Нэгэн залуу орчуулагч хөвгүүн гадаадын хуульч зочинд үйлчлэхээр тохогджээ. Тэгээд зочны сонирхсон зүйлүүдийг англиар орчуулж үйлчилж байтал,"Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг" Монголын нэг гол хуулийн нэрийг орчуулахаар болжээ. Яг үгчлэн орчуулж өгөхийг зочин шаардав.

-"Эрүү" - jaw, chin гэж эхний үгийг орчуулав.

-"байцаан" - гэдгийг inspect гэж орчуулав.


Гурав дахь нь "шийтгэх" гэдэг үгийг to punish гэж орчуулав. Тэгээд "jaw inspect to punish law" гэсэн үгийн цуглуулгатай болов, Гурван үг нь ерөнхийдеө ойлгомтой ч эхний "jaw" (жоо) гэдэг (доод эрүү) үг ердөө ч ойлгогдохгүй байв.

Зочин "юуг байцаан шийтгэх хууль юм бэ?" гэж залуугаас ахин асуусан чинь тэрээр "гэмт хэрэгтэнг" гэж тайлбарласан боловч, тэгвэл яагаад "жоо" гэж хэлээд байгаа юм бэ? Энэ чинь "доод эрүү" гэсэн үг болохоос гэмтэн хэрэгтэн гэсэн утга байхгүй. Харин хоёр дахь утгаараа бол "залхуутай, удаан ярих" гэсэн үг. Тэгэхээр танайд "удаан залхуутай ярьдаг" хүнийг шийтгэдэг хууль байдаг юм уу гэж зочин гайхав,

Орчуулагч залуу: "үгүй ээ, тийм хууль байхгүй, гэмт хэрэгтэнг л байцаан шийтгэх хууль байгаа" гэсэн чинь, тэгвэл тэгээд л хэлчихгүй яагаад заавал эрүү гээд байгаа юм бэ гэж зочин маш гайхав.

Залуу орчуулагч аргаа бараад, эрт дээр цагт гэмтэн хүнийг эрүүнээс нь барьж байгаад 2 хацар дээр нь шаахайн ул шиг хэлбэртэй ширээр олон удаа цохиж шийтгэдэг Манжийн хууль байсан юм гэдгийг удтал тайлбарласан чинь зочин: Одоо тэрийг хэрэглэсээр байгаа юм уу? Ардчилсан гэсэн чинь ямар харгис хуультай улс вэ гэж зочин гайхав. Залуу толгой сэгсэрч,

-    Үгүй л дээ хувьсгалаас хойш больсон гэвэл,
-    Тэгвэл тийм харгис хоцрогдсон нэр томъёог халахгүй яасан юм бэ? Маш бүдүүлэг харгис нэртэй хуультай хэвээрээ байж болохгүй шүү дээ. Улсын нэрд муу гэж зочин зөвлөв. Тэр зөвлөгөөг манай залуу хуульчид анхааралдаа авч, 200 гаруй жил эцэг өвгөдийг маань тарчлаасан манжийн харгис хуулийн нэр томъёог халаасай гэх үүднээс тэрхүү хууль ямархуу юм байсныг энд нийтлэв.

Манж чин улсын эрүүгийн хууль цааз

Шүүн тодорхойлох есөн эрүүгийн хууль

1.    Туйбан хэмээх богино банз 1-50 тоонд хүртэл цохино.

2.    Чавчарага хэмээх урт банз 60-100 тоонд хүртэл цохино.

3.    Шаахай хоёр хацарт 1-40 тоонд хүртэл цохино.

4.    Хүлэх нарийн олсон дээсийг усанд хийж нойтон болгож гарыг нийлүүлэн хүлж хоёр цаг (мөч) хүртэл ,

5.    Сараалж ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр өвдгөөр сөгтгөж тахимд бөөрөнхий мод хийж хоёр үзүүрт нь хүн гишгэнэ. Гурван удаа гишгэнэ.

6.    Дүүжин, Хоёр гарын эрхий хурууг нарийн дээсээр уяж дам нуруунаас дүүжилнэ. Нэг ямх найман пүн сунгана.

7.Хөшүүр,  (Хонгор азарга) Үүнийг монгол газарт хэрэглэх нь хятадын хуулийн ёсноос өөр бөгөөд зузаан урт том модонд гар хөлийн хэмжээний дөрвөн нүх ухаж, хоёр гар хөл оруулж хавчин тавиваас маш зовлонтой тул даруй эрүү болно. Ийнхүү эрүү тулгаваас хэдэн өдрөөс хэтрэхгүй үхнэ, Тиймийн тул нэг удаа нэг шөнө нэгэн өдрөөс хэтрэхгүй.

8.Төөнүүр. Нуруу ба гуяны зузаан махны дээр улаан толгойт том хүж шатааж хоёр пүн уртыг ноцож дуустал түлнэ. Нэг удаад хоёр хэсэг газар, хоёр удаад хоёр хэсэг газар, гурван удаад гурван хэсэг газар, бүгд гурван удаа 7 хэсэг газар төөнөнө,

9. Чавчуур, савслага, хавчуур бол эр хүний хөлийг хавчина. Савслага бол эм хүний гарыг хавчина. Нэг удаа нэг цаг (мөч)-ын хэмжээнээс хэтэрч болохгүй. Бүгд хоёр удаад хүртэл болно. Энэ бол маш аюултай эрүү юм. Нэг удаад хүний арьс маханд гэм болно. Хоёр удаад яс чөмгөнд хор болж үүрд тахир дутуу болно.

Хүн есөн эрүүг хүлээж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болно. Тийн боловч тэсэхэд бэрх бөгөөд эрхгүй тахир дутуу болно. Манжийн энэ есөн эрүүний харгис хатуу хууль нь Манжийн гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичгийн 25 дугаар дэвтэрт буй.

Жич. "Эрүүгийн хууль" гэдэг нэр томъёоны талаар "Хуулийн үг бүр нь хууль"нийтлэлдээ бас бичсэн ("Дал" 352 дугаарт) билээ. Л.Т

Ж.Өлзий "Манж угсаатны товч түүх" Улаанбаатар 1995 он

Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв