Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн босгон дээр Зэвсэгт хүчний Хатан ижий нар “Холбооны тусгай хороо” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 013 дугаар ангид айлчилж, хугацаат цэргийн албаны дайчид хэдэн бор цэргүүдээ эргэж, баяр дээр нь баяр нэмлээ.

Энэ жил арав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан "Хатан ижий" ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 10 манлай ээжээр бүл нэмж, 90 гаруй гишүүнтэй болсон “Эр цэргийн Хатан ижий” төрийн бус байгууллагынхан маань гишүүддээ төдийгүй нийгэмд чиглэсэн олон хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулдгаас гадна жил бүр Монгол цэргийн өдөр, шинэ жил зэрэг тэмдэглэлт өдрүүдээр хугацаат цэргийн албан хаагчдаа эргэж баярлуулдаг сайхан уламжлалтай.

"Эр цэргийн Хатан ижий" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Цэцэгээ болон он оны Хатан ижий нар, "Соёмбо" редакцын төлөөлөл энэ удаа холбоочин дайчдаасаа 13 байлдагч сонгож, дурсгалын зүйл, бэлэг гардуулж, хамтдаа дурсгалын зураг авхуулж, үг сургаалаа хайрлаж, амьдралын нэгэн сайхан дурсамж бүтээсэн юм. Ялангуяа тус ангийн байлдагч Б.Цэлмэнгийн хувьд Зэвсэгт хүчний Хатан ижий нараас гадна Монгол Улсын гавьяат багш өвөө, эмээ хоёр нь, тулгар биетэй ижий нь эргэж ирсэн нь гайхмаар гэнэтийн бэлэг байлаа.

Зэвсэгт хүчний Хатан ижий нарын элбэрэл хайр, уярлын нулимстай, хугацаат албаны дайчид эх орны хөвгүүдийн цовоо цолгиун уухайн дуутай Монгол цэргийн өдрийн өвөрмөц нэгэн дүр төрх ийнхүү хөвөрлөө.