Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

Тус тэмцээн 9 сарын 11-15 өдрүүдэд Улаанбаатар хотын төв буюу Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тэмцээнд таван тивийн эрэгтэй, эмэгтэй шигшээ 40 баг Монгол Улсад ирээд байгаа юм. 

 

Та бүхэн Монгол улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ багуудаа дэмжиж, сагсанбөмбөгийн гайхамшгийг мэдрээрэй.

Залуучуудын Дэлхийн аваргын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч илгээлт илгээсэн ба илгээлтдээ:

Дэлхийн хүүхэд залуучууд зуун дамжин сонирхон тоглож, хичээллэж байгаа багийн спортын төрлүүдээс олон сонирхогчтой спорт бол сагсан бөмбөгийн спорт. Дэлхийн шилдэг баг тамирчид өөр хоорондоо танилцан нөхөрлөж, харилцан туршлага солилцож, ур чадвараа сайжруулахад “Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 3x3 сагсан бөмбөгийн тэмцэээн” нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа Монгол Сагсан Бөмбөгийн Холбоонд талархал илэрхийлж, тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U23 World Cup” тэмцээнийг дэмжин ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын зөвлөх Д. Давааням, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргалд гардуулан өглөө.