Эзнийгээ өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэгчдийг Монголчууд эртнээс бууны нохойтой зүйрлэж ирсэн.

Тэдэнд эзнийхээ захиас даалгаврыг л биелүүлж байвал хууль дүрэм, дэг ёс, хүн чанар ерөөс падлийгүй. Ийм учраас “бууны нохдод” хүмүүс таагүй ханддаг. Соц нийгмийн үед “бууны  ноход” голдуу “хошуугаа худалдаж” амь залгуулдаг байсан бол ардчилалын өнөө үед  тэд эрх мэдлээр далайлгаж “ажлаа хийдэг” болжээ.

Ер нь “бууны ноход”-ыг 3 ангилж болмоор юм шиг.

Эхний хэсэг нь  сайд дарга нарын цүнх барьж, “бос гэсэн газар нь босож, суу гэсэн газар нь сууж” явдаг “бялдуучлагчдын арми” буюу эзний гарын үзүүрт зарагдах бууны ноход – тэд эзэн юу гэнэ түүнийг өдөр шөнө, цаг нар, чаддаг чаддаггүйгээс үл хамааран хийж гүйцэтгэхээр улайран зүтгэнэ.

Удаах хэсэг нь  мөрдөстэй “ноход” – тэд дээд албаны дарга нараас ирсэн шийдвэрийг ямарч үнээр хамаагүй, зөв буруугаас үл хамааран  хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Хэрвээ ингэж чадахгүйд хүрвэл, ажил албан тушаалаасаа салахад хүрч болзошгүй учраас энэ үүргээ “ноход” сайн биелүүлнэ.

Гуравдах  хэсэг нь  цагаан захтай “ноход”- тэд эрх мэдэл, албан тушаалтай боловч тэднийг аанай л эзэд тухайн албанд нь шууд томилуулсан учраас эзнийхээ төлөө өөрийн эрхэлж буй ажил албаныхаа чиглэлээр  хүчин зүтгэх үүрэг хүлээнэ. Цагаан дээр хараар бичсэн хууль дүрмийг ч үл хайхран гагцхүү эзэндээ үнэнч гэдгээ нотлон харуулахын  тулд энэ төрлийн “бууны ноход” бусдын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргахаа юман чинээ бодохгүй.

Дээрх “Бууны ноход”-ын төрлүүдээс 2, 3-р хэсэг нь бусдад, цаашлаад нийгэмд илүү хортой. Нэг талаас харахад магадгүй “бууны ноход” эзэндээ туслаад байгаа юм шиг харагдавч нөгөө талаас эзнээ улам бүр унагаж байдаг ч тэд үүнийг анзаарах сөрөөгүй.  Эзнийхээ “хаяж өгсөн угаадсыг идээд”,  оронд нь  тэдний өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх нь “бууны ноход” тэргүүн үүрэг.

Харамсалтай нь манай улсад “бууны ноход”-ын бүхэл бүтэн арми шат дараатай бэлтгэгдсээр байна.

 Ц.Мөнх

Ugluu-logo