Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төвд өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд гал гарсан байна.

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож,  02:21 цагт бүрэн унтраажээ.

Гал унтраах ажиллагаанд цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажилласан байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд ажиллаж эхэлжээ. 

Тус захад нийт 260 орчим лангууг иргэд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байжээ.

“Шинэ мөрөн” худалдааны төв нь орон нутгийн өмчит бөгөөд тус “захад цахилгааны засвар хийж байсан. Энэ нь гал гарах шалтгаан болсон байж болзошгүй” гэж түрээслэгчид ярьж байна.