Монгол Улс цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвөөс олгох татаасыг бууруулахыг Дэлхийн Банк зөвлөжээ
2024/10/12
Дэлхийн Банкнаас “Монгол Улс - Уур амьсгал ба хөгжил” тайланг өчигдөр танилцуулав.
Тайланд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахин нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихтэй холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвараа бэхжүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайн зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болох нүүрснээс хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг дурджээ.
"Уур амьсгал ба хөгжил" тайлан (УАХТ)-д байгаль орчны асуудлыг эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн тавьж, Монгол Улсын уур амьсгал болон хөгжлийн асуудалд чиглэсэн бодлого, стратегийг дэмжих цогц шинэчлэлийн арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй тусгасан байна.
Энэ талаар Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улс хариуцсан захирал Мара К.Уорвик “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээнүүд нь хялбар байхгүй боловч хөгжлийн чухал үр өгөөжийг бий болгох боломжийг Монгол Улсад олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай зэрэгцүүлсэн, үр дүнтэй стратегийн бодлого нь Монгол Улсыг илүү төрөлжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй хөгжилд хүрэх замналд туслах юм” гэв.
Хүйтний эрч чангарсан, хүчтэй салхи шуурга, цас мөс ихтэй зуд, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдэл ойр ойрхон тохиолдож, улам бүр ноцтой болж байгаа нь иргэдийн амьжиргаа, улс орны хөгжлийн ахиц дэвшилд заналхийлж байна. Энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж, цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөл харуулж байна.
Үүний зэрэгцээ Монгол Улс нүүрсний экспортоос хараат тул бусад улс орнууд чулуужсан түлшнээс татгалзаж, дэлхий дахинд нүүрсний эрэлт буурах үед энэ нь тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулахаар байна.
Симуляцын үр дүнгээс харахад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд хэдий магадлал багатай ч өндөр хор хохирол учруулах уур амьсгалын болон эдийн засгийн эрсдэлүүд гурван жил дараалан тохиолдвол Монгол Улсын эдийн засгийн 20 хувийг танах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, орлогыг бууруулах, илүү олон хүнийг ядуурал руу түлхэх эрсдэлтэйг сануулжээ.
Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагаа болон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ирэх 25 жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар)-ын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Төсөв, бодлогын шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэх нь эрчим хүчний шилжилтийг хийхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад нэн чухал юм. ОУСК нь шинэлэг арга хэрэгсэл, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийг дэмжих болно” хэмээв.
Тус тайланд ногоон шилжилтэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, 2030 он гэхэд суурь төсөөлөлтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг онцлоод, энэ нь 2010 оны түвшинтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал 122 хувиар өсөх дүн болохыг мөн дурджээ. Гэсэн хэдий ч Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсаж буй тул хүлэмжийн хийн ялгарлыг илүүтэй бууруулах, байгальд суурилсан нүүрстөрөгч шингээгчийг барьж байгуулах, экосистем, хүн ам, эдийн засгийнхаа цочрол, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд илүүтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.
Уг тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилттой зэрэгцүүлсэн богино болон дунд хугацааны бодлогын цуврал арга хэмжээ авахыг зөвлөжээ. Эдгээрийн дотроос дараах арга хэмжээг ойрын хугацаанд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:
- Байгалийн капиталын менежментийг оновчтой болгох, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх, ойн менежмент, нөхөн сэргээлт хийх , хөдөө аж ахуйн ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх замаар хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
- Нүүрсний эрэлт буурах ирээдүйн төлөвт бэлтгэх, Монгол Улсыг дэлхийд бусад ашигт малтмал болон холбогдох үйлчилгээний ханган нийлүүлэгч орон болгоход бэлтгэх; 2040 он гэхэд нүүрстөрөгчөөс татгалзах дэлхий дахины хүчин чармайлт нь нүүрсний эрэлтийг бууруулж, энэ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн эрсдэл дагуулах ч Монголын зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар бусад боломжуудыг бий болгох магадлалтай
- Цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж төсвөөс олгох татаасыг бууруулах, эрчим хүчний системд учирч буй одоогийн дарамт буюу ачааллыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулах, салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжоор хангах үүднээс үүнийг эрчим хүчний хуримтлал, хадгалалтын системд нэгтгэж, сүлжээний хүчин чадал, уян хатан байдлыг сайжруулах.
- Гамшгийн хариу арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлж, дахин тохируулга хийх, хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрстөрөгчөөс татгалзах хүчин чармайлтад илүүтэй хяналт тавьж, тайлагнахыг тайланд тэмдэглэжээ.
Эх сурвалж: Дэлхийн Банк
хүннү · 2024/10/14
Дэп дапууд олшроод хэцүүхэн байх нь.
Зочин · 2024/10/13
Цахилгаан дулааны үнэ гэнэт их хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой боллоо монгол улс яагаад ийм дэп дап хийсэн бодлоготой юм бэ
Зочин · 2024/10/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/12
ANUSDI80955877