Өчигдөр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлд нэг дор 6 тээврийн хэрэгсэл мөргөлджээ
2 цагийн өмнө
Өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 12:25 цагийн орчимд 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгджээ.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15-16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна. Ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулаад байгаа юм.