Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж монголчууд бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү бэсрэг наадам бол “Дээлтэй Монгол” наадам. Өчигдөр Чингисийн талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай "Монгол дээл" дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын  оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж буй.

Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон "Монгол дээл"-ээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой уг наадмыг нийслэлчүүд найм дахь жилдээ ийнхүү зохион байгууллаа. 

Анх  100 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн наадмаар “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч”, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүргийг шалгаруулсан юм.

Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав.

Ингээд уншигч та бүхэндээ гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Х.Даваа

Гэрэл зургийг: О.Дэлгэрхүү