Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Бид 2021-2025 онд 21 их наяд төгрөгийн энэ төлөвлөгөөнд зарцуулсан байна. Төлөвлөгөөнд эдийн засаг, нийгэмд ямар үл нөлөөтэйг чухалчлахгүйгээр батлагдсан тул хэрэгжүүлнэ гэдэг бодлогоор явжээ гэж аудит дүгнэсэн. Үүнээс харахад алсын хараа 2050 гэдэг бодлого хэрэгжих боломжгүй, ач холбогдлын дараагүй учраас ийм зүйлд авч ирээд байна. 

Таван жилийн төлөвлөгөө гээд социализмын үед баталдаг байсан ийм зүйлтэй. Таван жил нь болоод биелэгдэхгүй болонгуут хугацааг уртасгах гээд явж байдаг. 

Гүйцэтгэлийн тайланд эрчим хүчний салбарын эдийн засгийг үр өгөөжтэй болгоно. Эрчим хүчний компаниудын санхүүгийн алдагдлыг багасна гэсэн. Гэтэл Эрчим хүчний яам энэ үзүүлэлтийг 100 хувь биелсэн гэж үзсэн. Харин Эдийн засаг, хөгжлийн яамнаас 0 хувь гэж тавьсан. Шинээр бүрэлдсэн УИХ Эрчим хүчний яамыг маш сайн дэмжсэн. 

Үнэ тариф нэмэх асуудалд би өөрөө галыг нь аваад төсөв өргөн барих дээр хамгаалаад явсан. Энэ цаг мөчөөс хойш зургаан сар өнгөрлөө. Эрчим хүчний яам хаалгаа хаагаад алга болсон. Эрчим хүчний яам ямар ч мэдээлэл өгөхөө больсон. Жишээлбэл Цахилгаан түгээх салбар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа мэдээллүүдээ өгөөч гээд хуулийн хугацаанд албан бичгээр хандахад хариу өгөөгүй. Албан бусаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвшөөрөлтэй өгнө гэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Б.Чойжилсүрэн сайд яаж ажиллах гээд байгаа юм бэ. 

Зах зээлийн загварчлал, үнийн бодлого, шинэ өрсөлдөөн, төслүүдийг тусгай зөвшөөрлөөр нь боогоод байгаа. Маш олон хөрөнгө оруулагч нар орж ирэх гэхээр Эрчим хүчний яам боогоод байна. Энэ бодитой. Б.Чойжилсүрэн сайдаас асуумаар байвч хуралдаа ирээгүй байна" гэв.

Түүний асуултад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Эх үүсвэр барихтай холбоотой Эрчим хүчний яам дээр гацаасан зүйл байхгүй. Бид ирсэн бүх хүсэлтийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эх үүсвэр барих тусгай зөвшөөрлийг хатуу түлш болон сэргээгдэх эрчим хүчинд өгч байгаа. 

Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжид экспортын зориулалттай болоод дотоодын хэрэгцээг хангах хатуу түлшээр ажилладаг эх үүсвэрийн тусгай зөвшөөрлийг өгсөн. Ганцхан зүйл байгааг хатуу хэлье. Өнөөдөр эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал бол тусгай зөвшөөрөлтэй холбоотой. 

Тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшил гэрээнийхээ үүргийг цаг хугацаандаа биелүүлэхгүй байгаагаас болж чадлын дутагдалд орж байна. Гэрээний үүргийг биелүүлэх шаардлага тавих гэхээр янз бүрийн шалтгаан хэлээд явдаг. 

Та тодорхой жишээ байвал хэлээрэй. Ямар аж ахуйн нэгж хүсэлт өгөөд шийдэхгүй хохироосныг хэлбэл бид тайлбар өгье. Сэргээгдэх эрчим хүчний тухайд 2019 онд хуульд өөрчлөлт орсон. Энэ салбарт хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгодог болсон. Бид бэлтгэл ажил хангаад явж байна. Удахгүй эхний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт дуудлага худалдаа зохион байгуулагдана" хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Клинтек ХХК өнгөрсөн намраас хойш албан бичиг ирүүлж байна. Монгол Германы хамтарсан 100 мВт-ын салхин станцын төсөл хэрэгжиж чадахгүй олон жил болсон. Тусгай зөвшөөрлийг нэг жилээр өгдөг. ТЭЗҮ-ээ тааруулаад Диспетчерийн үндэсний төвтэй үнэ тарифаа тохируулах гээд явж байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихдаг.

Диспетчерийн үндэсний төв нь Эрчим хүчний яамтай ярьж шийднэ гэсэн байдлаар хандаад байгаа. Гаднын хөрөнгө оруулагч нь төслөө хийх юм уу, үгүй юу гэж гайхаад говийн бүсээс сонгогдсон гишүүд рүү албан бичиг явуулсан. Гишүүд Эрчим хүчний яам руу хандахад ажлаа хийхгүй байна" хэмээн ярилаа. 

Түүний асуултад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Клинтек ХХК 2017 онд 202 мВт-ын хүчинтэй чадалтай салхин цахилгаан станц барихаар тусгай зөвшөөрөл авсан. Үүний 100 мВт-ыг экспортод гаргахаар гэрээ байгуулсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч ширхэг хадаас хадаагүй. Тэр компанийн хийдэг зүйл нь Төрийн ордноор явж ташаа мэдээлэл тараадаг. 

Гэрээний үүргээ тусгай зөвшөөрлийн хугацаанд биелүүлээгүй компаниудтай хариуцлага тооцож байгаа. Технологи, тоног төхөөрөмжийн үнэ буурсантай холбоотой хэрэглэгчдэд очих сэргээгдэх эрчим хүчний үнэ буурах ёстой.

Та газар дээр нь очиж үзэж болно. Бид олон жил ажлын хэсэг гаргаж ажилласан. Сайн яривал тантай уулзаж байгаа хүмүүс тухайн компанитай огт хамааралгүй байгаа шүү" гэв.