Нар хур тэгширсэн нарлаг сайхан зун болж, хэд хоног Монгол даяараа сайхан наадав.

 

    Наадмын амралт урт байсныг хэлэх үү, хүн бүр л найз нөхөд, хамаатан садан, байгууллагаараа хөдөө агаар салхинд гаран хорхог боодог хийж, алжаал ядаргаагаа тайлсан бололтой юм. Аялал зугаалгаар явагсад ихэвчлэн л гол устай ойрхон газрыг барааддаг нь ёс. Уг нь наадмын өмнөөс л зарим газраар хур бороотой тул үер усны аюулаас болгоомжлохыг Онцгой байдлынхан анхааруулсаар байсан. Гэвч иргэд нэг их ач холбогдол өгч тоосонгүй юу, их халуун байснаас тэссэнгүй юу гол руу тэмүүлэх нь нэмэгдэж, энэ хэрээр осолдож амиа алдсаар. Онцгой байдлынхны мэдээлж буйгаар өнгөрсөн онд 100 гаруй хүн усанд осолдсон бол 2014 он гарснаас хойш гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирснээс голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцсыг эрэн хайж гаргасан байна.

 

    Харин өнгөрөгч баяр наадмын өдрүүд буюу бүх нийтээр амарсан баярын тавхан хоногт улсын хэмжээнд 18 хүн голд живж амиа алджээ. Тэдний хэлснээр усанд осолдсон хүмүүсийн 90 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орсон байдаг. Дээрх 18 тохиолдлын дийлэнх нь мөн л согтууруулах ундаатай холбоотой аж. Наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө голд 20 гаруйхан насны тавын таван залуу осолдсон. Залуус найз охидоо дагуулан голын хөвөөнд ирж амарч зугаалахдаа наргиж чамгүй дөрөө чангалсан үедээ голд шумбаж байгаад ийн осолдсон бололтой юм. Уг осол болсон өдрөөс хоёр хоногийн дараа л гэхэд хоёрынх нь цогцсыг олоод байгаа гэсэн. Энд төчнөөн хүн тэгж амиа алдсан гэж бичихдээ гол бус цөөхөн хэдэн монголчууд бид өөрсдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж алтан амиа алдаж буй нь хамгийн харамсалтай. Магадгүй анхаарал, болгоомжтой байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, согтууруулах ундааг зохистой хэрэглэсэн бол дээрх золгүй байдлаар амиа алдагсдын, 90 хувь нь өнөөдөр мэнд сэрүүн байх байсан. Эндээс харахад хорвоод заяасан алтан амиа лонх архи, шил шар айргаар зольчихож байгаатай ялгаагүй.

 

    Хэдийгээр Онцгой байдлын газраас анхааруулга сэрэмжлүүлгийг иргэдэд байнга өгөхийн сацуу гол мөрний хавиар харьяа газрынх нь аврах ангийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан ч хүмүүс өөрсдийн хэнэггүйгээс амиа алдсаар л байна. Нэг жишээ татья. Голын ойролцоо бэлэн байдалд ажиллаж буй аврах ангийнхныг харсан залуус “Живлээ гэхэд асуудалгүй юм байна, санаа амарчихлаа, халбага шар айраг уучихая” гэхчилэн өөр хоорондоо хошигнож байхтай таарсан. Мэдээж тоглож ярьж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэдний дотор тийм бодол байсан гэчихэд хилсдэхгүй л байх.

 

    Дээр нь голын сав болон голын эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгдомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр гарч, бүр гол мөрний эрэг бүрт энэ тухай бичсэн самбар байрлуулсан байна билээ.

 

    Тухайлбал, Орхон голын эрэг дагуу “Гол үертэй тул та анхаараарай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохыг хориглоно. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орвол шөрмөс татаж, зүрхний ачаалал нэмэгдсэнээс живж амиа алдах эрсдэлтэй” гээд биччихсэн байна билээ. Ингэтлээ анхааруулсаар байтал амралт зугаалгаар явагсад хууль юм шиг согтууруулах ундаа хэрэглэчихээд ус руу гүйж алтан амиа алдаж байх юм. Нөгөө хэсэг нь хориглож анхааруулсан газраар зам дөтлөх гэж машин унаатайгаа орж живэхээ шахна. Ийм 14 тохиолдол гарч аврах ангийнхны ачаар амь эрсдээгүй аж. Халуун дулааны улирал өнөөдрөөр дуусахгүй, хэсэгтээ үргэлжилнэ. Тиймээс хэнэггүй аашилж, алтан амиа ганц хоёрхон шил юмнаас өгөөд байхаар олуулаа биш шүү дээ, бид.