Цахим үйлчилгээ, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө үед иргэд маань хонь ямаа шиг оочирлодог хэвээр байсаар л байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын тасалбар энэ сарын 6-ны өдрөөс худалдаанд гарсан. Иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан үзэх тасалбарыг авахын тулд хонон өнжин дугаарлаж байна. Манай улсыг зорин ирсэн гадны жуулчид хүртэл баяр наадмын нээлт үзэхийн тулд ийнхүү оочирлож байсан нь ичгэвтэр санагдаж байсан юм.

 

     Жил бүрийн өдийд Бөхийн өргөө болон Соёлын төв ордны үүд олны "хөлд дарагддаг". Энэ жил мөн л адил дээрх газрууд олны хөлд "даруулсан байна". Иргэд тасалбар худалдаж авахын тулд урт дараалал үүсгэн олон цаг зогсч, ажлаа алдаж байгаатай таарлаа. Иргэд үүнд маш их бухимдалтай байгаа юм. Баяр наадмын коммис урьд жилүүдийнхээ алдааг давтахгүйн тулд олон зүйл дээр анхаарч ажиллаж байгаа гэх боловч хамгийн гол зүйлээ мартсан бололтой.

 

     Бүхэл бүтэн улсын баяр наадмын тасалбарыг  хоёрхон цэгээр худалдаална гэдэг үнэхээр хариуцлагагүй ажиллагаа юм. Мөн худалдаалалт маш удаан байгаа бөгөөд бүхэл бүтэн хоёр цаг оочирлож, оочрын сүүл зам хүрэх дөхөөд байхад 50 орчим л хүн тасалбар авсан, өнөөдөр худалдаалах тасалбар дууссан гэх юм. Нэгэнт оочирлож эхлээд ажлаа алдчихсан иргэд явах хэцүү байх хэцүү байдалтай өдөр өнгөрөөжээ.

 

    Өчигдөр өдөр 12.00 цагийн орчимд СТӨ-ний билетийн кассанд очиход тасалбарын худалдааг түр зогсоосон байлаа. Иргэдийн хэлж буйгаар касс нь өдий болтол онгойгоогүй гэх бөгөөд СТӨ-ний  үүдэнд уртаас, урт дараалал үүсчээ. Тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдаалж байгаа  ч шагчид 40-80 мянган төгрөгөөр дамлан борлуулж байв.

 

     Мэдээж ийнхүү тасалбараа авах гэж өдөржин зогсох боломжтой иргэд цөөн. Өглөөнөөс орой хүртэл бүгд л ажилтай. Тиймээс шагчид олноор нь оочирлож аваад илүү өндөр үнээр зарах нь гарцаагүй биз ээ. Нэг хүнд 2-оос илүүгүй тасалбар худалдана гэж байгаа ч наадамчин олны тасалбар шагчдын гараар аль хэдийн орсон бололтой. Энэ байдлыг яаж ч зохицуулах арга байхгүй талаар холбогдох албаныхан хэлэв. Ингээд л эцсийн эцэст баяр наадмаа үзэх гэсэн иргэд л хохирч үлддэг нь харамсалтай.  

 

    Энэ жил баяр наадам зохион байгуулж буй коммис “Оюутан цагдаа” гэх мэт олон шинэлэг зүйл санаачилан нэвтрүүлсэн ч хамгийн энгийн зүйл болох тасалбар худалдаалалтаа эмх цэгцтэй иргэдийг бухимдуулж, цаг заваас хумслахгүйгээр зохицуулаж чадсангүй. Хүн болгон л интернет ашигладаг болсон өнөө үед үндэсний их баяр наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдаалах боломж байгаа юм. Ингэхдээ шагчид мөн л цахимаар олон ширхэгийг авна гэж айлтгүй монгол улсын иргэн бүрт байдаг цахим үнэмлэхээр тасалбараа худалдан авах боломж байгаа юм.

А.Алтанзул