УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалан ХОМ мэдүүлэхгүйгээр бүх томилгоо, тендерт оролцохын тулд найман жил намын генсекээр ажилласан. Маргааш хулгайч ялах уу, хууль ялах уу гэдгийг шийднэ

УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд улс төрийн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Маргааш МАН-ын Бага хуралтай холбоотойгоор хэд хэдэн зүйл хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд юу болсныг.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр намын даргад өрсөлдөж байна. Би үнэнийг ярих ёстой.

Д.Амарбаясгалан гэж хүн ЕНБД найман жил хийсэн. Энэ бол ХОМ мэдүүлдэггүй мөртлөө төр засгийн шийдвэрт шууд оролцдог албан тушаал. Бүх тендерт, томилгоонд оролцдог. Үүнийг тухайн үеийн сайд нар нь нотолж ярих ёстой. ХОМ мэдүүлэхгүй гэдэг нь хууль хяналтаас хол, бүгдэд гар хуруугаа шургуулдаг, тийм ч учраас найман жил болсон. Одоо шунал нь хэтрээд намын дарга болно гээд явж байна.

14 мега төсөл биш 14 мега хулгай хийж байна. 2.2 сая хүн хувьцааг нь эзэмшиж байгаа ЭТТ ХК-ийн нэг хэсгийг “Админерал” гэж компани газартай нь өөртөө аваад явж болох уу. Тендерт ялаад нүүрсий нь хилээр гаргачихсан байж болох уу. Явж явж УИХ-ын шийдвэргүйгээр үүнийг хийсэн. Би тухайн үед хэлж байсан.

Жаал өрсөлдөгч нараа нүүрсний хулгайч гэж зарлуулсан. Тэр 17 гишүүнээс ганц Н.Наранбаатар л сонгуульд өрсөлдсөн. Бүх өрсөлдөгчөө жагсаалаас гаргасан. Бүгдэд нь нэр хоч зүүсэн. Өөрөө энэ бүгдийнхээ горыг амсаж байна. Намайг өөрийнхөө зөвлөхөөр бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүгдэд холбосон.

Тухайн үед би АТГ-ын үүдэнд хэлж байсан. Энэ нэрсийг хуулийн байгууллага гаргаагүй, намаас өгсөн гэдгийг. Энэ үгийг нүүрсний хулгайч гэж зарлуулсан бүх хүн хэлж чадна.

Тийм учраас маргааш МАН-ын Бага хурал хулгайчдаасаа салах ёстой. Хууль ялах уу, хулгайч ялах уу гэдгийг сонгоно. Хэрэв маргааш Д.Амарбаясгалан гэж хүн ялах юм бол МАН нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн, энэ үнэн. Намын мянга мянган гишүүдийг өнгөрсөн хугацаанд хөөсөн. Өнөөдөр энэ гишүүд даргадаа гомдсон ч намдаа гомдоогүй яваа.

Өнөөдөр Д.Амарбаясгалан гэмт хэргээс зугтаж, амь даатгал авч нэр дэвшиж байна. Ерөнхий сай д болж байж хамгаалагдах гэсэндээ тэр. МАН ялагдах үед хаяад зугтсан шүү дээ. Тэр үед Г.Занданшатар нүдээ бүлтийлгээд хоцорч л байсан.

Маргааш гуравны хоёр саналаар энэ асуудлыг бүр эцэслэн дуусгах ёстой.

Говь-Алтай аймагт нэр дэвшүүлэхгүй гэж, тойрог булаахын тулд л намайг хөөсөн. Баттөмөр, Сэргэлэнг хар. Бас л тойргий нь булаасан.

Та нарт нэг юмыг хэлье. Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд гэж байхгүй.

АТГ цаг хугацааны хувьд шалгалт нь давхацсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш нэг хүн удирдаад ингэ, тэг гэдэг гэж бодохгүй байна. Өнөөдөр Н.Алтанхуяг цагаадаад гараад ирж байна. Тэгвэл яг түүн шиг ажлаа өгөөд очиж шалгуул л даа.

Д.Амарбаясгалан бол төрөөс өгсөн хонь, ямааг төрд нь буцааж барьцаалаад ЖДҮХС-гаас 950 саяын зээл авсан. Одоо ял авах биш дарга болчихсон байгаа биз дээ.

Б.Ганхуяг ял авахдаа цөөн үг хэлсэн. Тэр үгэндээ хэний талаар яриад байгааг та нар сайн давтаж сонсоорой.

Би өнөөдөр намдаа хайртай учир гарч ирсэн. Маргаашийн сонголтыг буруу хийвэл МАН 2027, 2028 онд байхгүй” гэлээ.