Төрд татварын байцаагчийнх нь ажлыг хийж өгчихөөд хэрэгт ордгоо больцгооё, ажил олгогчид оо
2024/10/02
Манай улсын даатгалын систем хэт хоцрогдсон гэдгийг хүн болгон ярьдаг. Дээрээс нь даатгалынхаа үр шимийг ашиглаж чаддаггүй тухай ч гомдол тасардаггүй. Өнөөдөр даатгал, татварт цалингийнх нь бараг 40-өөд хувийг авчихдаг. Нийгмийн даатгал байна. Ажилчин болоод ажил олгогч нараас хамт авна. Ингэхдээ ажил олгогч нь шууд татварын байцаагчийн үүрэг хүлээдэг гэхэд болно. Ажилчныхаа цалингаас суутгаж авч үлдээд өөрийн төлөхтэйгөө нийлүүдээд Нийгмийн даатгалын санд төлнө. Зарим нэг нь мөнгө төгрөгний дутагдал, орлого, зарлагаасаа хамаараад үүнийгээ өр болгоод үлдээчихнэ. Харин төр засаг татвараас зайлсхийсэн, нийгмийн даатгалд өртэй нэрээр компанийнх нь дансыг хаах, дарга удирдлагыг нь хорих асуудал гардаг.
Тэгвэл ингэж төрийн өмнөөс татварын байцаагч хийхээ больцгоовол яасан юм бэ гэх асуудал ажил олгогчдын дунд яригдаад удаж байна. Тухайн ажилтан сард хэдэн төгрөгний цалин авахаар ажил хийсэн байна. Тэр хэмжээгээр зүгээр л цалинг нь өг. Харин хувь хүн түүнээсээ татвар, даатгалаа өөрсдөө мэдээд төлдөг систем рүү орох тухай хөндөгдөж байгаа юм. Уг нь энэ шинэ зүйл биш юм билээ л дээ. Зах зээлийн зарчимтай улсуудад байдаг л систем, загвар. Харин манайх социалист системийнхээ үлдэгдлийг өнөө хүртэл амь бөхтэй тээж явсаар асуудлыг өдий болтол хүндрүүлж байгаа хэрэг. Дээрээс нь өнөөдөр нийгмийн бүхий л салбарт цалин бага гэдэг шүүмжлэл явдаг. Харин ажил олгогч нь төрийн нэрийн өмнөөс элдэв татвар, даатгал суутгалгүйгээр бүрэн өгчихвөл овоо хэмжээний юм гар дээрээ авна. Харин эргээд насныхаа бөгсөнд тэтгэвэртэй байх уу, үгүй юу гэдгээ тухайн хүн өөрөө сонгож, даатгалаа төлөх нь түүний сонголт.
Зах зээлийн зарчимтай, ардчилсан улсуудад даатгал, тэтгэврийн сан нь өндөр хөгжөөд, “Цугласан мөнгөний хүч”-ийг бий болгож чаддаг байна. Хэл амтай эхэлсэн ч өдгөө манай улсын төсвийн тодорхой хувийг дангаар бүрдүүлж байгаа Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтыг Английн тэтгэврийн сан хийж байсан гэдэг. Гэтэл манайх нэг арилжааны банкиндаа хугацаатай хадгалуулаад алдчихсан. Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банкны эрх хүлээн авагчаас нийтдээ 104 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд авахаар авлага бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс нь одоо 64 тэрбум төгрөгийн авлага үлдсэн гэж байгаа. Харин энэ талаар салбарынх нь сайд Л.Энх-Амгалан “Капитал банкнаас нийт 25 тэрбум төгрөгийн үл хөдлөхүүд авсан. Үүнээс одоогоор 12 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдсан борлуулсан. Үлдсэн нь борлуулагдаагүй” гэх мэдээллийг өгсөн байдаг. Ёстой л нөгөө дээс томж найзыгаа аврахын үлгэр болж байгаа аж. Тийм ч болохоор салбарын сайд нь холбогдох баримтуудыг прокурорт өгсөн хэмээн халагласан байна лээ. Гэтэл үүгээр дууссангүй, Нийгмийн даатгалын сан Чингис хаан банкнаас бас 100 гаруй тэрбум төгрөгийн авлагатай ч түүнийгээ авч чаддаггүй гэнэ.
Учир нь тухайн банк хараахан дампуурчихаагүй учраас эрх шилжүүлэгч гараагүй. Тийм болохоор тэдний амыг хараад л байж байдаг бололтой. Тухайн банкийг гадны хөрөнгө оруулагч авна гэсэн мэдээллээс өөр зүйлийг мэдэхгүй гэх үгийг албаныхан хэлж байна. Ингэхээр тус сан одоогийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл бий болсон байна. Нэг үгээр үгээ хэлж, үсээ зулгаан, буруу харж уйлж, зөв харж инээсээр ажилтан, ажил олгогчдын өгсөн мөнгө өнөөдөр өдий хэрээр сох дутчихсан гэсэн үг. Зүй нь тусдаа сан болоод байж байх ёстой ч өнөөх нь улайчихсан байх. Гэтэл барууны орныхон болохоор энэхүү сангаараа дэлхийд томд тооцогдох Оюу толгойн эхний хөрөнгө оруулалтыг хийж, ашиг орлогоо хүртчихсэн байх юм.
Манай улсын хэмжээнд сар бүр 800 мянгаас нэг сая орчим даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа байдаг. Энэ нь ажилд шинээр орох болон ажлаас гарах, сайн дураар төлөх зэргээс хамааран ийм савлагаатай байдаг бололтой юм билээ. Тэгэхээр ямар ч байсан сар бүр энэ орчим хүмүүс нийгмийн даатгал төлдөг хэрэг. Харамсалтай нь өнөө л дээр хэлсэн ажил олгогч нар төрийн ажлыг хийж байгаа асуудал дахин яригдана. Төр хувь иргэнээс авах ёстой нийгмийн даатгалыг нь ажил олгогч өмнөөс нь цуглуулаад төрдөө тушаадаг. Ингэснийхээ төлөө байнга шахуу асуудалд орж, нийгмийн даатгалд өртэй хэмээн нүд үзүүрлэгддэг. Тийм ч болохоор сүүлийн үед ажил олгогч нар энэ асуудлыг цэгцлэх, нийгмийн даатгалын системийг шинэ шатанд гаргах асуудлыг хөндөөд байгаа юм. Харамсалтай нь ажил олгогчдын дуу хоолойг төрд хүргэх ёстой Худалдаа аж үйлдвэрийн танхим нь дээрээ тэднийхээ халаасанд орчихсон гэхэд өнөөдөр нэг их буруудахгүй. Үеийн үед төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж байх ёстой танхимынх нь ерөнхийлөгч өнгөрсөн сонгуулиар МАН-ын жагсаалтад багтаж УИХ-ын гишүүн болчихсон. Тэгсэн хэрнээ одоо болтол ерөнхийлөгчийнхөө ажлыг хүлээлгэн өгөөгүй нь асуудлыг мухардалд оруулж байж мэдэх юм. Учир нь энэ асуудал дээр төр шууд та нарынхаар болъё гэсэн шийдвэр гаргахгүй. Харин ч төр авах ёстой юмаа л бүрэн бүтэн авахыг бодно. Тэгэхээр ажил олгогчид, бизнес эрхлэгчид маань арай өөр арга замыг эрэлхийлж, төрийн ажлыг өмнөөс нь хийдэг, түүнийхээ төлөө асуудалд орооцолддог байдлаа өөрчлөх ёстой.
Дээрээс нь цалин нэмээгүй гэсэн гомдлыг хувийн хэвшлийнхэн байнга хүлээдэг гэдгийг дээр дурдсан. Тэд цалингаа нэмээд нэмээд, хувь хүн дээр мөнгө нь очдоггүй, татварт суутгаад дуусдаг. Авсан цалингаа яах юунд зориулах нь хувь хүний эрх. Хувийн тэтгэврийн санд өгнө үү, өөрсдөө аваад явна уу ажил олгогчдод ямар ч хамаагүй юм. Ер нь бол нийгмийн даатгалын сан нь жинхэнэ ёсоороо яаж хөгжих , бүрдүүлэлт, хийх зарцуулалт дээр нь олон нийт хяналтаа тавьж чаддаг болох зэрэг нь тусдаа асуудал. Энэ чигээрээ яваад байвал цаашид олон, олон Капитал, Чингис хаан банк гарч ирнэ. Нөгөө л нэг мөнгөө алдчихсан, үл хөдлөхийг нь борлуулж чадахгүй байна гэх гомдлоо сайд нар нь хэлсээр байх болно.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Зочин · 2024/10/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/02
SHAALGYYLI80955877XUSSEN BAIRLALAAR
Зочин · 2024/10/02
SEXSY AJIL XN80955877