Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. 

Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго. 

 
 Тэр дундаа улсынхаа далбааг нээлтийн үйл ажиллагаанд залж тугчаар орно гэдэг тамирчин бүрд олдоод байхгүй их хувь тохиол. “Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон. 

 

  Тэр дундаа П.Сэр-Одын хувьд өмнө 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Монголын олимпын түүхэнд хоёр удаа тугчаар сонгогдсон анхны мөн дэлхийд ч ховор тохиолын нэг юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл 3 олимпын наадамд хариуцлагатай үүрэг хүлээсэн түүх үлдэж байна. 

  Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм.  

  Монголын спортод өнөөдрийг хүртэл олимпын наадмын тугчаар хамгийн олон удаа сонгогдсон спортын төрөл нь чөлөөт бөх. 1968 онд Монгол Улсын анхны медалийг хүртэж байсан баг тамирчдаас зуны олимпын наадамд 6 удаа тугчаар сонгогдож байжээ.  

 

Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:

 

“Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/

“Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/

“Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/

“Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/

“Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/

“Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

“Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/

“Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/

“Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/

“Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/

“Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

“Токио-202” О.Хулан / Сагс/ Ө.Дүүрэнбаяр /Жүдо/