УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг луйвардсан байж болзошгүй мэдээлэл цацагдаад хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна. Хачирхалтай нь Д.Амарбаясгалан үүнийг аман дээрээ үгүйсгэх боловч энэ тухай ярьсан, бичсэн хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр оролдож байгаагүй юм.

Тэгвэл өчигдөр Монголын номер нэг мэдээлэлтэй хүн гэж хэлж болох, Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдээлэл хийн, "Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр болохоор баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь хэзээ барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй.

 

10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөөх 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм.

 

Ийм үрэлгэн задгай байдал байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конверын шугам барьж байгаа. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ Бортээгийн ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан.

эх сурвалж: СОНИН.МН

Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан." гэлээ.

 

Өөрөөр хэлбэл үйл явдлын өрнөлд логик дүгнэлт хийвэл, Монгол Улсын Ерөнхий Сайдын хэлсэн үнэн бол Д.Амарбаясгалан луйвардсан гэх Бортээгийн ордыг ард түмэнд буцааж өгөхгүйн тулд МАН-ын даргад дэвшсэн болж таарч байна.