Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан.

(2024.11.08)-өөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцах юм.

Бид “Да хүрээ” захыг зорьж, автомашины ченж, даатгалын ажилтан, иргэдтэй уулзлаа. Биднийг 14.00 цагийн үед очиход тэнд машинаа зарахаар зогсож байгаа хэдэн ченжээс өөр хүн алга. Харин АТҮТ-ийн тээврийн хэрэгсэл бүртгэх газар луу оронгуут хүний хөл хөдөлгөөн их, хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдсон байдалтай байв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа өмнө нь “Арваннэгдүгээр сарын 8-наас дахин “У” серитэй автомашины шинэ дугаар олгохгүй, мөн дахин шинэ сери задлахгүй. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш АТҮТ-д шинэ автомашины дугаар олголт хийхгүй, зөвхөн орон нутгийн дугаар олголт хийгдэж, нэр шилжүүлнэ. Нийслэлийн А\1230 захирамжийн шаардлагад нийцсэн өмчлөгчид оноо өгч, 100 оноог бүрдүүлсэн хэрэглэгчийн дугаарын хүсэлтийг хүлээн авна. Тус хүсэлт нь 30 хоног /1 сар/ хүчинтэй байна. Харин гишүүн байгууллагуудад энэ сарын 8-ныг хүртэл боломжоороо дугаар авах эрх нь нээлттэй. Түүнээс хойш боломжгүй.

Цаашид шинэ сери задрахгүй тул албан ёсны дистрибьютер болон хэрэглэгчид дугаарын хүсэлтийг 30 хоногт шийдвэрлэх тул үйл ажиллагаандаа зохицуулалт хийх нь зүйтэй. Хэрэглэгч албан ёсны дистрибьютерээс автомашин худалдаж авахдаа өөрөө дугаартай ирэх, эсвэл дистрибьютерээс дугаараа худалдаж авах боломжтой.

Арилжааны банкууд болон Банк бус санхүүгийн байгууллагуудад энэхүү журамтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна” хэмээн мэдээлж байв.

Ингээд нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Н.Ганбаатар: Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөшинэ дугаартай болчихгээдоочерлож байна


-Маргааш (өнөөдөр)-аас мөрдөгдөх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв ийм тогтоол гараагүй байсан бол ингэтлээ удаан оочерлохгүй байсан. Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө шинэ дугаартай болчих гээд оочерлож байна. Авто тээврийн үндэсний төв хэзээ ч ингэж их оочер дараалал үүсгэж байгаагүй. Хотын даргын тогтоолоос болж маш их оочер дараалал үүсч байна. Төр засаг иргэддээ ийм хүндрэл учруулж байгааг би огт ойлгохгүй байна. Дугаар хязгаарлалаа гээд түгжрэл багасахгүйг бүгд мэдэж байгаа. Тэр бүү хэл АТҮТ-ийг татан буулгана гэж ярьж байна. Улсын дугаарыг дамлаж эхэлж байна. Би нэг дугаарыг 700 гаруй мянган төгрөгөөр авсан. Ард иргэдээ бүх зүйлээр хааж боож байна. Цахилгаан дулааны үнэ нэмж байна. Одоо бүр өмчтэй байх эрхэд халдаж, дарамтлаад эхэллээ. Үүний үр дүнд ард түмэн босно. Түгжрэлийг бууруулах олон гаргалгаа байсан. Жишээ нь, хотод байгаа оюутнуудын ядаж тал хувь нь машинтай. Их сургуулиуд амрахад хотын түгжрэл эрс багасдаг. Хэрэв их сургуулиудыг аймгийн төв рүү шилжүүлчихвэл үүнийгээ дагаад хотын түгжрэл ч багасаж, аймаг сумууд хөгжих боломжтой. Гэтэл төр иргэдийн халаастай шууд ярьж байна. Ард түмнээ сонсдоггүй төрийн шийдвэр үнэхээр буруу байна.

Нийслэлийн Засаг даргын тогтоол автомашины дугаарыг үнэд оруулах гэсэн хэдхэн хүний бизнес байх вий гэсэн хардлага төрж байна. Тэд түгжрэлийг шийдэх нэрийн дор ард түмнээс мөнгө салгах ээлжит арга залиа хэрэгжүүлэх нь. Энэ шийдвэрээс болж олон мянган хүн ажилгүй болж, ард түмэн хохирч байна. Ингэлээ гээд түгжрэл шийдэгдэхгүй. Тухайн тогтоол дээр байгаа шаардлагуудад нийцсэн машиныг жирийн иргэд худалдан авч чадахгүй. 10-20 саяын үнэтэй машин банк бусаар авдаг иргэд дахиад нэг нугалсан үнэтэй машин худалдаж авч чадахгүй. Ард түмнийг эд хөрөнгөөр нь ялгасан бодлого хийчихээд, ард иргэдээ тогтоолыг дага гээд сүрдүүлж байна.

Иргэн Э.Хангай: Автомашины үнэ цаашидч өснө

-Тогтоолтой холбоотойгоор автомашины үнэ нэмэгдэж байна уу?

-Автомашины үнэ өсөж байна, цаашдаа өссөөр ч байх болно. Ялангуяа Хятадаас орж ирсэн автомашинуудын үнэ өснө. Импортын автомашин худалдаж авлаа гэхэд дор хаяж 2 сая төгрөг нэмэгдэнэ. Дугаартай хуучин машин авсан ч үнийг нь нэмж зарна. Эцсийн эцэст автомашин худалдан авч байгаа иргэдийн нуруунд бүх ачаалал ирнэ.

Үүний цаана нэг нугалаа байна. Магадгүй тэр нугалаа нь хятад автомашинуудыг Монгол руу оруулж ирж зарах байж болзошгүй. Хятад машиныг монголчууд авч унахгүй. Учир нь, тэдгээр машинууд Монголын замд таарахгүй. Дээр нь сэлбэгийн үнэ өндөр. Харин япон машинууд эвдэрч гэмтлээ гэхэд төмөр сайтай, засварын үнэ нь ч хямд. Хятад машин мөргөлдвөл төмөр муутай, сэхэл авахгүй.

Ченжүүд 60 гаруй саяар авсан хятад машинуудаа 30 саяар аваач гэхэд авах хүн олддоггүй, 20 саяар ч авдаггүй. Энэ нь хятад машиныг дэмжих бодлого барьж буй улстөрчдийн гаргасан шийдвэр. Тэд их хэмжээгээр машин оруулж ирээд, зөв рультэй гэж иргэдийн тархийг угааж, зарах гэж байна. Хятадын ямар ч үнэтэй машин Японы 150 Prada-г гүйцэхгүй. Их хурлын гишүүд энэ ажлаа Х.Нямбаатараар хийлгэж байгаа гэж бодож байна.

Даатгалын ажилтан Ч.Чимгээ: Импортынмашинддугаар олгохгүй гэвэл даатгуулахиргэнолдохгүй

Арваннэгдүгээр сарын 8-наас мөрдөгдөж эхлэх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар ямар байр суурьтай байна вэ. Даатгалын компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Банк бус, нотариат, дугаар хэвлэгчид, ченжүүд бүгд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг. Импортоор орж ирсэн машинуудад дугаар олгохгүй гэвэл даатгуулах иргэдийн тоо багасна. Тэгэхээр бүгдээрээ ажил орлогогүй болно.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан танай даатгалын компанид ямар нэгэн чиглэл өгсөн юм болов уу?

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Хуучин машинууд зарагдах үед л даатгал хийлгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Автомашины ченж иргэн Л.Дорж: Жижигбизнес эрхлэгчдэдмаш иххүндтусч байна

-Маргаашаас (өнөөдөр) импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Эсрэг байр суурьтай байна. Жижиг бизнес эрхлэгчдэд маш хүнд тусч байна. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш импортоор орж ирж байгаа машинууд бүгд дугааргүй үлдэж байна. Тэдгээр машинуудыг худалдаалахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл үүсч байна.

-Та одоо зарагдах гэж байгаа машинууддаа улсын дугаар авч чадсан уу?

-Бүгдэд нь гэрчилгээ авчихсан. Худалдан авагч ирээд, хямд үнэ хэлж байна. Яагаад гэвэл шинээр оруулж ирсэн машин ч улсын дугаартай болохоор худалдан авагчдад хуучин машин байна гэсэн хардлага төрүүлж байна.

-Энэ шийдвэртэй холбогдуулан дугаар дамлаж зарах тохиолдол гарч байна уу. Үнэ ханш нь хэд байна вэ?

-Яах вэ ,хэлсэн үнээр нь л авч байна. Нэг дугаар 500 мянган төгрөгөөр авсан. Гэхдээ одоо үнэ нь талийж байгаа сурагтай байсан. Хамгийн доод үнэ нь 1 сая гарсан гэж сонссон.

-Хил дээр байгаа машинууд наашаа орж ирэх гэж нэлээд уддаг юм байна. Захиалсан машинууд чинь хэр удаж байж орж ирдэг вэ. Хил дээр таны хэчнээн машин байна вэ?

-Тээвэр зуучлагч болон худалдан авч байгаа ченжүүдээс шалтгаалдаг. Бид захиалсан барааныхаа мөнгийг төлөөд, тээвэр зуучлагч цаанаасаа хурдан явуулаад, таталтаа хийчихвэл нэг их уддаггүй. Гэхдээ ядаж л дөрвөн сар хүлээдэг.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙТӨВӨНӨӨДРӨӨСОРОН НУТГИЙН АВТОМАШИНУУДАД ДУГААРОЛГОНО

Авто тээврийн үндэсний төвийн ажилтан хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын тогтоол гарчихсан гээд байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр бүртгэгдэж байгаа юм шиг байна лээ. Хэрэв бүртгэгдчихвэл маргаашаас (өнөөдөр) эхлээд манайх импортоор орж ирж байгаа машинуудад дугаар олгохгүй. Улаанбаатар хотод орж ирж байгаа машины дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төв өөрсдөө олгож эхэлнэ. Маргаашаас (өнөөдөр) эхлээд манайд хамаагүй болно.

Манайх орон нутгийн машинуудад дугаар олгоно. Ажил нь яг эхлээгүй байгаа болохоор нарийн ширийн зүйлийг бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна” гэв.

Б.БАЯРМАА