Усархаг борооны улмаас хэд хэдэн орон сууцны автомашины зогсоол үерт автаад байна. Тухайлбал, “Цэлмэг Ази” компанийн “Тэнүүн” хотхон, “Дехор” компанийн “Ромео Жулетта” хотхон гэхчлэн хуруу даран нэрлэж болно.

Барилгын ажилчид, онцгой байдлын хэлтсийнхэн усыг шавхах ажлыг гүйцэтгэсэн ч доторх гарааш учир чийгтэж, хана нь хагарч эхэлжээ. Улмаар мөөгөнцөрдөж эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Муу ёрлож байж мэдэх ч тухайн орон сууц төд удалгүй нурна. Энэ тухай оршин суугчид салбарын сайдад захидал хаягладаг ч хариу ирсэн удаагүй гэнэ. Ганц энэ асуудлаар ч бус худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ, чанарын талаарх иргэдийн гомдол тасрахгүй. Тэглээ гээд тэдэнд хандах хүн, хаяглах байгууллага үгүй болсон хэмээлээ.

Хэдийгээр салбар хариуцсан сайд байдаг гэдэг ч муухан гадарлахаас цаашгүй гэнэ. “Буят-Ухаа 1” хороолол ашиглалтад орох нэрийдлээр олны өмнө гарч ирсэн Ц.Баярсайхан сайд мөн л төл удалгүй сураг алдарчээ. Дараагаар нь албан тоотоо ширээн дээрээсээ алдсан дуулианаар “амь орсон” гэдэг. Ингэж л өнгөрсөн гурав орчим жилийн хугацаанд хоёр удаа харагдаж. Барилга хот байгуулалтын сайд хоёрхон удаа хилийн дээс алхсан хэмээн хэвлэлийн ажилтных нь мэдэгдсэнчлэн. Тийм байтал гадаад томилолтын зардал нь 53.4 сая төгрөгөөр хэтэрсэн тухай Аудитын тайланд бий. Үүнийгээ ч эрхэм сайд гайхаж байгаа бололтой юм билээ. Уг нь Ц.Баярсайхан сайдын томилолтын зардал төлөвлөснөөр 113.7 сая төгрөг аж. Харин гүйцэтгэлээр 167.1 сая төгрөг хэмээн гарчээ. Өөрөөр хэлбэл, 53.4 сая төгрөгөөр хэтрүүлсэн болохыг тайланд тусгасан нь энэ. Түүнчлэн гадаад зочныхоо зардлыг мөн 3.2 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна. Тийм атлаа дотоод хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн хэмжээнд оруулж чадаагүй талаар тайланд бий. Тодруулбал, тухайн салбарын дотоодын хөрөнгө оруулалтыг 99.795.6 сая төгрөг хэмээн төлөвлөжээ. Харамсалтай нь, гүйцэтгэлээр 69.459.9 сая төгрөг буюу 30.335.7 сая төгрөгөөр дутав. Түүнчлэн Аудитын тайланд гүйцэтгэх ажилтнаа төлөвлөснөөс 50, үйлчлэх ажилтнаа 128-аар нэмэгдүүлсэн тухай ч бий. Төрийн албан хаагчдыг нэг ч хүнээр нэмэгдүүлж бас цомхотгохгүй гэж ам гарч байсан Н.Алтанхуяг сайдын үг амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг Ц.Баярсайхан сайдаас асуухад л хэлээд өгнө.

Зардал мөнгө хэтэрсний тухайд хөөрхий өнөөх эдийн засгийн хямрал, ногоон чөтгөрийн гай биз. Эхнээсээ тэгж тайлбарлаж байна билээ. Явж явж буруутан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээр тунаж мэдэхийг ч зарим нэг нь ил шулуухан хэлээд авсан. Уснаас хуурай гарахын тулд Д.Ганхуягийг үерт автаж мэдэх юм гэсэн. Тиймээс Ц.Баярсайхан сайд ч ногоон чөтгөрийн гайгаар гадуурхагдаж суугаа юм, хөөрхий.

 

Уг нь мань хүн салбартаа хийх ажил бишгүй л байгаа байлгүй. Ундарганы усан дээр барилга барих зөвшөөрөл хэн өгснийг нь мэдэхгүй ч шавь нь тавигдсаныг сонссон байлтай. Уг нь газрын зөвшөөрөл нь ч, барилгын зөвшөөрөл нь ч мань сайдын гарт. Гэвч аль гараараа зурчихдаг юм бүү мэд. Дүнжингаравын урдхан талд шавь тавигдсан байна билээ. Уг нь Ундарганы усан дээр барилга бариулахгүй гэх сүржин мэдэгдэл хотын даргаас улбаатай дуулдаж байсан санагдана. Харамсалтай нь, салбарын сайдын эрх мэдэл хотын даргаас илүүг харуулсан юм байлгүй дээ. Ямартаа л Зайсанд байрлах “Гранд Мед” эмнэлгийн цахилгаан шатны доороос ундаргын ус урсаж, хоолойгоор соруулж байх вэ дээ. Тиймээс Дүнжингарав тэргүүтэй барилгууд нэг л мэдэхэд усан оргилууран дээр дэнжигнэж байх вий, сайд аа.

Үргэлжлэл бий...
Д.ДОРЖ