизацийн онолын үүднээс нийгэм дэх дурын асуудал энх тайван, эсвэл аюулын шинжтэй байж болдог. Мөн улс бүрийн аюул заналын нөхцөл байдал өөр өөр байдаг.
Ухаандаа Иран, Саудын Арав, Бирм зэрэгт шашны асуудал улс төртэй их хамаатай, энэ хэрээрээ их аюултай. Гэтэл Франц, АНУ-д шашны асуудлыг бараг тоохгүй байх жишээний. Бас хуучин ЗХУ болон Иран зэрэгт соёл ихээхэн ач холбогдолтой байхад Их Британи, Нидерландад бараг ялгаагүй байдаг. Энд судлаач хүн улс орны онцлогийг харгалзах хэрэгтэйгээс гадна тухайн асуудал улс төржсөн үү, эсвэл үнэхээр бодитой аюултай юу гэдгийг судлан үзэх шаардлагатай. Гэвч тодорхой нөхцөлд энх тайван хүчин зүйл аюул болж, аюулын хүчин зүйл энх тайван хүчин болон шилжиж болдог.
Түүнчлэн аюулыг үзэх тоглогчдын бодит байдал, зан үйл их чухал юм. Секьюритизацийн актор нь (тоглогчид) голдуу аюулгүй байдлыг ярьж, үйлдэж буй хувь хүмүүс, бүлгүүд байдаг. Энэ нь голдуу засгийн газар, улс төрийн лидерүүд, лоббистууд, даралтын бүлэг зэрэг байх нь олонтаа. Тэр ч байтугай улс төрд огт хамаагүй хүмүүс үүнд оролцох нь элбэг. Яг ийм хөгийн үйл явц манайд болж байна. Энэ үйл явцыг Б.Бузан тодорхой шинжилсэн, гэвч үүнийг энэ удаад дэлгэрүүлж авч үзэхгүй. Үзвэл ч их сонин “юм” гарна…
Аюулын төрлүүд
Ингээд Б.Бузан аюулын төрлүүдийг ангилсан. Өмнөх ангиллууд ангилаад бусадтай нь холбодоггүй байсныг Бузан арилгаж чадсан юм. Өөрөөр хэлбэл анги, хэсэг тус бүр бие даасан хэрнээ харилцан уялдаатай сүлжээт систем болж чадсан юм. Ингээд Б.Бузан аюул заналыг дараах байдлаар ангилсан:
1. Цэргийн
2. Улс төрийн
3. Эдийн засгийн
4. Социеталь (нийгмийн гэхээс дээ-Х.Д.Г.)
5. Инвайронменталь гэсэн 5 бүлэгт хуваан үзсэн.
Цэргийн аюул нь хүн бүхний мэдэх зүйл боловч тухайн улсын давших болон хориглох боломж, түүнчлэн хоёр улсын харилцах хүсэл эрмэлзлээс хамаарна.
Улс төрийн аюул нь аль ч улсын санаа зовох асуудал юм. Төр нь улс төрийн нэгдэл болдог учраас энэхүү нэгдэл сулрах нь цэргийн аюултай эн зэрэгцэнэ. Манай төрийн эв нэгдэл тун муу байгаа нь нууц биш юм. Төрийн аюулгүй байдал нэн тэргүүнд төрийн тогтвортой байдал, түүний удирдлагын систем, мөн үзэл суртал зэргээс шууд хамаардаг. Эдгээр нь ямар байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Эдийн засгийн аюул нь эдийн засгийн өөрийн мөн чанараас хамааран тодорхойлоход хамгийн түвэгтэй. Зах зээлийн эдийн засаг дахь тоглогчдын хэвийн зан үйл бол эрсдэлтэй, харгис өрсөлдөөн хийгээд тодорхойгүй байдал юм. Энд тогтвортой байдал хийгээд аюул заналын зааг хүрээ сайн ялгарч харагдахгүй. Харин Б.Бузан эдийн засгийн болон цэргийн аюулгүй байдлын хоорондын чухал холбоог анхаарсан юм. Цэргийн аюулгүй байдал нь наад зах нь төсвийн хязгаарлалтаас болоод эдийн засгаас хамаардаг. Эдийн засгийн аюулгүй байдал нь хүн амын хийгээд төрийн засаглалын сайн сайхан байдлын хангалттай түвшинг тэтгэх зайлшгүй хэрэгтэй нөөц, санхүү болон зах зээлийн хүрэлцээтэй холбоотой юм.
Социеталь (нийгмийн) аюул нь нийт нийгэм, хүмүүсийн өөрийн адилтгал (identity), түүний бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой. Зарим төр адилтгал, соёлын ялгааны учрыг олж чадахаа байдаг. Манай төр яг ийм, эргүү төлөг шиг байгаа. Өнөөгийн нийгмийн олонхи зөрчил чухамхүү нийгмийн шинж чанартай байдаг. Социетал аюулыг бэрхшээлтэй ч гэсэн заавал судлах ёстой. Гэхдээ адилтгал болон соёл нь субъектив болон контекстуаль шинжтэй байх нь элбэг. Үүнийг бүдүүн тоймоор ойлговол “зохиомол” гэж төсөөлж болно. Миний ойлгож байгаагаар Монголд учирч буй хамгийн их аюул занал чухамхүү энэхүү социеталь хүрээнд буюу манай нийгэмд байгаа. Учир нь сүүлийн хэдэн жил монголын нийгэм атомжин задарч, хүмүүсийн зан үйл бэртэгчин шинжтэй болж, адилтгалын нийтийн шинж үгүй болж, үндэсний зүйл бүдэгрэн доройтсон. Үүнийг бүр санаатайгаар хийж, Монголын нийгмийг задалсан. Би энэ талаар “Монгол ба нийгмийн идэвхи” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн.
Инвайронменталь аюул бол манайхан мэддэг, ярьдаг атлаа огт тоодоггүй аюул юм. Эндээс монгол хүн хэр богино ухаантай болсныг хялбархан мэдэж болдог юм. Түймэр гарч, үер болоход хэд хоног шуугиад л мартах жишээний. Цаашилбал даяар дулаарал, цөлжилт, орчны бохирдол, озоны давхраа цоорох гэх мэт олон аюулыг дурдаж болно. Эдгээрийг тоодог амьтан монголд бараг үгүй гэхэд хилсдэхгүй.
Б.Бузаны асар том шинэ онолыг маш товч хөндвөл иймэрхүү. Ямар ч онолыг хэт хялбарчлах нь түүнийг бүдүүлэгжүүлэх гол шалтгаан мөн. Үүнийг би сайн ойлгож байна. Шинжлэх ухааны нарийн нарийн ойлголт, нэр томъёог зөвхөн хялбарчлан ойлгуулах үүднээс ёстой “танкаар дайрсан” мэт бүдүүн бараг болгов. Надад үүнээс өөр арга байсангүй. Бузаныг унших эрдэмт залуус хожим намайг бүү зэмлээсэй гэж хүсч байна. Манайхан онол ярихаар ойлгохгүй байж загнана, хялбарчлахаар “бүүүүр” хялбарчилж ойлгоод бас загнана, цээжнийхээ бангаар мэдэмхийрнэ. Хүн юмыг мэдэхгүй байж болно л доо. Гэхдээ хүн бэлэн санаа хэлээд өгөөд байхад залгаж аваад өөрөө судална гэсэн ойлголт лав л монгол сэхээтний олонхид байхгүй. Харин эсэргүүцэх санаа байвал толгой нь ажиллаж өгнө. Түүний тулд эрдэм мэдлэг биш, ердөө л мангар зоригтой, улам тэнэг байх ёстой. Ингээд тэр чигээрээ монгол аргаараа дөргүй бух шиг дайрна. Үнэн тэнэг шаарууд ш дээ, манай сэхээтнүүдийн олонхи. Сүүлдээ би “монгол сэтгэлгээнээс” залхдаг, “айдаг” болж байна ш дээ…
Одоо зэрэгцүүлээд үз
Б.Бузан 5 төрлийн аюул ярьсан. Бүх дэлхий даяараа үүнийг ярьж, үүнд тохируулж зохицуулж байна. Харин Монголд ердөө л нэг, их л сайндаа хоёрыг ярьж байна. Нэгдэх нь танк. Хоёрдах нь нүүрс. Танк нь дайраад ороод ирэх юм гэнэ. Нүүрсээ алдаад дуусах юм гэнэ. Хааяа нэг бүх ноолуураа алдаж байгаа тухай, бас хятадууд монголоор дүүрсэн тухай шуугина. Яг зэрэгцүүлээд үзвэл танкнаас илүү аюултай үзэгдэл монголын нийгэмд олон бий л дээ. Гэхдээ монгол хүн танк, төмөр зам яривал өөрт нь амар юм шиг байгаам. Тэгээд аль нь илүү аюултай байна ?! Танк уу ?! Төмөр зам уу ?! Зөвшөөрөлгүй цагаачид уу ?! Аль эсвэл манай нийгэм, бидний хачин тэнэг үйлдэл үү ?!
Хэрэв надаас асуувал би танкнаас биш, шинжлэх ухаанд томъёолж ирсэн хүн ам зүйн (демографик) милитаризм, соёлын экспанси гэдгээс болгоомжилно. Энэ мэтээр аюулгүй байдлын үзэл баримтлалыг телевизийн киногоор биш, эрдэм шинжилгээний байгууллага маш нарийн судалгаанд дээр тулгуурлаж тооцож гаргадаг юм. Гэтэл энэ нь манайд ор тас байхгүй. Хийх гэж оролдсон хүнийг олон жилээр хавчин хяхна, мөрдөн мөшгинө. Жишээ нь би өөрөө байж байна. Харин энэ бол жинхнээсээ үндэсний аюулгүй байдалд санаатайгаар хохирол учруулсан үйлдэл мөн.
Б.Бузан ярьж байна: Хүчин зүйлийн байр солигддог гэж. Энэ юу гэсэн үг гэхээр дурын хүчин зүйл аюултай, бас ашигтай, гэхдээ байр нь солигддог. Энэ нь тухайн субъектын хүсэл зоригоос хамаарна. Цахилгаан ашигтай юу, ашигтай, аюултай юу, аюултай. Гэхдээ цахилгаан аюултай гээд цахилгаан хэрэглэхээс татгалзсан улс байхгүй. Ийм жишээ үй олныг татаж болно. Хятад аюултай юу ?! Аюултай байлгүй яахав. Тэгвэл Орос аюултай юу ?! Мэдээж аюултай. Бас л танктай ш дээ. Тэгвэл аюултайгаас нь болоод хоёр хөрштэйгээ харьцахгүй байх ёстой юу ?! Үгүй л дээ. Би бол хамгийн түрүүнд хоёр хөрштэйгээ эвтэй найртай харилцах ёстой гэж л хариулна. Өөр яах ёстой гэж ?!
Хятадтай нийлсэн 4.709.658 км, Оростой нийлсэн 3.543.000 км хилээ тас хаачихаад хоёр том эдийн засаг, иргэншлээс хаалттай байх ёстой юу ?! Танктай, пуужинтай, онгоцтой Орос, Хятадууд найзалж болоод байхад манайх ямар ч харилцаагүй байж болох уу ?!
Энэхүү “аюултай юу ?” гэсэн асуулт бүхий л утгаараа бүрэн биш юм. Түүний логик үргэлжлэл нь “ашигтай юу ?” гэсэн түүний нөгөө тал юм. Б.Бузаныхаар бол аюултай, ашигтай гэсэн хоёр талыг харьцуулан үзэх ёстой. Энэ нь ч зөв юм. Монгол бол харьцуулах нь бүү хэл нэг талыг нь ор тас мартаж байна. Бүр огт байхгүй мэт асуудалд хандаж байна.
Гадаад худалдаа, экспорт, импортоо боддоггүй юмаа гэхэд идэж ууж, өмсөж зүүж байгаагаа бодож болох л доо. Оронд нь бид мөнгө, баялгаа өгч байгаа гэх хүн гарна л даа. Харин тийм. Үүнийг худалдаа, эдийн засгийн харилцаа гэдэг юм. Үүнд тулгуурлан бүх талууд харилцан ашигтай байж зэрэгцэн оршдог юм.
Олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцож хорших, төрөлжих, дагнах, хамтрах зэргээр ажиллаж байж хөгждөг зүй тогтолтойг мартсан цорын ганц улс бол Монгол.
Асуудлын огт хөндөхгүй байгаа тал нь АНУ, Орос, Япон, Солонгос зэрэг бусад улсыг огт хөндөхгүй ганц Хятадыг ярьж байгаад оршино. Үнэн хэрэг дээрээ Хятад хэдий том, хүчирхэг ч бусад улсуудтай зэрэгцэн оршиж найрамдаж, өрсөлдөж, хэрэлдэж, уралдаж, тэмцэлдэж, зохицож хөгжиж байгаа. Ийм асар олон талт харилцааны найрсал, зөрчил, тэмцэл, өрсөлдөөн, зохирол дунд дэлхийн нийтийн өнөөгийн дэг журам гэж тогтдог. Хэдий хэврэг боловч үүнээс өөрийг хүн төрөлхтөн мэдэхгүй. Харин дэлхий нийтийн дэг журам нөлөөллийн харьцаа, тэнцвэр дээр тогтдог. Харин Монгол үүнийг үгүйсгэдэг юм байна.
Бид л шийднэ
Энэ шинэ онолын тоймыг хүргэснээрээ би цэргийн болон улс төрийн аливаа аюул занал арилсан гэж огт хэлээгүй.
Ер нь бол бүхнийг хамарсан, бүрэн аюулгүй байдал гэж энэ дэлхийд хаа ч байхгүй. Том жижиг бүх улс байнгын аюул занал дор оршин байгаа гэж хэлж болно. Хэдий ийм ч хамтын ажиллагаанаас татгалздаг ганц ч улс байдаггүй.
Гэхдээ л улс гүрэн бүр аюулгүй байдлын үзэл баримтлалтай байдаг. Харин манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шиг утгагүй юм байхгүй гэдгийг би судлаач хүний хувьд батлан хэлж чадна. Хэрэв хэрэгтэй байсан бол өдийд тэр “цаасаа” гаргаад уншиж байх ёстой биз дээ. Хэчнээн сүржигнэж хийлээ, дандаа ингэж новшийн юм хийдэг байхгүй юу. Ингэхлээр чинь аюулгүй байдал “далан нөхөөс” болж лөөлөө л болдог байхгүй юу…
Хэрэв үндэсний ашиг сонирхол, төрийн ашиг сонирхол хоёр үл давхцаж, хаа хамаагүй салж одвоос, чингэхдээ эрх мэдэл барьсан олигархи бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл үлэмж хурцадсан тохиолдолд үндэсний аюулгүй байдлын байдлын хүрээ заагийг тодорхойлох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тооцох, эрэмбэлэх явдал бараг боломжгүй юм.
Ийм өрөвдөлтэй арчаагүй байдалд орсон атлаа үндэсний ашиг сонирхол гэсэн эрхэм зүйлийг урдаа барьж хэрүүл өдөөх нь үлэмжийн тэнэглэл мөн. Хэрэв үүнийг үнэхээр яримаар байгаа бол бүх хүчин зүйлийг харгалзсан нарийн тооцоо судалгаанд үндэслэн маш хариуцлагатай хандах ёстой. Аюулгүй байдлыг систем болгон авч үзэх ёстой болохоос ганц хүчин зүйл, тухайлбал, ганц төмөр замаар тайлбарлах утгагүй. Үүгээр сүржигнэх бол шал дэмий ажил.
Хэрэв тусгаар тогтнол алдагдах хэмжээнд хүрсэн аваас үүнийг бүх нийтээрээ ярилцах ёстой. Харин үүнд бол үнэмшиж болно. Гэхдээ баригдаагүй байгаа төмөр замаас болж тусгаар тогтнол алдагдана гэвэл би ёстой үнэмшихгүй. Төмөр замаас хамаагүй өмнө Монголын нэр бүхий олигархууд монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд олон удаа, санаатайгаар, зохион байгуулалтайгаар хор хохирол учруулж ирсэн гэдгийг би олон баримтаар нотолж чадна.
Үүнийг бол би жич ярьж болж байна. Энд ил ярих ярихгүй зүйл олон бий. Гэвч наад захын мэдлэггүй хүмүүс шийдвэр гаргаж, хэлсэн үгийг үл тоон, бие биентэйгээ геополитикээр байлдах нь даан ч гачлантай. Үнэндээ бол монголын олигархууд мөнгөнөөс болж л зодолдож байна. Түүндээ тусгаар тогтнолыг бамбай болгож байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга дээр дурдсан шинэ онолын дагуу ажиллах эрдэмтдийн баг цуглуулж эхэлснийг би нэгэнт дурдсан. Хэрэв саад гарахгүй бол эндээс л шинэ юм гарах ба энэ ажил бол бидний найдвар юм.
Б.Бузан хэлж байна: эцсийн дүнд аюулгүй байдал бол объектод ч биш, субъектэд ч биш харин субъектуудын дунд байдаг юм. Дэндүү ухаантай үг л дээ. Энэ үг гадаад хүрээнд ч хамаарна, мөн дотоод хүрээнд ч хамаарна. Тэгэхлээр оролцогч талууд хамтран шийддэг байх нь…
Судлаач Х.Д.Ганхуяг
mbt s***s outlet · 2014/07/16
mbt s***s cambridge uk Аюул занал хийгээд түүний тухай онол...mbt s***s outlet http://www.aftpq.org/choose-the-best-quality-mbt-s***s-outlet-from-us.html
Зочин · 2014/07/02
hunsnii bolon udmiin sangiin ayulgui bdal gj hamgiin c***al shu
Зочин · 2014/07/02
Arail nurshuu bichjee
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/02
******
Зочин · 2014/07/02
Маш сонирхолтой