Долларт дарлуулсан Монгол
Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж цоллодог. Тэгвэл ам.долларын ханшинд дарлуулсан Монгол гэж нэрлэхийг үгүйсгэхгүй боллоо. Өнөөдөр ам.доллар 1841 төгрөгт хүрч, үүнээс улбаалан иргэдийн нуруун дээр ирэх ачаа улам нэмэгдэж буй нь бодит зүйл. Жилийн өмнө ам.доллар гэнэт 1700 төгрөгт хүрэхэд доор дээргүй сандралдаж, ханшийг бууруулахаар холбогдох байгууллагууд нь чармайсан гэдэг. Гэвч ханшийг бууруулах нь битгий хэл улам өсөж байгаа нь “ноён” ам.долларыг хазаарлаж чадахгүй болсон нь нэгэнт илт гэмээр. Удахгүй 1900 төгрөгт хүрэхэд хэн ч гайхгүй боллоо. Яг нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 1500 төгрөгөөр өссөн. Харин валютын ханшийн огцом өсөлтөд иргэд дарлуулж, худалдан авах чадвар нь өдөр ирэх тусам муудан сүүлдээ тархагтаа тулах нь. Өөрөөр хэлбэл, монголчуудын байдал нэг л иймэрхүү л байна. Тэгэхээр ам.долларын ханш 1841 төгрөгт хүрсэнээр иргэдийн амьдрал улам л доройтох нь нэгэнт ойлгомжтой. 

Өнөөдөр иргэдийн өрийн сүлжээ аалзны тор мэт хөвөрсөнийг хэн бүхэн хэлж байгаа. Тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум, ажиллагсдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу өрийн сүлжээ ийм хэмжээнд хүрчихсэн. Гэвч хямрал зогсохгүй улам ужгирч буйтай холбоотойгоор өр, зээлэнд баригдах тохиолдол нэмэгдэх нь. Нөгөөтэйгүүр дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөг тодорч, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн хугацаанд гэрлийн хурдаар өсч байна. Үүний зэрэгцээ валютын ханшнаас болж иргэдийн хэдэн бор төгрөг худалдан авалтдаа хүрэхгүй, зарим хэсэг нь өлсгөлөн шахуу байх боллоо. Нэг ёсондоо ийм л байдал Монголын нийгэмд нүүрлэчихээд байгааг захын нэг иргэн хэлнэ. Харин нэг, нэгэнтэйгээ талцаж суухаас илүүтэй иргэдийнхээ амьдрал руу чиглэсэн, валютын ханшийн савалгааг зогсоох бодлогоо дорвитой хэрэгжүүлэхгүй бол монголчууд ам.долларын ханшиндаа дарлуулж, эцэстээ өлсгөлөн Монгол болж хувирахад ойрхон байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, валютын ханшийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй болж байна. Ингээд УИХ-ын зарим гишүүний валютын ханшийн талаарх байр суурийг эргэн сануулъя. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Нууж болохгүй ганц зүйл байдаг. Тэр нь эдийн засгийн даралт гэдгээр эрүүл мэнд. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг халуурч, хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй. Хөл нь доголж, өнхөрч, элгэрээ хэвтлээ. Ам.долларын ханш 1800 төгрөгт тун удахгүй хүрэх гээд байна. Би шинэчлэлийн, манай АН, миний намын Засгийн газрын бодитой зүйлийг хэлмээр байна. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна. Энэ бол харамсалтай. Гол, гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эзийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байна. Би үүнд л харамсч байна. Хайран сайхан алтан боломжоо алдаж байгаа юм. Бид өргөн, нарийн гэж маргалдаж байхад Оросууд төмөр замаа бариад аль хэдийнэ Монголыг ардаа орхисон. Оросын захиалгын дагуу улстөрчид нь үзэлцээд байх хооронд хойд хөршийн ах нар нүүрс нийлүүлэлтээр бидний урд орчихлоо. Бид ийм л хөгийн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Эдийн засгийн хүндрэл валютын ханштай холбоотой. Мөнгөний бодлогын гурван заалтын нэг нь валютын ханшийг тогтовортой байлгах. Энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр экспортын орлогыг харах юм бол өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн. Өнгөрсөн онд 1,6 тэрбум ам.долларын экспорт хийж байсан бол энэ жил 1,9 болж 300 саяар өссөн байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц нэмэгдээд байгаа ч ам.долларын ханш унасаар байгаа. Үүнээс юу ажиглагдаж байна гэвэл өмнөх оныхоо түвшинд валютын ханшийг барьж чадаагүй байна гэдэг нь энэ чиглэлд сайн арга хэмжээ аваагүй гэсэн үг. Үүнийгээ дагаад импортын бараа бүрийн нэг ам.долларын өртөг нь 400 төгрөгөөр өссөн. Энэ нь ядруулыг бий болгож байгаа. Тиймээс энэ хариуцлагыг мөнгөний бодлогын үүргийг хүлээсэн, шаварт унасан шарын эзэн хүлээх ёстой. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -2014 оны төсөвт нэг ам.долларыг 1483 төгрөгөөр тооцсон. Өнөөдөр амьдрал дээр ам.долларын ханш маш их зөрүүтэй байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл, дэлхийн гол орнуудад үүсээд байгаа байдал, судалгааны дүнг харахад эрдэс баялгийн үнэ өсөхгүй харагдаж байгаа. Харин “Валютын ханшийг бодиттойгоор тооц” гэсэн ч харамсалтай нь эрх баригчдын саналаар явсан. Уг нь Төсвийн тухай хуулиар төсвийг зохиож, батлахдаа тухайн үеийн бодит нөхцөл байдал, хэтийн төлвийг харгалзаж үзэж байж гаргадаг. Гэтэл үндсэн гол зарчим алдагдаж, төсвийг хиймлээр тооцсоор байна. Өөрөөр хэлбэл, орлогоо албаар доогуур тооцож байгаа юм. Үүний зэрэгцээ ам.долларын ханшийг буруу тооцсоноор ирэх эрсдэл өндөр байна. Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийн бодлого буруу яваад байгаа. “Ийм нөхцөл байдлаар явах юм бол валютын ханш унана, эдийн засгийн өсөлт саарна. Мөн төсөвт төлөх татварын орлого эрс буурна” гэдгийг удаа дараа сануулж, хэлж байсан. Өөрөөр хэлбэл, 2008 оны дэлхий нийтийн эдийн засаг, санхүүгийн хямралаас Монгол Улс бодлогын арга хэмжээ авах замаар явсан. Тухайлбал, мөнгөний бодлогыг хатууруулсан. Бодлогын хүүг дөрвөн функтээр нэмсэн. Төсвийн орлогыг 20 орчим хувиар танаж, үргүй зардлыг хасч байж энэ хямралаас гарсан. Дараа нь эдийн засгийн өсөлт 11, 17 хувьтай гарсан. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд мөнгөний бодлогоо өөрчлөх ёстой. Төсвийн хуурамч биш жинхэнэ тодотголыг хийж, алдаануудаас засч чадсан бол 2014 онд эдийн засгийн хямралаас гарах байсан. Ер нь эдийн засгийн хямрал зогсохгүй, цааш улам үргэлжилнэ. 


С.МӨНХБАЯСГАЛАН