“Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.


-Иргэдийн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсад хэрхэн хамгаалдаг талаар мэдээлэл тодруулмаар байна?

-Тайван хуран цуглах үндсэн эрх нь хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн үйл хэрэгт оролцох боломжийг олгохын зэрэгцээ хүний бусад эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжих хамгаалалт болдог. Олон улсын эрхзүйд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, бусад гэрээ конвенциор хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь нийлээд эсэргүүцлээ илэрхийлэх эрхийн ойлголт юм. Хүн бүр аюулгүй, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж жагсах эрхтэй. Энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.

-ОХУ ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсантай холбоотой иргэд үзэл бодлоо илэрхийлж жагслаа. Ер нь аливаа нэг айлчлалын үеэр тухайн улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь олон улсад хэвийн үзэгдэл байх аа?

-Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг Үндсэн хуулийнхаа арванзургадугаар зүйлийн 16.16-д баталгаажуулж өгсөн.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараагүй бол төр хөндлөнгөөс оролцох ёсгүй.

2023 оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/-ээс В.Путиныг Ромын дүрмийн наймдугаар зүйлд заасны дагуу хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлж, албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэр гаргасан. Дайны гэмт хэрэг болон бусад олон улсын эрхзүйн дагуух гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ерөнхийлөгч В.Путины айлчлалыг иргэд тайван замаар эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэх нь байж болох хэвийн үзэгдэл. Хамгийн гол нь аливаа жагсаал цуглаан тайван өрнөх ёстой. Тайван хуран цуглах эрхийг дэмжих төрийн үүрэгт аюулгүй байдлыг хангах, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үүрэг хамаардаг.

-Гэвч жагссан иргэдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Тодорхой цаг хугацаанд цагдаагийн байранд хорьж байгаад суллаж явуулсан гэж мэдээлж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхэд халдсан үйлдэл болох уу?

-Сүүлийн хоёр жил манай байгууллагаас Монгол Улсад болж буй жагсаал цуглааны үеэр хүний эрхийн ажиглалт хийх идэвхтнүүдийг бэлтгэсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн энэ чиглэлээр ажилтнуудаа бэлтгэн тогтмол ажиглалт явуулж байгаа. Хүний эрхийн ажиглагчид нь хүний эрх зөрчигдөж болзошгүй томоохон эрсдэл бүхий жагсаал, цуглаан, бусад олон нийтийн арга хэмжээний үеэр хяналт мониторинг хийдэг. Эдгээр ажиглагчид эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд халдсан тохиолдлуудыг бодитой, шударгаар ажиглаж, баримтжуулж, тайлагнадаг. Энэ нь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал юм.

В.Путины айлчлалыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж, хуран цугласан иргэдийг өөр байр суурь баримтлагч сөргөлдөгч талуудын дайралтад өртөхөөс үр дүнтэй хамгаалах арга хэмжээ авахаас илүүтэй ялих шалихгүй шалтгаанаар залхаах зорилгоор саатуулсанд Монголын Эмнести Интернэшнл санаа зовинож байна. Хэн ч тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдах, хоригдох ёсгүй.

-Жагсаал цуглааны үеэр иргэдийг цагддаг хорьдог, эсвэл жагсаал хийхийг нь зогсоодог үзэгдэл манайд гарсаар байгааг олон нийт хатуу шүүмжилдэг. Энэ нь манай улсад холбогдох хууль тогтоомж боловсронгуй болоогүйтэй холбоотой байна уу?

-Монголын “Эмнести Интернэшнл”-ээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг Ковид цар тахлын үеийн хууль сахиулах үйл ажиллагаанд хийсэн мониторингийн тайлан, зөвлөмждөө дурдсан.

Мөн өнгөрсөн зургадугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөлд санал хүргүүлсэн.

Тухайлбал, жагсаал, цуглааныг тараах шийдвэр гаргах нь эцсийн арга хэмжээ байх, жагсаал, цуглаанд оролцогч зарим нэгэн хүн хүчирхийлэл үйлдсэн нь тайван хуран цуглах эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлж байгаа бусад иргэдийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй байх, жагсаал цуглааны үеэр харилцаа холбоог нь тасалдуулахгүй байх, мэдэгдэл хүргүүлээгүй хууль зөрчсөн гэх үндэслэлээр тайван жагсаал, цуглааныг албадан тараахгүй байх. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсаал цуглааны үеэр бичлэг хийх, түүний дотор биед зүүдэг камерыг ашиглахдаа нууцлалтай холбоотой олон улсын хэм хэмжээг баримтлах, тайван хуран цуглах эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий мониторинг ажиглалт хийх, хяналт тавих эрхийг хамгаалах, иргэний үл захирагдахуй тайван үйл ажиллагааг хамгаалах, жагсаал цуглааныг зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг мөрдөн мөшгилт, ялгаварлан гадуурхалт, эрх чөлөөг нь хасахаас хамгаалах зохицуулалтуудыг тусгаж өгөх, тайван жагсаал, цуглааны үеэр шаардлагатай эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах төрийн үүргийг орхигдуулахгүй байх зэрэг саналуудыг хүргүүлсэн. Бидний саналыг боловсруулж буй хуулийн төсөлдөө тусгах байх гэж найдаж байна.

Б.ЭНХЗАЯА