УИХ-ын сонгуулийн дүн гарч, дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Тэгвэл шинэ парламентын хамгийн настай, хамгийн залуу гишүүнийг онцлон хүргэж байна.

Хамгийн ахмад УИХ-ын гишүүн: Д.Рэгдэл

МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн академич Д.Рэгдэл 126 гишүүнтэй парламентын хамгийн ахмад гишүүн болж байна. Тэрбээр 73 настай бөгөөд 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 

  • 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль,
  • 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.
  • 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
  • 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.
  • 1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА,
  • 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант,
  • 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч,
  • 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
  • ШУА-ийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхын саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аж.
  • Академич Д.Рэгдэл нь 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж байжээ.

Хамгийн залуу УИХ-ын гишүүн С.Цэнгүүн

АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн С.Цэнгүүн шинэ парламентын хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Тэрбээр 27 настай бөгөөд маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, санхүү менежментийн магистрын зэрэгтэй.

Тус намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн "Төрийн ордноос та бүхэнтэй мэндчилж байгаа анхны "Gen Z" үеийн төлөөлөл би байх. Манай үеийнхэн дуртай, өөрийн хүссэн зүйлээ л хийдэг. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн.

Монгол Улс маш залуу нийгэмтэй учраас энэ үе улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно" хэмээн нэр дэвшихээр болж буйгаа олон нийтэд зарлах үеэрээ ийн ярьж байжээ.